Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Төмөрбат: Олон жил сурсан бус, сурснаа ХЭРЭГЛЭЖ ЧАДДАГ хүнийг л гадаад хэлтэй хүн гэнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Ikon.mn сайт болон Англи хэлний дөрвөн жилийн хөтөлбөрийг богино хугацаанд багтаан заах арга барилаараа олон мянган хүнийг амжилттай сургаад байгаа “Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбат багштай хамтран ШУУД дамжуулалтаар англи хэлний алсын зайны хичээлийг зааж байгаа билээ.

Бид энэхүү хичээлийг тогтмол үзэж, бидэнтэй үргэлж хамт байж, англи хэл суралцаж байгаа уншигчиддаа дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх үүднээс С.Төмөрбат багштай ярилцлаа.


- Таны зааж буй англи хэлний хичээл олон уншигчийн маань талархлыг хүлээгээд байна.  Бусдаас онцлог заах арга барилыг эзэмшсэн С.Төмөрбат гэж багштай манай уншигчид танилцахыг хүсч байгаа байх. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Төмөрбат гэдэг. 1995 онд Монгол-Англи хэлний багш мэргэжлийг эзэмшсэн. 1995 оноос 2005 он хүртэл англи хэлний багшаар ажиллаж болох бүхий л газар ажиллаж байгаад, 2006 оны хоёрдугаар сарын 22-нд "Сондор Хилэн" сургалтын төвөө үүсгэн байгуулсан.

2006 оноос хойш сургалтын төв маань арван жил үйл ажиллагаагаа явуулж, ойролцоогоор есөн мянга орчим хүн манай сургалтын төвийг дүүргэсэн байна.

Ерөнхийдөө өмнө нь "Эх орон", "Соён гэгээрүүлэгч" телевиз, Монголын Радио болон ФМ 107.0 радиогоор англи хэлний цуврал хичээлүүдийг явуулж байсан.

Ингээд одоогоор багш нь "Сондор Хилэн" сургалтынхаа төвд хичээл заахынхаа хажуугаар Ikon.mn мэдээллийн вэб сайттай хамтран онлайн хичээл явуулж байна.

- Шууд дамжуулалтаар хичээл зааж байгааг хүмүүс маш сайшаалтай хүлээн авч байна. Таны хувьд ШУУД хичээл заах ямар санагдаж байна вэ?

- Шууд дамжуулалтаар хичээл заах маш сайхан байна. Хичээлийг маань хэдэн хүн үзэж байгааг мэдэх боломжтой учраас яг л ангидаа лекц уншиж, өдөр тутам сургалтандаа хичээллэж байгаа юм шиг санагддаг.

Ер нь л ангидаа оюутнуудаа цуглуулаад хичээл орж байна гэж бодож, хичээлээ заадаг даа.

Үүнээс гадна хичээлийг маань тогтмол үзэж байгаа хүмүүсээс хичээлийн үеэр шууд холбогдон асуулт асууж, баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.

Алдаа оноог минь хэлж өгч, хичээлээ ингэж заавал илүү сонирхолтой, үр дүнтэй байх юм гэж зөвлөгөө хүртэл өгч байна. Үүнд, би их баяртай байгаа шүү.

Цаашид ч мөн багшийнхаа хичээлийг тогтмол үзэж, мэдэхгүй зүйлээ асууж, багшдаа ч бас зөвлөгөө өгч, тусалж дэмжиж байгаарай. Бүгдээрээ нэг жилийн хугацаанд хамт байж, англи хэлийг амжилттай сурахын тулд хамтарч ажиллах болно оо гэж хэлмээр байна.

Ерөнхийдөө энэхүү зайн сургалт ойлгохгүй байгаа зүйлээ асуух, нэмж дэлгэрүүлэн лавлах, нөхөж үзэх боломжийг бүрдүүлж өгсөн учраас сурах хүсэл эрмэлзэлтэй боловч сургалтын төвд ирж хичээллэх боломжгүй хүмүүст их давуу талтай гэж бодож байгаа.

- Онлайн хичээлийг ямар бүтцээр явуулах талаараа нэгдсэн ойлголт өгөхгүй юу?

- Манай хоёр байгууллагын хамтран явуулж байгаа хичээл нэг сарын хугацаанд дөрвөн удаагийн хичээл орохоор төлөвлөгдсөн байгаа. Нэг сард дөрвөн удаагийн хичээл гэж бодвол жилийн хугацаанд Англи хэлний суурь мэдлэгийг олгох буюу 48 цагийн хичээлийг заах юм. Тэгэхээр англи хэлний анхан шатны мэдлэгийг жилийн хугацаанд эзэмшүүлнэ гэсэн үг.
 
Онлайн хичээлийн хувьд Баасан гараг бүрийн 13:00 цагт буюу долоо хоногт нэг удаа шууд дамжуулж байгаа. Нэг удаагийн оролт нь академик цагаар буюу 40 минутын хугацаатай.

Хичээл орох 40 минутын хугацаанд төлөвлөгөөний дагуу бэлдсэн хичээлээ заана. Шууд дамжуулалтын үеэр коммэнт хэсэгт тухайн хичээлээс ойлгохгүй байгаа зүйлээ бичиж, асууж болно. Асуултанд хичээлийн төгсгөлд хариулаад, тайлбарлах замаар хичээл маань явагдаж байгаа.

- Өнгөрсөн хугацаанд заасан хичээлүүдийнхээ ач холбогдол, гол агуулгыг нэгтгээд ерөнхийд нь хэлбэл?

Нэгдүгээр хичээлээр Англи хэлний 26 үсэг, тэдгээрийн дуудлага, бичлэг болон үгсийн аймгийн нэр томьёог тайлбарлаж, нэр үг, төлөөний үгсийн ангилалыг заасан байгаа.

Хичээл №1

https://www.facebook.com/iKonNews/videos/566172726901633/

Хоёрдугаар хичээлээр үргэлжлүүлэн төлөөний үгсийн ангилал, хэрэглээг дэлгэрэнгүй тайлбарлаж, үүнээс гадна ямар ямар угтвар үг байдаг, угтвар үгийг хэрхэн хэрэглэдэг талаар буюу цаг хугацаа заасан болон байрлал заасан угтвар үгийг заасан байна.

Хичээл №2

https://www.facebook.com/iKonNews/videos/569086079943631/

Гуравдугаар хичээлээр тооны нэрийг заасан. Үүнд, нэгээс сая хүртэлх тоог хэлж сурах, дэс тоо болон тооны нэртэй холбогдох арван хоёр сар, долоон гараг, утасны дугаар, сар өдөр, цаг зэргийг хэрхэн хэлэх, ямар ямар онцлогтойгоор бичигддэг, хэлэгддэг тухай тайлбарлаж өгсөн.

Гуравдугаар хичээлээр ерөнхийдөө тоо болон түүнтэй холбогдох үг хэллэгүүдийг үзсэн байна.

Хичээл №3

https://www.facebook.com/iKonNews/videos/572317279620511/

Дөрөвдүгээр хичээл их чухал хичээл байгаа юм шүү. Энэ хичээлээр англи хэлний өгүүлбэр зүйн талаар ойлголтыг өгсөн байгаа. Англи хэлний өглүүлбэрийн батлах, үгүйсгэх, ерөнхий асуулт, тусгай асуулт, ялгах асуулт гэсэн таван хэлбэр байдаг. Энэ таван хэлбэрийн хэрэглээний талаар дэлгэрэнгүй хэлж өгсөн.

Мөн өгүүлбэр дэх үгсийн байрлалын томьёо буюу англи хэлний өгүүлбэрийн гишүүдийн байрлалыг Монгол, Англи хоёр хэлийг харьцуулан тайлбарлаж өгсөн байгаа.

Хичээл №4

https://www.facebook.com/iKonNews/videos/575733739278865/

Тавдугаар хичээл: Арваннэгдүгээр сарын эхний хичээл буюу 4-ний өдрийн хичээлээс эхлэн англи хэлний дүрмийг зааж эхэлсэн.

Өмнөх хичээлүүдэд үгсийн сан тал руугаа ерөнхий ойлголтыг өгсөн бол энэ сараас эхлэн тухайн үзсэн үгсээ ашиглаад дүрэм буюу ярианы мэдлэгийг эзэмшүүлэх хичээл орох юм. Тэгэхээр энэ сараас гол хичээлүүд эхэлж байна гэж ойлгож болно.

Ерөнхийдөө анхан шатны дүрмийн мэдлэгийг олгож, яриандаа хэрэглэх буюу англи хэлний хэрэглээ талаас нь мэдлэг эзэмшүүлэх зорилготой ажиллаж байна.

Хичээл №5

https://www.facebook.com/iKonNews/videos/578965098955729/

- Ерөнхийдөө энэ хичээл нь бие даан сурах алсын зайны сургалт. Энэ хичээлийг тогтмол үзээд суралцаж байгаа хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

- Шууд дамжуулалтын хичээлийг үзэж байгаа хүмүүс хаанаас үзэж болох вэ, эхнээс нь яаж үзэх вэ, яаж холбоо барих вэ гэсэн олон асуулт, санал ирүүлсэн байсан.

Үүнийг шийдэхийн тулд бид "Сондор Хилэн зайны сургалт" гэсэн фэйсбүүк хуудас нээсэн байгаа.

Манай сургалтын төв биш зөвхөн шууд дамжуулж байгаа хичээлийг тогтмол үзэж байгаа хүмүүст зориулсан, хичээлийн талаар мэдээлэл зөвлөгөө, дасгал даалгаврыг оруулах, асуултанд хариулах, уншигч үзэгчидтэй холбоотой байх зорилгоор энэхүү хуудсыг нээсэн юм. Тэгэхээр энэ хуудастай нэгдэж, хамт байгаарай гэж зөвлөе.

- Хичээлүүд хоорондын хугацаанд юу хийж, давтаж, бэлтгэж байвал илүү сайн үр дүнтэй байх бол?

- Сурсан зүйлээ бага гэлтгүй шууд хэрэглэж байх нь хамгийн чухал. Тухайлбал, “Хэдэн цаг болж байна вэ” гэж асуугаад, хариуж сурсан бол шууд л “Хэдэн цаг болж байна”, “Чиний нэрийг хэн гэдэг вэ”, “Чи хаана байна” гэх мэтчилэнгээр шинээр сурсан мэдлэгээ ашиглаад шууд харилцаад, яриад яваарай гэж багш нь зөвлөмөөр байна.

Энэ тал дээр мөн бид "Сондор Хилэн зайны сургалт" фэйсбүүк хуудсаараа дамжуулан тогтмол мэдээлэл, даалгавар, зөвлөгөө өгч байх болно.
Тухайлбал, дараагийн хичээлээс эхлээд орчуулах өгүүлбэр, цээжлэх үг зэрэг хичээлийн бусад цагаар хийж болох ажлуудыг оруулж өгөх болно. Долоо хоногийн турш хийсэн даалгаврыг бид хичээл орох цагтаа үзэгчидтэйгээ хамтарч орчуулан, тайлбарлаж өгөх юм.

Тэгэхээр зайны сургалтын фэйсбүүк хуудсаар дамжуулан бидний оруулсан даалгавруудыг ажиллаж, зөвлөгөө тусламж авч, ойлгохгүй байгаа зүйлээ цаг тухайд нь асууж явбал илүү үр дүнтэй байх учраас хуудсанд нэгдээрэй гэж хэлмээр байна.

Мөн хичээлүүдтэй холбогдох радиогоор зааж байсан хичээл болон бусад ашигтай материал, видео зэргийг энэ хуудсаараа дамжуулан үзэгчиддээ хүргэх болно.

- Хүмүүсээс долоо хоногт 2-3 удаа зааж өгөөч гэсэн санал ирсэн байна. Ийм боломж бий юу?

- Багшийнх нь хувьд боломж бололцоо маш бага байна. Миний хувьд өглөө 06:00 цагаас орой 22:30 цаг хүртэл ажилладаг.
Тэгэхээр долоо хоногийн бүх ажлаа төлөвлөж байгаад нэг цагийг нь зайны сургалтанд зориулж байгаа. Тиймээс долоо хоногт 2-3 удаа хичээллэх боломжгүй байна.

Харин үнэхээр англи хэлийг маш сайн эзэмшиж, суралцах хүсэл эрмэлзэлтэй байгаа хүмүүс манай сургалтын төвд хандаарай гэж хэлье. Сургалтын төв дээр ирээд хичээл заалгаж, зөвлөгөө авах боломжтой. 

Манай Сондор Хилэн сургалтын төвийн хувьд сар бүр элсэлт авч, ажлын өдрүүдэд 09:00 цагаас 16:30 цаг хүртэл хичээллэдэг, бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги, бүтэн өдрийн гүнзгийрүүлсэн анги гэж байдаг.

Үүнээс гадна өөрсдөө цагаа сонгоод хичээллэх боломж бүхий өглөө, өдөр, оройн ангиуд хичээллэдэг учраас илүү сайн гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй хүмүүс манай сургалтын төвд хандаж болно. 

Мөн хамгийн чухал нь Сондор Хилэн зайны сургалт хуудастай хамт байх хэрэгтэй шүү. Бид бүхий л боломж бололцооныхоо хэрээр мэдээлэл зөвлөгөө, даалгавар дасгалуудыг оруулж, байнгын харилцаа холбоотой байх болно.

- Ер нь хэл сурч байгаа хэн бүхэнд та өдөр тутмын хэрэгцээтэй дадлуудаас зөвлөхгүй юу?

- Өдөр бүр их бага хэмжээгээр, боломжоороо хэлээ үзэж, уйгагүй суралцах хэрэгтэй. Тууштай, зорилготой, тэвчээртэй, хариуцлагатай байж чадвал хэлийг сайн сурдаг юм шүү.

Мөн хамгийн гол нь зөв арга барилаар сурч эхлэх хэрэгтэй байдаг л даа. Энд юуг анхаарах вэ гэхээр эхнээсээ сурсан зүйлээ бодит яриан дээр хэрэглээд явах нь хамгийн чухал.  

Хэлийг хэрэглэх зорилгоор сурахаас биш зүгээр л өдөр тутам сураад, хичээл хийгээд яваад байх зүйл огтоос биш юм шүү.

Зайны сургалт ч бай, урт хугацааны сургалт ч бай тодорхой хэмжээний үр дүн гарч байх ёстой. Үр дүн гэдэг маань тухайн хүн сурч байгаа хэлээ хэр сайн эзэмшиж, хэрэглэж байна вэ гэдгээс харагдана.

Өдөр бүр судлаад, хичээллээд байдаг яг цаг нь ирээд хэрэглээд ярих гэхээр “Англиар ярих гэж бүр гар өвдчихлөө” гэдэг шиг байж болохгүй. Хэлэх гээд л гар нь хөдлөөд байдаг хэлж чадахгүй. Ийм байж болохгүй. Тэгэхээр хамгийн гол нь хэрэглээ.

Тиймээс шинэ хичээл үзэж, шинэ мэдлэг олж аваад түүнийгээ заавал хэрэглэж, ярих дасгал хийж байгаарай гэж багш нь зөвлөе.  

Ер нь гадаад хэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл олон жил үзэж судалсан биш хэрэглэж чаддаг хүнийг л хэлтэй хүн гэж хэлнэ шүү дээ. 

- Ярилцсанд баярлалаа.