Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Жолоодох чадвар: Халтиргаатай замд юуг анхаарах вэ?

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 11 сарын 15
Cardoctor
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Та өвлийн цастай, мөстэй замд жолоодоход бэлэн үү? Эрт харанхуй болох, хар мөс гэх мэт жолоочийн толгойг их өвтгөдөг улирал бол ӨВӨЛ. Тэгвэл халтираатай замд юуг анхаарах, яавал бензин бага зарцуулах, холын замд анхаарах зүйлс зэрэг зөвлөгөөг бэлтгэн танд хүргэж байна. 

Хөдлөхөөсөө өмнө

Төлөвлөсөн цагаа тулгалгүй цаг хугацааны хувьд нөөцтэй, сэтгэл зүйн хувьд тайван хөдөлгөөнд оролцох нь юу юунаас илүү чухал.

Та бодож байгаа цагаасаа 10 минутын өмнө гарч байгаарай. Өвөл хүн бүр болгоомжтой удаан хөдөлгөөнд ордог учир бусад улиралтай харьцуулахад замд өнгөрөөх хугацаа урт байх болно.

Цастай үед хөдөлгөөн эхлэхдээ автомашин дээр тогтсон, нэн ялангуяа урд салхины шил, толь, хойд шилэн дээрх цасыг буулгах хэрэгтэй. Эс бөгөөс харагдах орчин муудаж өөртөө болоод бусдад хүндрэл учруулах талтай байдаг. Шилэн дээрх мөс болон цасыг арилгах нь амаргүй байдаг тэгвэл танд урт иштэй сойз болон хөлддөггүй шингэн байхад амархан арилгаж болно. Автомашины дээвэр дээрх цас хурдтай явах үед хойш хийссэнээр бусдад саад болдгийг анхаараарай.

Цастай замд

Өвөл хамгийн зөв автомашин барих арга бол ердөө л зөөлөн явах мөн автомашинаа мэдэрч барих. Цас бүрхсэн, мөстсөн зам дээр огцом хурдлахгүй, эргэхгүй, тоормослохгүй байх хэрэгтэй. Гулгаатай замд хөдөлгөөн эхлүүлэхдээ механик автомашин бол 2 дугаар араагаар, автомат автомашинтай бол дугуйгаа хий эргүүлэхгүйн тулд аажуухан хурд авах зөвлөгөөг дагаарай.

Хэрвээ таны автомашин автомат хурдны хайрцагтай бөгөөд 2nd гэсэн сонголт байвал уг горимыг сонгож хурдны хайрцгийг 2-р араанд түгжсэнээр хөдөлгөөнийг зөөлхөн эхлүүлэх боломжтой болдог. 2nd горим нь автомашин үйлдвэрлэгчээс шалтгаалж өөр өөр нэршилтэй байдаг ба зураг дээрх шиг 2nd эсвэл Snow гэсэн тэмдэгээр тэмдэглэсэн байх нь олонтаа.

Эргэлт дээр

Эргэхээсээ өмнө хурдаа аль болох бууруулсан байх хэрэгтэй. Тоормос гишгэнгээ эргэлт хийхэд дугуй түгжигдэж жолоодоход хүндрэлтэй болдог. Мөн эргэх үед автомашины урд дугуй гулгаж эрчээрээ урагшаа явдаг. Ийм зүйл тохиолдоход жолооч автомашин удирдлагагүй болчихлоо хэмээн сандарч улам жолооны хүрдийг нэг тийш дардаг. Энэ бол буруу үйлдэл. Тиймээс та хүрдээ эргүүлэхгүй барих, эсвэл бага зэрэг хүрдийг суллаж өгөх хэрэгтэй. Ингэснээр дугуй явах чиглэлдээ зөв орж замтай барьцалдах чадвартай болдог.

Ялангуяа уулзварт хүчтэй эргэх, гарцаар гарч буй хүнийг гэнэт харж огцом тоормос дарснаар дээрх үйл явдал тохиолддог. Тиймээс өвөл баримтлах хамгийн гол дүрэм бол анхааралтай, удаан явах гэдгийг байнга санаж байгаарай. 

Харин эсрэгээр хойд дугуй шарвасан үед яах вэ? Үүнийг oversteer хэмээн нэрийддэг. Хэрэв ийм зүйл тохиолдвол хаазны гишгүүрээс хөлөө авах хэрэгтэй. Шарваж эхэлсэн бол тэр тал руу нь хүрдээ эргүүл. Ингэснээр хяналт таны гарт шилжих боломжтой болно.

Өгсүүр эсвэл уруу замд

Уул өөд өгсөх болон доош буух үедээ шууд тоормос гишгэж болохгүй. Дугуй түгжигдэхээс сэргийлж хүнд араагаар явах буюу хөдөлгүүрээр тоормослох аргыг давхар хэрэглэх нь хамгийн зөв юм. Өгсүүр замд хөдөлгөөнийг бүрэн зогсоосноор барьцалдах чадвар буурах төдийгүй, таны аюулгүй байдалд ч мөн адил эсрэгээр нөлөөлөх учиртай. Тиймээс хэзээ ч хяналтаа алдаж болохгүй.

Цас, мөстэй зам дээр хурдыг хасахдаа тоормосыг зөөлнөөр хүчийг нэмэгдүүлэн дарна. Хэрвээ маш их мөстсөн зам дээр бол та маш холоос тоормосыг алгуур гишгэх хэрэгтэй. Таны автомашин ABS системээр тоноглогдсон бол хамгийн шилдэг арга нь маш хурдан хугацаанд тоормос дээр тохиромжтой хэмжээнд хүртэл нь дарах юм. ABS систем ажиллаж байгаа нь тоормосын гишгүүр дээр дэргэж мэдрэгдэх бөгөөд танд тоормостой чигээрээ хүрдээ залах боломжийг олгодог.

Харин таны автомашин ABS системгүй бол тоормос гишгэх салгах, дахин авах, дахин салгах гэх мэт үйлдлийг боломжоороо хийснээр үр дүнд хүрэх болно. Энэ үедээ хүрдийг эргүүлж болохгүй гэдгийг анхаараарай. Хэрвээ бүр тохиромжгүй нөхцөл байдал тулгарсан бол тоормосоос хөлөө авч урд дугуйг чөлөөлж өгөх бөгөөд боломжтой бартаа саад руу хааз гишгэхгүйгээр мөргөж зогсох юм.

Цасан шуурганаар

Цасан шуургатай үед мэдээжийн хэрэг үзэгдэх орчин маш хязгаарлагдмал болдог. Шуурганы үеэр их гэрлээ ойрын тусгал дээр нь тавихыг зөвлөж байна. Холын тусгал дээр шилжүүлбэл цас гэрлийн тусгалыг улам сарниулж эсрэгээрээ харагдах байдлыг муутгадаг.  Хэрэв таны автомашин манангийн гэрэлтэй бол хамтад нь хэрэглээрэй.

Зураг