Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Урд хөршөөс зээл авах эхний уулзалт энэ сарын 29-нд болно

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 11 сарын 11
iKon.MN
 

 УИХ-аар батлагдсан 2017 оны төсөв болон ам.долларын ханшийн өсөлтийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.ЧойжилсүрэнУИХ-аас эцэслэн баталсан тоогоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6 их наяд 160.2 тэрбум төгрөг байхаар баталсан. 2016 оны тухайд нэгдсэн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл 5 их наяд 400 орчим тэрбум төгрөг байгаа.

Ирэх жилдээ эдийн засгийн өсөлтийн 3 хувиар нэмэгдүүлээд, нэгдсэн төсвийн орлогыг энэ жилтэй харьцуулахад 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Зарлагын хувьд 8 их наяд 568.2 тэрбум төгрөгөөр баталсан. Нэгдсэн төсвийн алдагдал 2.5 их наяд байхаар төсвийг баталсан” гэлээ.
Мөн төсвийг батлуулах 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьтай байгаа. Харин 2017 онд энэ тоог 3 хувьд хүргэх бодлого барьж буйгаа Сангийн сайд хэлсэн.

Ингэж 3 хувьд хүргэхийн тулд Засгийн газраас энэ өвөлдөө амжаад хэд хэдэн том төслийг эхлүүлэх бэлтгэл ажлаа эхэлсэн байна. Тухайлбал, Таван толгой төслийн төмөр замтай хамт Таван толгойн цахилгаан станц төслийг явуулахаар бэлтгэж байгаа аж. Түүнчлэн ТЭЦ-III-ийн хүчин чадлыг 250 мвт-аар нэмэгдүүлэх төслийг эрчимжүүлэхээр болоод байгаа юм байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Төсвийн орлогын сайжруулахын тулд татварын хувь хэмжээнүүдийг нэмэхгүй байгаа. Төсвийн зарлагын тухайд төсвийн бүх байгууллага хэмнэлтийн горимд ажиллахаар өөр аргагүй байгаа. УИХ-д өргөн барьсан хуулийн төслөөр төсвийн урсгал зардлыг дахин нэг хувиар бууруулах хууль батлагдсан. Бүх шатны ьөсвийн ерөнхийлөн захирагч төсвийн ерөнхий менежерүүд тогтоосон орон тоондоо тохируулаад үйл ажиллагаагаа уян хатан зохицуулах эрхийг өгсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсролын зээлийн санг үргэлжлүүлээд санхүүлж явахаар болсон. 104.5 тэрбум төгрөгөөр суулгасан. Мөн төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой заалтын өмнөх зохицуулалтыг сэргээж 36 сар хүртэл гэж хэвээр үлдээсэн” гэлээ.

"Валютын ханшийн өсөлтийг Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа"

Дээрх мэдээллийг хийсний дараа Сангийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

-УИХ-ын чуулганаар цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хуулийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал яригдаж байх шиг байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

-Цалинтай ээж хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг 2017 оны төсөвт суулгаагүй. Засгийн газар дээр хэд хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. Магадгүй 2017 оны төсөв дээр тодотгол хийвэл энэ хөтөлбөрийн санхүүжилтийн асуудал сөхөгдөх байх.  

-Валютын ханш хяналтаас гарч, цаг цагаар өсч байна. Монголбанктай энэ асуудал дээр ойлголцож чадахгүй байна уу. Засгийн газрын зүгээс Монголбанканд үүрэг өгөөд биелүүлэхгүй байгаа учраас Сангийн сайдад үүрэг өгсөн гэж ойлгосон. Үүнд тайлбар өгнө үү?

-Засгийн газар Монголбанканд үүрэг өгдөг эрх байхгүй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Тийм учраас Монголбанк Засгийн газар хоёр хамтран ажилладаг.

Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгаа. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж, хяналтаа алдахгүй байдлаар явж байгаа. Гол бэрхшээл бол Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой.

Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны ихээр жаахан буурах байх. 

Өнгөрсөн жилүүдэд 7 их наяд 954 орчим тэрбум төгрөгийг зах зээл рүү хэвлэж хийсэн. Энэ нь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Энэ эрэлтийг хангахын тулд Монголбанк валютынхаа нөөцийг шавхсан. Шинэ Засгийн газраас валютын урсгалыг дотогш нь болгох асуудлыг гадаадын санхүүгийн байгууллагуудтай яриад явж байгаа. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны ихээр жаахан буурах байх. Эцсийн байдлаар шийдвэр гараагүй болохоор одоо хэлэх юм алга. Ойрын хугацаанд эргэж мэдээлнэ.   

-Төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр тооцсон байна. Ер нь манай улс хэзээнээс төсвөө алдагдалтай баталдаг болчихсон юм бэ? Сүүлийн гурван жилийн байдлаар яг хэд гэж тусгаж өгсөн байдаг юм бэ?

-Төсвийн алдагдлыг 2.5 их наядаар баталж байгаа нь өндөр хувь мөн. Энэ жил төсвийн хүрээний мэдэгдэд 9.9 хувьд байх ёстой. Ирэх жил 7 хувь, 2019 онд 5.5 хувьд хүргэж 2020 оноос төсвийг алдагдалгүй батлах зорилт тавиад ажиллаж байна. Төсвийн алдагдлыг хэт огцом бууруулбал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд огцом нөлөөлнө. Тиймээс огцом буулгах бололцоогүй байна. Хэрвээ буулгах юм бол төрийн албан хаагчдын цалин руу орохоос өөр арга байхгүй.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал тодотгол хийх үү?

-Валютын сангаас манай улс хөтөлбөр авъя гэдгээ илэрхийлсэн. Валютын сангийн төлөөлөгчид Монголд ирээд Монголбанк, Сангийн яамны бүх суурь тоог шалгаж баталгаажуулаад явсан. Манай оронд ирсэн төлөөлөгчид очоод удирдлагуудтайгаа зөвшилцөнө. Бид ч мөн судалгаагаа хийнэ. Хэрвээ өөдрөгөөр төсөөлбөл 2017 оны нэгдүгээр сардаа багтаж валютын сангийн хөтөлбөр манай улсад хэрэгжүүлэх эсэх нь тодорхой болно.

Өөдрөгөөр төсөөлбөл 2017 оны нэгдүгээр сардаа багтаж валютын сангийн хөтөлбөр манай улсад хэрэгжүүлэх эсэх нь тодорхой болно.

Үүний наана хэлэлцээр эцэслэгдвэл тодотгол хийгдэхийг үгүйсгэхгүй. Ингэж байж эдийн засгийн нөхцөл байдал, бүтцээ өөрчлөхгүй бол манай эдийн засагт хэрэглээ нь давамгайлсан, нэмүү өртөг бүтээх салбартаа харьцангуй сайнгүй байна. Тэгэхэр бүтцийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй.

-Өмнө нь бид төсвийн алдагдлаа хэдээр тооцдог байсан талаар тодруулж хэлээч?

-Өнгөрсөн жилүүдэд бид цөөнх байхдаа нэг зүйлийг шүүмжилдэг байсан. Монгол улс дөрвөн төсөвтэй болчихсон байсныг эсэргүүцдэг байсан. Харин шинэ Засгийн газар гарч ирээд нэгдмэл нэг төсөвтэй болъё гэдэг зорилт тавьсан. Тус, тусдаа хяналтгүй байсан төсвийг нийлүүлчихээр 2016 онд 18 хувийн алдагдал гараад байна. Хуучин 3-5 хувьтай баталдаг байсан. Гэхдээ энэ бол худлаа тоо байсан. Төсвийн алдагдал суухгүй бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлчихдэг байсан болохоор нэгдмэл нэг төсөвтэй болохоос өөр шаардлага тавихаас өөр аргагүй. Олон улсын валютан сан болон бусад санхүүгийн байгууллагуудаас тавьдаг шаардлага бол нэгдмэл нэг төсөвтэй, хяналттай, ил тод байх ёстой гэдэг.

Урд хөршөөс зээл авах эхний уулзалт энэ сарын 29-нд болно

-Урсгал зардлаа аль болох бууруулж хэмнэлт хийхийг хичээсэн төсөв боллоо гэж та хэлж байна. Сөрөг хүчин АН-ын гишүүдийн зүгээс төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 70 тэрбумаар нэмэгдүүлсэн гэж мэдээлж байгаа. 70 тэрбумын нэмэгдлийн талаар тайлбар хийнэ үү?

- Ардчилсан намын гишүүд маань жаахан хариуцлагагүй шүүмжлэлийг хийсэн. Өнгөн талаасаа бол тэгэж харагдана. 2016 оны зээлийн хүүгийн төлбөрт 1 их наяд 41 тэрбум төгрөгийн зарж байгаа. Гэтэл энэ зээлийн хүүгийн дарамт ирэх жилүүдэд ахиад томроод явна. 2017 оны төсөв дээр 1 их наяд 380 тэрбум орчим төгрөг байхаар хүүгийн зардлыг тусгасан. УИХ дээр тогтворжуулалтын санг ашиглахаас шалтгаалаад зээлийн хүүгийн зардал 40 тэрбумаар бууж байгаа. Өрийн үйлчилгээ болон зээлийн хүүгийн зардал 300 тэрбум төгрөгөөр нэмэгдчихээр бид төсөвт байгууллага дахь бусад зардлыг 120 тэрбум төгрөгөөр буулгах шаардлага гарч байгаа юм. Урсгал зардал дотор зээлийн хүүгийн төлбөр багатаж байгаа юм.

Бодит гарц бол Монгол Улс руу орох валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ хөтөлбөрийн хүрээнд Хөрөнгийн зах зээлд бонд босгох ажлыг эхлүүлээд байна. Хэлэлцээр ид дундаа явж байна. Энэ сардаа юм уу, ирэх сардаа асуудал тодорхой болох байх. Урд хөршөөс хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлээч гэсэн асуудлыг тавьсан. Энэ сарын 29-нд эхний уулзалтыг БНХАУ-ын талтай хийнэ. Энэ хүрээнд хамтран ажиллах зөвлөл байгуулагдсан.

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг мөн байгуулсан. Хятадын цагаан сар нэгдүгээр сарын 28-нд юм байна. Цагаан сараас өмнө амжиж хэд хэдэн зоригтой шийдвэрийг гаргах шаардлагатай.

-Төсвийн алдагдлыг 9.9 хувиар оруулж ирээд 9.1 хувиар баталлаа. Орлогоо нэмсэн үү эсвэл зарлагаа хасав уу?

-Орлого нэмсэн. Засгийн газраас Тогтворжуулалтын санг 2017 онд ашиглана гэж төсвийн төсөл дээр оруулж ирээгүй. УИХ дээр Тогтворжуулалтын сангийн 300 орчим тэрбум төгрөгийг эх үүсвэр талдаа ашигла гэсэн. Мөн өмч хувьчлалын орлогыг 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. “Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилна гэх мэт өөрчлөлт орж ирсэн.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас гадна бусад улс орноос зээл авахаар ярьж байгаа. Зээлийн эх үүсвэрийг юунд зарцуулах вэ?

-ОУВС-тай хэлэлцээр хийж байгаагийн зэрэгцээ ОХУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг том эдийн засагтай орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтээ тавьж байна. Хугацааны хувь 20 жилээс доошгүй, 2 хувийн хүүтэйгээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Зээлийн хэмжээний хувьд тохироо эцэслэн хийгээгүй.

Хэрэв зээл авсан тохиолдолд зээлээ дахин санхүүжүүлнэ. Тодруулбал, манай авсан зээлүүд жилийн 10.8 хувийн хүүтэй. Тиймээс тэр өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солихгүй бол зээлийн хүүгийн дарамтад орно. Бодлогын түвшинд өөрчлөлт оруулж чадахгүй бол 2017 онд 1.3 их наяд төгрөгийг, 2018 онд энэ тоо 2 их наяд руу орж ирнэ. Гарцаагүй байдлаас ийм зохицуулалт хийхээр болоод байна.

-УИХ-аар төсөв батлахдаа Засгийн газрын өрийг хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх эрх олгосон бэ?

-Ирэх жил 2.5 орчим их наяд төгрөгийн үнэт цаас шинээр гарах эрхийг УИХ-аас Засгийн газар авсан.

Чалкогийн өр 90 гаруй сая ам.доллар үлдсэн

-“Чалко” компанид төлөх ёстой “Эрдэнэс Тавантолгой” компанийн өр хэд үлдсэн бэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөх ёстой Чалкогийн өр одоо 90 гаруй сая ам.доллар үлдсэн. Энэ өрийг 2017 онд багтаад төлж дуусгана гэсэн төлөвлөгөө байна.

-Ирэх оны төсөвт ам.долларыг хэдэн төгрөгөөр тусгасан бэ?

-Засгийн газраас төсвийн төслийг боловсруулахдаа 2016 оны есдүгээр сарын 30-ны ханшаар бодож тооцсон. УИХ-аар төсөв батлагдахдаа тэр өдрийн ханшаар тооцож батлах ёстой. Ойролцоогоор нэг ам.долларыг 2,400 орчим төгрөгөөр тооцож баталсан.

-Төсвийн алдагдал яг хэдэн төгрөгтэй тэнцэж байна вэ?

-Засгийн газраас өргөн барьсан төсөв УИХ дээр хэлэлцэгдээд хэдэн хэдэн өөрчлөлт орсон. Ингэхдээ төсвийг эцсийн байдлаар 2 их наяд 408.7 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан.

-Өмч хувьчлалын хүрээнд ямар, ямар обьект хувьчлах вэ?

-Төрийн өмчийн компанийг хувьчлаад Засгийн газарт ногдох хувь нь “Төрийн банк” 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум, “Оргил” рашаан сувилал 7 тэрбум, “Монголын цахилгаан холбоо” компанийг 7.6 тэрбум төгрөгөөр хувьчлана гэж Засгийн газраас төсвийн төсөлд суулгасан. Төсөв батлагдах үед дээрх обьектууд дээр хоёр обьект нэмж, 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон.   

-Дотоод өр хэдэн төгрөгөөр хэмжигдэж байна вэ?

-Ирэх жилийн төгсгөлд дотоод өрийн хэмжээ 4.6 их наяд төгрөгтэй тэнцэнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарсан.