Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан арьстны экстремистүүд Трампын ялалтыг тэмдэглэжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт цагаан арьстны хэт үзэлтэй бүлэг Вашингтон хотноо Дональд Трампын ялалтыг тэмдэглэсэн байна.

200 орчим хүн оролцсон National Policy Institute гэгч байгууллагын жил тутмын хурлаар Трампын ялалтыг тэмдэглэн цагаан арьстнуудын давамгайлах үзлийг сурталчилжээ.

Уг хөдөлгөөний тэргүүн, нэртэй арьс өнгөний үзэлтэн Ричард Спенсер “Бидний өмнөх үеийнхнийг хүртэл Америк бол цагаан улс, бидэнд болон бидний үр хойчид зориулагдсан улс байлаа” гээд “Энэ бол бидний бүтээл. Бидний өв, бидэнд зориулагдсан улс” гэж хэлсэн байна.

Спенсерийн тухай баримтат кино бүтээж байгаа The Atlantic сувгийн нийтэлсэн видео бичлэгт Спенсерийн хэлсэн үгийг харуулжээ. Тэрээр “Америкийг нэг үндэс угсаатнаас бүрдсэн буюу дан Европчуудаас бүрдсэн шинэ нийгэм болгохын төлөө тэмцэнэ” гээд ингэхийн тулд “тайван замаар үндэстний цэвэрлэгээ” хийнэ гэж өгүүлсэн байна.

Үг хэлэхийнхээ өмнө Спенсер цугларсан хүмүүст хандан “Хайл Трамп. Хайл манай ард түмэн. Хайл ялалт!” гэж хэлсний дараа хүмүүс нижигнэтэл алга ташиж, зарим нь нацист ёсолгоо хийж байгаа нь харагдана.

Үүний дараа тэрээр “цагаан арьстан байх  нь тэмцэгч, загалмайтны дайчин, газар зүйн нээгч, байлдан дагуулагч байна гэсэн үг” хэмээн цагаан арьстнуудыг алдаршуулжээ.

Ажиглагчид тэдний энэ үйлдэлд болгоомжилж байгаагаа илэрхийлэн “Холокост шууд аллагаар эхлээгүй, хэл яриагаар эхэлснийг мартаж болохгүй” гэсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй гэсэн яриа байдаг ба түүнийг сонгуульд ялахад алдарт KKK бүлгийн удирдагч асан баярлаж байгаагаа илэрхийлж байсан юм.

 

Эх сурвалж: USAtoday