Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлэн мөнгө “устаж” байгаа юу?

ikon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Факт №1: Дэлхий дээр өдөр тутам нийт 5 триллион америк доллартай тэнцэх бэлэн мөнгө эргэлдэж байна.
Факт №2: Дэлхий даяар хийгдэж буй нийт гүйлгээний 85 хувь нь бэлэн мөнгөний гүйлгээ байсан хэвээр байна. 

Асуулт: Үүнд хэрхэн зохицох вэ?

Дээрх асуултад хариулахын тулд өмнөх түүхээс эргэн сөхөцгөөе.

Кредит карт

Тэртээх 1951 онд Нью-Йоркын Франклины Үндэсний Банк анхлан банкны зээлийн картыг хэрэглээнд нэвтрүүлж байжээ. Үүний дараагаар хэвлэлүүд болоод тухайн үеийн Америкийн банкны салбарын томоохон мэргэжилтнүүд бэлэн мөнгөний эрин үеийн төгсгөл ирж байгаа талаар ам уралдан бичиж, ярьцгааж байлаа.

Гэвч бодит байдал тэдний таамагласнаар өрнөөгүйг бид мэдэж байгаа. Үүний нэг жишээг өнгөрөгч 2015 оны Money20/20 буюу олон улсын төлбөр тооцоо, банк санхүүгийн салбарын хамгийн том чуулга уулзалт дээр тавигдсан нэгэн илтгэлд дурдсан юм. Үүнд Америкийн өдөр тутмын “The Fresno Bee” сонины 1972 оны нэгэн дугаарт бэлэн мөнгөний хэрэглээ 70-аад оны сүүлч гэхэд бүрэн устаж үгүй болох талаар бичиж байж.

Мөн дэлхийд алдартай “The Economist” сэтгүүл 2007 оны хоёрдугаар сарын дугаарынхаа нүүрэнд бэлэн мөнгөний “мөхлийн” тухай онцолж, түүнийг устаж үгүй болсон үлэг гүрвэлүүдтэй зүйрлэн, зах зээлээс арчигдах хугацааг 2022 он гэж тооцоолж байсан байх юм. 
Эдгээр таамгууд хэр оновчтой байв.

2013 онд Мастер Картаас дэлхий даяарх бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээг харуулсан судалгааны үр дүнг танилцуулж байв. Тэд энэхүү судалгаагаар орчин үеийн, илүү электрон байдалд шилжсэн, үр ашигтай төлбөрийн механизм ба хэрэглэгчдийн бэлэн болон бэлэн бус төлбөрийн нийт хувь хэмжээ, мөн сүүлийн таван жилийн хугацаанд бэлэн бус гүйгээ хэрхэн үсрэлт хийсэн талаар харуулахыг зорьжээ. 

Харин үр дүн нь итгэмээргүй гарчээ. Дэлхий даяарх хэрэглэгчдийн хувьд нийт хийгдэж буй гүйлгээний 85 хувь нь бэлэн мөнгөөр хийгдсээр байна. 

Mobile төлбөр тооцоо

Анхны зээлийн карт гарснаас хойш 65 жилийн дараа ахин өөр нэг шинэ давалгаа түрж байгаа нь mobile төлбөр тооцоо юм. Бидний сайн мэддэг болоод буй Apple Pay, Samsung Pay, WePay, Alipay, Bitcoin болон M-Pesa зэрэг шинэ “тоглогчид” гарч ирсэн нь эдийн засагт өөрсдийн нөлөөллийг оруулаад эхэлсэн төдийгүй бэлэн мөнгөний төгсгөлийн тухай ахин шинэ таамаглалууд дэвшүүлэх “сайн” шалтгаан болж байна.

Гэхдээ эдгээр таамаглалууд нь ихэвчлэн орчин үеийн өндөр хөгжсөн технологийн салбарт ажилладаг мэргэжилтэн, судлаачдаас гарч байгаа гэдгийг мартаж болохгүй. 

Дээр дурдсанчлан таамаглалууд бодит байдалтай нийцэхгүй байгаа тул Mobile төлбөр тооцоо болон бэлэн мөнгөний гүйлгээний ирээдүйг бодитойгоор тооцоолох хамгийн оновчтой арга нь магадгүй хэрэглэгчдийг судлах байж болох юм. Үүн дотроо нарийвчлан хэлбэл “Millennial” буюу өөрөөр хэлбэл технологийн үсрэнгүй хөгжлийн үед төрж, өссөн, нэг үгээр “шинэ үеийнхнийг” судалж байж хамгийн тодорхой таамаглал дэвшүүлнэ гэж үзсэн юм. 

Зөвхөн АНУ-ын хувьд аваад үзэхэд эдгээр шинэ үеийнхэн 2020 он гэхэд нийт ажиллах хүчний 60 орчим хувийг бүрдүүлж 200 тэрбум ам.долларын худалдан авалтын чадавхтай болно гэсэн судалгаа байгаа юм. Өөрөөр хэлбэл худалдан авах эрх мэдэл тэдэнд шилжинэ. Бас өөр нэг сонирхол татам зүйл байгаа нь тэд бэлэн мөнгөний хэрэглээг эрхэмлэдэг.

2014 онд “Currency Research” олон улсын судалгааны байгууллагаас гаргасан судалгааны үр дүн “залуу үеийнхэн бэлэн мөнгө ашиглахаас зайлсхийдэг” гэсэн ойлголтыг буруу болохыг харуулсан юм. Мөн энэхүү судалгаагаар хүмүүсийн нас, боловсрол болон нийгмийн ангиллаас үл хамааран бэлэн төлбөр тооцоо нь хамгийн эхний сонголт гэдэг нь харагдсан байдаг. 

 

Нэгэн сонирхолтой жишээ дурдвал:

Харилцаа холбооны салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Vodafone” компани 2006 онд Кени улсад цахим гүйлгээний M-Pesa системээ нэвтрүүлсэн байна. Үүнээс ердөө нэг жилийн дотор Кени улсын нийт хүн амын 47 хувь нь гар утсаа ашиглан ямар нэг байдлаар цахим гүйлгээ хийсэн гэсэн дүн гарчээ. 

Гэхдээ хамгийн сонирхолтой хэсэг нь энд байгаа юм. M-Pesa иргэдийн дунд тогтмол ашиглагдаж байсан хэдий ч Кенийн бэлэн мөнгөний эргэлтийг бууруулж чадахгүй байсан юм. Анх M-Pesa системийг нэвтрүүлснээс хойш 5 жилийн дараа тус улсын хэмжээнд хот болон хөдөө тосгодод хийгдсэн нийт гүйлгээний 98 хувь нь бэлэн мөнгөөр хийгдсэн гэсэн судалгаа гарч байжээ.

Үндсэндээ бол хүн амын дийлэнх хэсэг хэдийн онлайн төлбөр тооцоотой танилцсан, энэ замаар гүйлгээ хийх бололцоотой болсон боловч бэлэн мөнгийг чухалчилсан хэвээрээ байсан гэсэн үг. 

2015 онд “Vodafone”-ын Кени дахь хамтрагч “Safaricom”-оос гаргасан мэдээллээс үзэхэд M-Pesa хэрэглэгчид нийтдээ 2015 оны хэмжээнд 1,319 тэрбум Кени Шиллингийг орлого хүлээж авах ATM машинаар цахим хэлбэрт шилжүүлсэн бол 1,129 тэрбум Кени Шиллингийг эргүүлэн бэлэн мөнгө хэлбэрээр авсан байна.

Үүнээс харахад нийт эргэлдэж буй мөнгөний зөвхөн 14 хувь нь л цахим хэлбэртээ үлдэж, үлдсэн 86 хувь нь эргээд бэлэн мөнгө болж зах зээлд гарч байна гэсэн үг юм.

Дүгнэлт:

Бэлэн мөнгөнөөс татгалзсан, зөвхөн онлайн төлбөр тооцоонд суурилсан нийгмийн талаар ярьж, таамаглал дэвшүүлэхэд хэдий амархан, маш ойрын ирээдүйд хэрэгжих боломжтой мэтээр төсөөлөгдөж байгаа ч бэлэн мөнгө гэдэг зүйл бидний амьдралаас тийм ч хурдан салахгүй бололтой. 

Үүнээс үзэхэд банк, санхүүгийн байгууллагууд харилцагчдынхаа хандлагыг зөв тодорхойлж, мөнгөний биет болон цахим ертөнцийн тэнцвэрийг зохистой хадгалах шинэлэг арга замыг хайж олох шаардлагатай болоод байгаа юм. Бэлэн мөнгөний автомат машины хэрэглээ ч мөн адил зах зээлээс шахагдах хараахан болоогүй гэсэн дүр зураг харагдаж байна.

Гагцхүү биометрик өгөгдөлд суурилсан баталгаажуулалт, гар утсанд суурилсан картгүй гүйлгээ зэрэг цаг үе, технологийн хөгжил, хэрэглэгчдийн хандлага зэрэгт тохируулан хөгжүүлж өөрчлөлт хийх л шаардлага тулгараад буй. 

ATM машин үйлдвэрлэгчдийн зүгээс ч бэлэн мөнгөний ирээдүй рүү чиглэсэн энэ төрлийн хөгжүүлэлтийг тогтмол нэвтрүүлсээр байгаа юм. 

Факт №3: Дэлхий даяар орлого хүлээн авдаг буюу Cash-recycling төрлийн бэлэн мөнгөний машин ажиллагаанд нэвтрүүлсэн банкууд дунд судалгаа явуулахад энэ төрлийн ATM-үүдийг нэвтрүүлснээр зөвхөн үйл ажиллагааны зардалд энгийн ATM-үүд ашигладаг байх үеийнхээс дунджаар 47.9 хувь бага зардал гаргасан байна. Мөн судалгаагаар томоохон банк санхүүгийн байгууллагууд ATM машинуудын худалдан авалт хийхдээ үйлдвэрлэгч компанийн цаашдын чиг хандлага, инноваци, хамгийн гол нь банкны харилцагчид болон төлбөр тооцооны ирээдүйг хэрхэн харж байгааг нь чухалчилж үздэг болохыг харуулсан байна. 
Факт №4: 2019 он гэхэд дэлхий дээрх нийт ATM машинуудын 25 хувь нь Cash-Recycling төрлөөр солигдсон байх тооцоо гарсан байна.


Б.Төрбилэг