Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

"20-иод жилийн өмнө болсон зүйлийг САЯХНЫ ЮМ ШИГ мэдээлсэнд Казахстаны тал харамссан"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн долоо хоногт тавьсан илтгэлдээ Монгол Улсад жил бүр 5,000 тонн үр тариан тусламж үзүүлдэг тухай хэлсэн гэх мэдээлэл цацагдсан. Харин энэ нь худал мэдээлэл болохыг Гадаад Харилцааны Яамнаас мэдэгдлээ.

Энэ талаар Ази, Номхон Далайн Орнуудын Газрын дэд захирал Э. Сарантогос “Энэ асуудлаар бид өчигдөр Казахстаны Элчин сайдын яамны төлөөлөгчийг дуудаж тайлбар авсан байгаа.

Казахстаны тал хэлэхдээ “20 шахам жилийн өмнөх болсон зүйл, ийм зүйлийг ташаа тайлбартайгаар саяхан хэлсэн юм шиг мэдээлэл гаргасанд бид харамсаж байна. Энэ явдал бидний харилцаанд нөлөөлөх эсэхэд санаа зовж байна” гэж тайлбарласан.

Хэдийгээр энэ явдал 20 шахам жилийн өмнө ярьж хэлсэн зүйл ч гэсэн Монгол Улсын зүгээс Казахстаны талд харамсаж байгаагаа илэрхийлсэн.

1999 онд ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Монгол Улсад айлчилсан. Тухайн үед Назарбаев “Танайд ургац хураалтын байдал хүнд байгаа юм байна. Баян-Өлгий аймагт 5,000 тонн орчим үр тарианы тусламж, дэмжлэг олгоё” гэсэн зүйлийг хэлж байсан.

Ингээд энэхүү тусламжийг авч Баян-Өлгий аймагт үр тариа олгогдсон. Бид нэг л удаа Казахстаны талаас 5,000 тонн үр тариан тусламжийг Казахстаны талын санаачлагаар авч байсан. Харин манай талаас тусламж өгөхийг хүссэн удаагүй.

Тэгэхээр энэ бол 20 шахам жилийн өмнө болсон зүйл байх нь. Мөн тухайн үеэс хойш Монгол-Казахстаны харилцаа хэвийн өрнөж ирсэн.

Тиймээс манай яамны зүгээс үүнийг дөвийлгөж, харилцаанд нөлөөлөхүйц асуудал болгож ярих нь зохисгүй юм гэсэн байр суурьтай байна” хэмээн тайлбарлалаа.