Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ЗАХ ЗЭЭЛД хэрхэн нөлөөлөх вэ?

ikon.mn
2016 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн удирдагчаа сонгох гэж байна. Хэдэн цагийн дараа 130 гаруй сая сонгогч саналаа өгч, ирэх дөрвөн жил АНУ-ын төрийн эрхийг барих хүнийг тодруулах гэж байна. Ихэнх мужуудад сонгууль орон нутгийн цагаар өглөөний 6 эсвэл 7 цагт эхэлж орой 18-19 цагт дуусдаг. Хэрвээ бүх зүйл түвэггүй явагдвал шөнөдөө сонгуулийн дүн гарах ёстой.

Сонгуульд ялах магадлал хамгийн өндөр байгаа хоёр нэр дэвшигч бол Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон болон Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нар. Тэгвэл сонгуулийн дүн гарахаас ч өмнө, тэдний ялж, ялагдах магадлал өсөж буурах бүрт зах зээлд хөдөлгөөн гарсаар байгаа.   

Ерөнхийдөө Хиллари Клинтоны хувьд одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн бодлогын залгамж халааг хадгална гэж байгаа. Тиймээс одоогийн АНУ-ын бодлого, зах зээлийн нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөхгүй гэсэн хүлээлт үүсгэж байна. 

Нөгөө талд Дональд Трамп АНУ-ын Засгийн газарт эрс өөрчлөлт хийх санал дэвшүүлж байгаа нь, түүнийг ялсан тохиолдолд зах зээл дээр тодорхой бус байдал үүсгэж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна.

Тухайлбал сүүлийн өдрүүдэд Хиллари Клинтоны рейтинг унахад хөрөнгө оруулагчид хувьцаануудаа зарж, Мексикийн песо зэрэг эрсдэлтэй хөрөнгө оруулалтаасаа гарч, харин эрсдэл багатай хөрөнгө оруулалтууд болох алт, мөнгө, иен, болон бусад эрсдэл багатай бондууд руу хөрөнгө оруулалт хийх нь нэмэгджээ. АНУ-ын хөрөнгийн зах зээлийг тодорхойлогч гол индекс болох S&P 500 индекс 9 өдөр дараалан унаад байсан бол, АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооноос Хиллари Клинтоны имэйлийг гэмт хэрэг гэж үзэхгүй гэсэн шийдвэрээ танилцуулсны дараа өчигдөр индекс 2.2% өссөн нь сонгуулийн үр дүн хөрөнгийн зах зээлд хэр их нөлөө үзүүлж болохыг харуулсан үйл явдал боллоо. 

Хувьцааны индекс унаж байхад, эсрэгээрээ алтны эрэлт ойрын хугацаанд нэмэгдэж байсан. Ерөнхийдөө тодорхой бус байдал, зах зээл дээрх савлагаа нэмэгдэх тусам алтны эрэлтийг нэмэгдүүлдэг. Зарим шинжээчид, хэрвээ Трамп сонгуульд ялбал алтны ханш цаашид 1,400 ам.доллар хүртэл өсөж болзошгүй гэж үзэж байна.

Харин Клинтон ялбал Ардчилсан намын сангийн тэлэх бодлого үргэлжлэх өндөр магадлалтай ба энэ нь алтны ханшийг бууруулах төлөвтэй байна.

Сонгуулийн дүн ойролцоо гарсан тохиолдолд (ойролцоо гарах магадлал маш өндөр байгаа) ялагдсан талаас улс төрийн тэмцэл хийх гэх мэт бага хэмжээний үймээн самуун тодорхой хугацаанд бий болох магадлалтай. Тиймээс энэ мэт үйл явдал нь богино хугацаанд алтны эрэлтийг нэмэгдүүлэх боломжтой.

 

Хоёр нэр дэвшигчийн аль нь ялахаас хамаараад богино хугацаанд зах зээл дээр хөдөлгөөн гарч болох ч, сонгуулийн үр дүнгээс хамаараад урт хугацааны хөрөнгө оруулалтын шийдвэрийг шууд гаргахад хүндрэлтэй. Энэ нь нэр дэвшигчдийн хэрэгжүүлэх эдийн засаг, сангийн бодлого, гадаад бодлого зэрэг нь хэрхэн боловсруулагдаж, хэрэгжихээс хамаарах юм. Жишээ нь 1980 оноос хойших АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараах зах зээлийн хөдөлгөөн 3 сарын дараа гэхэд эсрэг зүгт хөдөлсөн тохиолдол цөөнгүй байсан байна. Статистакаас үзвэл сонгуулийн дараах санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн ханшийн хөдөлгөөн дунд хугацаанд хадгалагддаг гэж хэлэх боломжгүй байна.

Сүүлийн хэдэн сарын хувьцаануудын ханшийн өсөлтөд Клинтоныг ялна гэсэн таамаглал орчихсон байгаа учраас Клинтон ялсан тохиолдолд хувьцаануудын ханш цаашид төдийлөн өсөхгүй байх гэж шинжээчид үзэж байгаа юм байна. Харин санхүүгийн байгууллагууд, банкнуудын хувьд баримтлах бодлогоо Ардчилсан намаас чангатгах төлөвтэй байгаа нь тэдний хувьцааны ханшийг унагаж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Валютын ханшийн хувьд хэрвээ Клинтон ялбал ам.долларын ханш голлох валютын эсрэг чангарах төлөвтэй. Энэ нь 12-р сард бодлогын хүүг өсгөх магадлал нэмэгдэхтэй холбоотой. Хөгжиж буй орнуудын валютууд дундаас Клинтоны ялалтаас хамгийн их өгөөж хүртэж болох валютад Мексикийн песог нэрлэж байгаа.

Ерөнхийдөө Трамп ялбал богино хугацаандаа алт, цагаан алт, мөнгөний ханш өсөж, хувьцаануудын ханш унах төлөвтэй бол Клинтон ялбал эсрэгээрээ буюу алтны ханш унаж, ам.долларын ханш чангарах ба  хувьцаануудын ханш тогтворжих төлөвтэй гэж шинжээчид харж байна.
 
Эх сурвалж: http://golomtsecurities.com