Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: БНХАУ-ын талд яриа, хэлэлцээрүүдээ ойрын хугацаанд эхлүүлье гэдэг санал тавьсан

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн сард манай улсад номын айлчлал хийсэн Далай ламын айлчлалаас үүдэн БНХАУ манай улстай хийх байсан хэд, хэдэн уулзалт, яриа хэлэлцээрээ цуцлаад байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа талаар Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа. 

-БНХАУ-тай хийх уулзалт, яриа хэлэлцээр хойшлогдсон. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?  

-Тодорхойгүй хугацаагаар яриа хэлэлцээрүүд болон айлчлалууд хойшилсон. Бид гадаад харилцааныхаа шугамаар БНХАУ-ын талд Засгийн газрын байр суурийг маш тодорхой хэлж байгаа

Энэ байдал хоёр орны харилцаанд нөлөөлөх ёсгүй юм. Монгол Улс зарчмын байр сууриа баримталсан хэвээр байгаа. Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэр, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд гүн хүндэтгэлтэй ханддаг хэвээрээ байгаа гэдгээ баталж хэлсэн. 

Мөн яриа, хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд эхлүүлье гэдэг саналаа тавьсан. Хэдийгээр яриа хэлэлцээр хойшилсон ч дотооддоо цэгцлэх, УИХ, Засгийн газрын түвшинд ярилцаж тохирох, Байнгын хороотой зөвшилцөх олон асуудал байна. Үүнийгээ хийж байя. Мөн зөвхөн БНХАУ гэлтгүйгээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Япон, АНУ, Солонгос зэрэг бусад түншүүдтэйгээ яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа. 

Тухайлбал, энэ сарын 16-нд УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилна. Тэнд хэлэлцээр үргэлжилнэ. Маргааш бид Донорын зөвлөлдөх уулзалтыг хийх гэж байна. Энэ уулзалтаар дээрх ярьсан асуудлуудаа ярина. Мөн Донорын уулзалт дуусмагц Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японд айлчилна. Үүний хажуугаар миний бие Германд очиж Европын түншүүдтэйгээ уулзана. 

-БНХАУ-ын талаас ямар нэгэн хариу өгсөн үү? 

-БНХАУ-тай хийх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудал зөвхөн манай талаас шалтгаалахгүй. Хоёр тал хоорондоо ярьж байж шийдэх асуудал. Тодорхой мэдээлэл ирвэл би хэлнэ. 

-Урд хөршийн зүгээс нүүрс, зэсний татварын үнийг нэмсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?  

-Татвар биш хураамж нэмсэн. Шинэ төрлийн хураамж нь “Ганц мод” боомтын тоног, төхөөрөмжийг шинэчлэхэд зориулагдана гэсэн.

Үүгээр бол Монгол Улсаас БНХАУ-руу “Ганц мод” боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд нэг тонн тутмаас найман юань, нэг машинаас 10 юань, зэсийн баяжмалаас нийт үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хураамж авахаар шийдвэрлэсэн.

Өнөөдрөөс энэ хураамжийг авч эхэлж байгаа. Бид БНХАУ-ын талд хураамж нь хэр удаан үргэлжлэх юм, ямар учир шалтгаантай, үүний үр дагавар юу болох вэ, аль болох богино хугацаанд хураамжаа аваад тоног төхөөрөмжөө шинэчлээд эргээд татвараа буулгаач ээ гэдэг саналыг тавьж байгаа.