Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: ОУВС-гийнхан шаардлагаа тулгадаг байсан бол энэ удаад биднийг сонсож байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрөөс мөнгөний бодлогыг 2017 онд баримтлах үндсэн чиглэл зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон Б.Баттөмөр нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр сэтгүүлчдийн тавьсан асуултад УИХ-ын гишүүдийн хариулсан хариултыг хүргэж байна. 


-Олон Улсын Валютын сангийн төлөөлөгчид манай улсад ажиллаад ямар хандлагатай буцсан юм бол. Хэрвээ ОУВС-гаас зээл авах бол төсөвтэйгээ уялдуулах шаардлага үүсэх үү?

-Бүлгийн дарга Д.Хаянхярваа: Бид энэ төсвийг хийхдээ өөрийнхөө өнөөгийн бодит боломжид тулгуурлаж хийсэн. Засгийн газрын түвшинд ОУВС-гийн төлөөлөлтэй уулзсан. Валютын сангийнхний зүгээс өмнө нь буюу 2008 оны үед тавьж байсан шаардлагын нөхцөлүүд нь арай хөнгөрсөн. Ер нь валютын сангийн хөтөлбөрт хамрагдаад явах боломж байгаа юм байна. Тус сангийнхан судалгаагаа хийгээд ирэх арванхоёрдугаар сарын эхээр ирж магадгүй. Монголын Засгийн газрын зүгээс хүсэлт тавьбал судалгаа хийгээд ерөнхий нөхцлүүдээ тохиролцож болох юм гэсэн санааг хэлсэн байсан. 

Хоёрдугаарт, Монголын эдийн засгийн байдал хүнд байгаа учир хөнгөлөлттэй нөхцөлтэй, богино хугацаанд хүндрэлтэй нөхцөлөөс гарахад чиглэгдсэн зээл, бонд зэрэг санхүүгийн эх үүсвэрүүдийг бий болгох чиглэлд хамтарч ажиллаж болно гэсэн зүйлүүдийг хэлсэн байсан. 

-ОУВС-гийнхан өмнө нь тавьж байсан нөхцлөө хөнгөлсөн гэж байна. Яг ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-УИХ-ын гишүүн Б.Жавхлан: ОУВС-гийхан хоёр долоо хоногийн хугацаатай манай улсад ирж ажилласан. Илүү таатай нөхцөл тавьж байгаа гэдэг нь өмнө нь өөрсдийнхөө шаардлагыг авчраад тулгадаг байсан. Харин энэ удаад манайхныг нэлээд сонсож байна. Эд өөрсдийнхөө нөхцөл байдлыг хэр ойлгож байгаа юм, энэ хүндэрлээ хэрхэн даван туулахаар төлөвлөж байгаа, банкны системдээ, төсөв, мөнгөний бодлого дээрээ ямар арга хэмжээнүүд авахаар бэлэн байгаа юм гэдгийг сонсож, шийдэр гаргая гэсэн байдлаар хандаж байна. Өмнө нь ийм нөхцлийг сонсдоггүй, шууд өөрдсийнхөө нөхцлийг тулгадаг байсан. ОУВС-гийхан сая ирж ажиллахдаа ОУВС-гаас дангаараа хөнгөлөлттэй зээл олгоод энэ хүндэрлээс гарахгүй. Танайх өөрсдөө бас хичээж манайхаас авах зээлээс гадна гаднын эх үүсвэр нэмж олж ирэх нөхцөл, шаардлага тавьсан. 

-Тэгэхээр ОУВС-гаас ч, БНХАУ-аас ч зээл авна гэсэн үг үү?

-УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Энэ хоёр зээлийн агуулга өөр. ОУВС-гийн зээл нь богино хугацаатай, бодлогын нөхцөлт зээл. Нөгөөх нь арилжааны шинжтэй бага хүүтэй зээл. ОУВС болон бусад улс орнуудтай хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж байна. 

-2017 оны төсөв хямралын үеийн төсөв мөн үү. Яамдуудын зардал өссөн байсан. Үндэсний статистикийн хорооны урсгал зардал 400 сая, Шадар сайд 400 сая, ЗГХЭГ 400 саяар урсгал зардал нь өссөн байна?

-Бүлгийн дарга Д.Хаянхярваа: Энэ удаагийн төсөв амаргүй төсөв. Зарим урсгал зардал нэмэгдсэн сайд нарын багц байгаа байх. Энэ нь бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбоотой. Яамдуудын тоог цөөлж, зарим яамыг нэгтгэсэнтэй холбоотойгоор урсгал зардал нэмэгдсэн тал бий. Нөгөө талаар манай улс гурван төсөвтэй явж ирсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, концесс, вексель гээд төсөвт тусгаагүй хөрөнгийн эх үүсвэрүүдийг зарцуулаад явчихсан байсныг нэгтгэж, нэг төсөвтэй болгосноор зарим нэг сайд нарын зардал нэмэгдсэн харагдаж байгаа байх. 

-Ам.долларын ханш долоо хоногт бараг 50 төгрөгөөр өсч байна. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч хөрөнгө оруулалт орж ирэхээр валютын ханш буурна гэж байна. Ер нь ойрхон орж ирэх хөрөнгө оруулалт байгаа юу?

-Монголбанк валютын ханшийг тодорхой түвшинд барих гэж оролдож байгаа. Гэхдээ манай улсын валютын нөөц багассан, гаднаас орж ирж байгаа валютын урсгал маш их хэмжээгээр багассан учраас үнийг барина гэдэг амаргүй. Гэхдээ валютын ханшийг барих чиглэлээр Монголбанк ажиллаж байгаа. 

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт казино болон бооцоот морин уралдааны хуулийг батлуулна гэж тусгасан байсан. Үүн дээр бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Казино болон морин тойруулга байгуулах асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ үүнийг бид анх удаа ярьж байгаа юм биш. Дэлхийн нийтэд хэрэгжүүлж байгаа, санхүүгийн ашигтай байх боломжтой зүйлийг манай улс хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ монголчууд бус гадны жуулчдад зориулсан казино байхыг бид дэмжиж байгаа.