Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дараалсан сонгуулиуд дампууралд хүргэх үү?

А.Алиман
2016 оны 11 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

-Хоёр жил дараалах дотоодын сонгуулийн дажин аль л хурц, эмзэг сэдвүүдийг барьж авч хөөрөгдөхийн хэрээр Монгол Улсын гадаад дахь үнэлгээ улаан гэрэл улалзуулсаар уруудаж байна- 

УИХ-ын чуулганаар ирэх өдрүүдэд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтад хийсэн шалгалтын дүнг бараг нэгэн зэрэг хэлэлцэх гэж байна. Үнэндээ төрийн эрх нэг намаас нөгөө намд шилжсэнээс үүдээд дээрх “хэрүүлийн алим”-ууд улам бүр боловсрон бөнжийж, модноосоо өнхрөн унасан хэрэг юм.

Мэдээж, эдгээрийн үрийг экс эрх баригчид хөрсөнд суулгасан нь үнэн боловч өдгөө тэдгээр “хэрүүлийн алим”-ыг эргүүлээд тэдэн рүү онилон шидэлж байгаа хүмүүс нь өнөөгийн эрх баригчид юм. 

Хөгжлийн банкны бондын зарцуулалт, Эрдэнэтийн 49 хувийн наймаа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө Ардчилсан намын эсрэг ашиглах хамгийн том сэдэв байсан. Ирж буй шинэ он мөн л сонгуулийн жил учраас дээрх сэдвүүдийг дахин сэдрээж, Ардчилсан намын нэр хүндийн эсрэг ашиглах сонирхол мөн л үргэлжилнэ гэсэн таамгийг ажиглагчид хэлж байна.

УИХ-ын чуулганаар ажлын хэсгүүдийн шалгалтын дүнг ойрын үед хэлэлцэх гэж байгаа нь угтаа ирэх жилийн сонгуулийн эхлэл гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй нь бололтой. 

Ийнхүү хоёр жил дараалах дотоодын сонгуулийн дажин аль л хурц, эмзэг сэдвүүдийг барьж авч хөөрөгдөхийн хэрээр Монгол Улсын гадаад дахь үнэлгээ улаан гэрэл улалзуулсаар уруудаж байгааг улстөрчдөд хэн сануулах ёстой вэ?!

Хөгжлийн банкны бондын зарцуулалт гэх сэдэв үнэн хэрэгтээ МАН, АН-ын хөрөнгөтнүүдийн аль нь илүү их идсэн тухай асуудал огт биш юм. Энэ бол Монгол Улсын гадаад зах зээл дээрээс босгосон зээлийн тухай асуудал. Тийм ч учраас УИХ-ын түвшиндээ тэрхүү зээлийн мөнгөө хэн нь илүү их идэж шамшигдуулснаа хэлэлцэн ярилцахын хэрээр өдрөөс өдөрт хүү нь өсч, өрийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэл юм.

Дотооддоо бол хоёр намын нэг нэгнээ харлуулах, хордуулах чухал “хөзөр” байж болох ч гадаад зах зээлд биднийг хамтад нь харлуулах эрсдэлтэй.

Нэг үгээр бол гадаад зах зээл дээрээс авсан зээлээ эргүүлэн төлөх чадваргүй боллоо гэдгээ ил цагаан зарлах гэж байна гэсэн үг юм. Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулан зарласан үнэлгээний агентлагуудын мэдэгдлээс дутахгүй хүчтэй мессэж. 

Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулж –B зэрэглэлд оруулсан. Харин “Moody's” агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын B3 зээлжих зэрэглэл CAA1 болон буурсны зэрэгцээ арилжааны долоон банкны зээлжих зэрэглэл буурсан.

Энэ нь Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө шууд болон шууд бусаар хүлээсэн өр төлбөрүүдээ богино хугацаанд барагдуулах, мөн төлбөрийн тэнцлийн дарамтад орохоос сэргийлэх чадвар сул байгааг харуулжээ. 

Ирэх оны гуравдугаар сард Засгийн газар бондын зээлийн эргэн төлөлтөд 580 сая ам.долларыг төлөх учиртай. Бараг хоёр их наяд төгрөг гэсэн үг. Дахиад зээл авна гэсэн найдвар бүдгэрч, бүтлээ ч хугацаа орохоор байгаа ийм үед Засгийн газрын хувьд хамгийн ойрын боломжит гарц нь юу вэ? 

Зээлэнд биш өөрсдийн орлогодоо найдна гэвэл гадаад зэх зээлд гаргаж зардгаас үнэ ханш нь гайгүй байгаа бүтээгдэхүүн нь өнөөхөндөө зэс. Зэсийн баяжмал экспортлогч Оюутолгой, Эрдэнэт гэх хоёр том компанитай яриа хэлэлцээ өрнүүлж болох ч өнөөдрийн байдлаар лав нэгэнтэй нь улстөрчид маань хэрүүл хийж байна. Нөгөөтэй нь хэдэн оноор дамнуулан хэрэлдэж хэдрэлсээр түрдээ завсарлачихаад байгаа ч ирэх оны сонгуулийн өмнө дахин сөхөхгүй гэх баталгаа бас л үгүй.

Эх оронч улстөрчдийн сөхөх дуртай сэдвийн нэг нь Оюутолгойн гэрээ байсаар ирсэн бол бас дахиад нэг сэдэв нэмэгдчихээд байгаа нь Эрдэнэтийн 49 хувийн асуудал болж байна.

Гадаад зах зээл дээрээс хөрөнгийн эх үүсвэр босгох боломж маань хумигдчихаад байхад бид өнгөрсөнд шийдэгдсэн асуудлуудаа дахин дахин сөхөж шинэ ч үгүй, хуучин ч үгүй болохдоо тулаад байна л гэсэн үг. Эдийн засгийн хямралтай давхцан хоёр жил дараалах дотоодын сонгуулийн дажин биднийг гадаад зах зээл дээр гарцгүй болгох гэж байгаа юм биш үү?!

Зураг