Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярсайхан: Гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ

Р.Саруул
2016 оны 11 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор Засгийн газрын тохируулагч агентлаг болох Үндэсний хөгжлийн газрыг шинээр байгуулсан билээ. Ийнхүү байгуулагдаад удаагүй байгаа тус газрын дарга Б.Баярсайхантай ярилцлаа. 

-Үндэсний хөгжлийн газар нь шинээр байгуулагдаад удаагүй байна. Байгууллагын зорилго, шинэ бүтцээр хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгнө үү?

-2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүнд Үндэсний хөгжлийн газар шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Уг газар нь Ерөнхий сайд, Засгийн газарт тус газрын хариуцсан хөгжлийн бодлогын асуудлаар судалгаа, шинжилгээ хийх, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага. Харин чиг үүргийн тухайд гэвэл хөгжлийн бодлого боловсруулж, түүний дотор улсын хөгжлийн үндсэн стратеги, хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлно. “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” болон “Хөрөнгө оруулалтын тухай”хуульд Үндэсний хөгжлийн газрын чиг үүргийг хуульчилсан байгаа,

-Үндэсний хөгжлийн газрын цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурдвал?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Монгол Улсад одоо үүсээд буй эдийн засаг. санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газрын гол зорилт нь улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад оршино гэж заасан.

Тус хөтөлбөрийн хүрээнд “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын бодлого-төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар үр ашгийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Агентлагийн 100 хоногийн хувьд гэвэл өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг ажлууд хийгдэнэ. Цаашид ч салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажлуудыг байнга мэдээлж тайлагнаж явна.

-Эдийн засгийн хямралтай энэ цаг үед гаднаас орж ирэх хөрөнгө оруулагчдын урсгал унтаа байдалд орсон гэж эдийн засагч, мэргэжилтнүүд яриад байгаа. Яг хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Улс орны хөгжлийн бодлогыг боловсруулах, хөрөнгө оруулалттай холбоотой судалгаа, том төслүүдийг боловсруулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлох чиглэлээр ажиллана. Мөн хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах ёстой. Засгийн газар ирэх жилүүдэд эдийн засгаа сэргээх, сайжруулахын тулд макро эдийн засгийг тогтворжуулах эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг төрөөс дэмжиж, улс орны хэмжээнд өгөөжтэй хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн манайх урт хугацаанд чиглэсэн 30 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий дэд бүтэц хөгжлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийн тооцоо хийх ажлыг зохион байгуулж, бодлогын удирдамжаар хангах үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр олон ажил хийнэ гэсэн үг юм.

-Хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр гэдгээ та тодорхой тайлбарлавал ?

-Хуучин Хөрөнгө оруулалтын газрын чиг үүргийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэд бүтэц, уул уурхай, эрчим хүм, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын болон бусад бүх салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэж тусгасан.

Тиймээс Үндэсний хөгжлийн газар нь хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр өмнөх Хөрөнгө оруулалтын газрын баримталж байсан бодлогыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ улсын хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн бодлого, хэрэгцээ шаардлагатай уялдуулан хөгжүүлэх чиглэлээр ажиллана.

Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, “Эрдэнэс Монгол” компани болон Оюутолгой төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, Тавантолгой, стратегийн ач холбогдол бүхий бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

Хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх хүрзэнд бусад улсуудтай хийсэн Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийн загварыг шинэчлэх ажил явагдаж байна.

-Хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг сэргээнэ гэлээ. Чухам яаж сэргээх нь тодорхой биш юм шиг?

-Монголд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь эдийн засгийг дахин сэргээхэд онцгой ач холбогдолтой. Олон жилийн турш хэлэлцээ хийж, шийдэгдээгүй байсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн тохиролцож, гарын үсэг зурлаа. Мөн “Монгол Улс, Япон Улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр өнгөрсөн зургаадугаар сард хэрэгжиж эхэлсэн.

Цаашид манай улс бүс нутгийн интеграцчлал, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хоёр талт болон олон талт гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн ороход анхаарал хандуулна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.

Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчдын итгэл нь аль нэг байгууллагын оролдлогоор бус харин төрийн бүх байгууллагуудын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголтын үндсэн дээр сэргэх боломжтой. Иймд тус газар нь төрийн бусад байгууллагууд болон ТББ-ууд, олон улсын байгууллагууд, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад гаднын байгууллагууд, ЭСЯ-уудтай хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллах болно. Тухайлбал, ОУВС-тай хамтран ажиллах яриа хэлэлцээ хийж байна.

Цаашид хууль эрхзүйн орчны тогтвортой байдлыг хангаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлж болохуйц бодлогын сөрөг нөлөөллүүдийг засч, гадаадын хөрөнгө оруулагчидтай үүссэн маргаануудыг эергээр шийдвэрлэж, олон улсад эерэг хандлага бий болгон, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтран ажиллах. хамгаалах бодлогын өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэх хийснээр гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна.

Зураг