Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэнд, боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгая

Ч.Чулуун
2016 оны 11 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол хүний уужим ухаан талынхаа энгээр бус жалга дов, намын харьяалал, зоосны нүхээр хэмжигдэх болсоор удаж буй. Эл үзэгдлийг ялсан, ялагдсан намын нөхдүүд бүгд л улстөржилт хэмээн тайлбарлацгаах аж. Тэгсэн мөртөө ялагдсан нь “Улс төрийн намын харьяаллаар ажлаасаа халагдлаа” хэмээн шүүхэд хандацгаана. 

Эдүгээ ийм үг өгүүлбэр бүхий хэчнээн мянган өргөдөл, гомдол шүүгчийн ширээн дээр хэвтэж буйг хэлж мэдэх юм алга. Миний мэдэж байгаа цорын ганц зүйл бол хэдэн арван мянган өргөдлийн 30 хувийг эрүүл, мэнд боловсролын салбарынхны гомдол эзэлж буй. 

Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтаас болоод Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам одоо ч цэгцэрч амжаагүй байгаа. Яам цэгцэрмэгцээ төрийн өмчийн их дээд, сургуулиуд болон политехникийн коллежууд, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирлыг солих, халаа сэлгээнийхээ ажлыг үргэлжлүүлж таарна. 

Намдаа тодорхой хэмжээний хандив өгсөн ч санасан, мөрөөдсөн албан тушаалдаа сууж чадаагүй нөхдүүд өвдөл цөвдөл дээр үзэж тардаг шаазгай хэрээ хоёр шиг боловсролын салбар дээр өд сөдөө зулгаацалдан зодолдож таарна. Эхнээсээ сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын үүдийг сахиж, хонож өнжиж байгаа биз. 

Тэдэнд чадах чадахгүй нь огт хамаагүй. Хамгийн гол нь хандив нэрээр өгсөн хэдэн халтар төгрөгөө нугалсан хувилбараар олж авах явдал. Тийм бэлэн хоолыг мэдээж данс нь байнга мөнгөтэй байдаг их, дээд сургууль хэмээн харж буй биз. Тэр утгаар улс төрийн сонгуулийн үр дүнд томилогдсон сайд нар их, дээд сургуулийн захирлыг солихоос ажлаа эхэлдэг нь бодит үнэн. 

Энэ удаад ч давтагдах бололтой. Боловсрол, эрүүл мэндийн салбарт улс төржилт байх ёсгүй. Эмнэлгийн даргын албан тушаалыг улстөржүүлж, Их, дээд сургуулийн Удирдах зөвлөлийг улс төрийн зөвлөл болгож байгаа нь эмгэнэл. Өвчин хэлж бус хийсч ирдэг. 

Өнөөдрийн жишгээр, АН-ын дэмждэг, энэ намын угшилтай иргэдийг намын харьяаллаар ялгаварлан хүлээж авах эмнэлэг байхгүй, үзэх эмч олдохоо болих нь. Боловсрол ч ялгаагүй. Энэ хүүхдийн аав АН-ынх гээд сургуулиас хөөж гудамжид гаргах хэрэг үү, их хэлмэгдүүлэлтийн жилүүд шиг. 

Хүн эмчлэхээр сурч буй оюутанд сургалтын орчин, эрдэмтэн мэргэдээс үг сонсох нь чухал болохоос засаг солигдох бүрийд удирдлага нь солигдож, тэр хэрээр бужигнадаг сургууль хэрэггүй. Үнэн хэрэгтээ манай улсад орчин нөхцөл нь эрүүл бус салбар бол эрүүл мэнд, боловсрол. 

Өнгөрсөн жилүүдэд дээрх хоёр салбарынхан л жагсаал, цуглаан ажил хаялт зарлаж байлаа. Ард түмэн сүүлдээ ар араасаа хөвөрсөн олон жагсаал цуглаанаас хэнийх нь зөв, бурууг ялгахаа больсон. 

Хамгийн гол нь нэг нь эрдэнэт хүний амь насыг хариуцдаг бол нөгөө нь Монголын ирээдүй болсон залуусын боловсролыг залуурддаг салбар билээ. Ийм хоёр чухал салбарыг улстөржүүлэх, тэнд ажиллахаар томилогдсон дарга, захирлууд нь улстөрийн хүчнүүдийн утсан хүүхэлдэй байгаа нь юу юунаас ч илүү аюултай юм. 

Ийм аюулыг бид өмнө нь хэд хэдэн удаа туулаад гарсан. Гэвч эдүгээ олон хүний тэсвэр тэвчээр барагдаж байгаа бололтой. Жишээ дурдъя. Засаг солигдох болгонд боловсролын салбарынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэх нь бий. 

Ийм жишээ олныг дурдаж болно. Хамгийн сүүлд МУИС–ийн хамт олон шинээр томилогдсон захирлаа эсэргүүцэн гудамжид жагссан. Харин АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар сургуулийнхаа удирдлагын багийг солих сургаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан болон БСШУС- ын сайд Я.Батсуурь нарт хандан ил захидал илгээсэн байх юм, даваа гарагт. 

Монгол Улсад анагаах ухааны шинжлэх ухаан хөгжихөд бүхий л сэтгэл оюун, амьдрал, залуу насаа зориулсан эрдэмтэн мэргэд сэтгэл зүрхээ нэгтгэн эдүгээ ажиллаж буй удирдлагын багийг солихгүй байхыг хүсч ил захидал илгээсэн байх юм. Тус сургууль ямар байсныг ямар түвшинд хүрснийг тэд мэдэж буй. 

АШУҮИС Ази, номхон далайн баруун бүсийн шилдэг их сургууль болох зорилт дэвшүүлэн хөгжлийн бодлогоо боловсруулж, сургуулийнхаа Удирдах зөвлөлөөр батлуулан ажиллаж байгаа аж. Мөн түүнчлэн багш, оюутан сурагчдын олон жилийн мөрөөдөл болсон Их сургуулийн хотхоноо бариад эхэлчихэж. 

Монголын нэрийг олон улсад дуурсгах оношлогоо, шинжилгээний лабораторио 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байх юм. Үүний зэрэгцээ хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрөө Европын холбооны дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагаар /ASIIN/ амжилттай магадлан итгэмжлэгдсэн төдийгүй сүүлийн гурван жилд орчин үеийн дэвшилтэд үйлчилгээ бүхий номын сан, оюутны эко цогцолбор, Эмзүйн сургуулийн байр, НАСС-ын Шүдний эмнэлгийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан тухайгаа тэд онцлон дурджээ.

 Ингэж ажилласан баг хамт олныг төр дэмжиж, хамтран ажиллаж яагаад болохгүй гэж. Боловсрол олгох салбарт өнөөдөр дуулдаж буй нь л энэ. Үүний араас Батлан хамгаалах их сургуулийн захирлыг, араас нь Шинжлэх ухаан технологийн их сургууль, Багшийн их сургуулийн удирдлагын багийг солих сураг дуулдаж, тэр бүү хэл хэнийг аль сургуульд томилох нь эхнээсээ тодорч буй сурагтай. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, МСҮТ ч бүтцийн өөрчлөлтөд хамрагдах нь гарцаагүй.

 Он гарахаас урьтаж, ЕБС-ийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар солигдоно гэсэн мессеж хэдийн нийгэмд цацагдаж, явах нь тодорхой гэж үзсэн захирал, эрхлэгч нар мэдэгдэх хуудсаа хүлээн суух болж. Үүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн салбар бужигнаж гарна.

 Санхүүжилт нь зогсч, эм тариагүй болсон эрүүл мэндийн салбар Эрүүл мэндийн салбарын улстөржихөөрөө яаж бужигнадгийн супер жишээ бол Гэмтэл согог судлалын үндэсний төв. ГССҮТ-ийн 150 эмч, ажилчид ажлаасаа гарах өргөдлөө нэг өдөр гаргасан явдал. Гэтэл ажлаа өгсөн тус эмнэлгийн дарга асан Ц.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэнд ашиг сонирхлын сүлжээ бий болчихсон. 

Оношилгооны чиглэлээр гэхэд эмнэлгийн эргэн тойронд хувийн эмнэлэг нь байдаг. Үзүүлэхээр ирсэн өвчтөнүүдийг “Манай тоног төхөөрөмж муу” гээд хувийнхаа эмнэлэг рүү явуулдаг. Гэмтлийн эмнэлэгт өдөрт 200-300 хүн ирдэг. Зарим эмч нар өөрийн эмнэлэг рүүгээ явуулахын тулд эмнэлгийн тоног төхөөрөмжийг гацаах, эвдэх, горимыг нь алдагдуулах зэрэг зүй бус үйлдэл гаргадаг. Өвчтөнд амандаа орсон тоо хэлдэг. Саяхны жишээ ярихад, шууных нь яс хугарсан ядарсан өвгөнд зургаан сая төгрөгөөр хагалгаа хийнэ гэсэн байна лээ. Нөгөө муу өвгөн ах дүү нартайгаа нийлж, цуглуулаад арайхийн таван сая төгрөг олж, үлдсэнээ яаж олох вэ гээд шаналаад сууж байх жишээтэй.

 Уг нь бол бараг үнэгүй хийх боломжтой хагалгаа” хэмээн ярьж, эрүүл мэндийн салбарт аалзны тор адил сүлжсэн хамаарлыг илчилж байлаа. Эдүгээ энэ салбарт Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас өгсүүлээд санхүүжилтгүй, эм тариагүйн улмаас өвчтөнүүдийг хүлээж авахаас татгалзаж байгаа асуудлыг үтэр түргэн шийдэх гээд шийдвэл зохих олон асуудал бий. 

Тэгвэл боловсролын салбарт ч хийх зүйл их байгаа нь мэдээж. Энэ бүхэн эрүүл мэнд, боловсролын салбарын толгойд улс төрийн намын төлөөлөл биш үйлчлүүлэгч, ажил олгогч, мэргэжлийн салбарынхан, менежерүүдийн төлөөллөөс бүрддэг байхыг сануулж буй хэрэг. 

Тодруулбал, дээрх хоёр салбарыг улстөржилтөөс бүрмөсөн салгах цаг болжээ. Нэр хүнд нь навс унасан Эрүүл мэнд, боловсролын салбарыг өөд татаж, сандал ширээ, албан тушаалын хэрүүлээс хол байлгах нь юу юунаас илүү чухал билээ.

Зураг