Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Аль салбарт шударга хандлага илүү байна вэ?

Н.БОЛОРЧИМЭГ
2016 оны 11 сарын 16
iKon.MN

Азийн Сан, Сант Марал сантай хамтран Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа хийжээ. 2015 оны нөхцөл байдалтай харьцуулахад "шударга бус хандлага" гэсэн үзэл орон нутгийн засаг захиргаанаас гадна үнэлгээ хийгдсэн бүх салбаруудад их хэмжээгээр буурчээ.

Боловсролын салбарт 2015 онд 48.1% байсан бол 2016 онд 42.2%, Эрүүл мэндийн салбарт 2015 онд 56.8% байснаас 2016 онд 52%, Шүүхийн тогтолцоонд 2015 онд 65.5% байсан бол 2016 онд 59.1%, Хууль сахиулах байгууллагын хувьд 64.9%-иас 58.8% болж тус тус буурчээ. Засгийн газрын хувьд шударга бус хандалт 2015 онд 56.2%-иас 2016 онд 52.5% болж буурчээ.

Ерөнхийдөө судалгаанд оролцогчдын тэн хагас нь эдгээр байгууллагууд шударга хандана гэдэгт итгэхгүй байгаа болохоор хүлээлт нэлээн доогуур байгаа ч гэсэн эдгээр тоо нь өмнөх судалгааны дүнгээс сайжирсан байна. Хамгийн том өөрчлөлт хууль сахиулах байгууллага болон шүүхийн тогтолцооны салбарт гарсан байна.

Боловсрол, эрүүл мэндийн салбар дахь шударга хандлага

Шүүхийн тогтолцоо, хууль сахиулах байгууллагын шударга хандлага
Орон нутгийн захиргаа, төрийн захиргааны шударга хандлага

Шударга хандах хүлээлтийг ажил эрхлэлтийн салбараар ангилж үзэхэд төрийн албан хаагчид нь төрийн байгууллагуудад илүү талтай байх хандлага ажиглагдсан. Энэхүү өрөөсгөл байдал нь эрүүл мэнд, боловсрол зэрэг хувийн хэвшлийн оролцоо тодорхой байдаг салбарт илт ажиглагдахгүй байгаа.

Орон нутгийн засаг захиргааны түвшинд төрийн бус салбарын оролцогчид 20%, хувийн хэвшлийн оролцогчид 15%-ийн "шударга бус" хандах хүлээлттэй байна. Тухайлбал төрийн үйлчилгээний салбарт ажил эрхэлдэг судалгаанд оролцогчдын 11.9%, төрийн албан хаагчдын ердөө 8.3% орон нутгийн засаг захиргаа "шударга бус" хандана гэсэн хүлээлттэй байна.

Төрийн бус болон хувийн хэвшлийн салбарынхан нийлээд хөдөлмөр эрхэлж буй нийт хүн амын 67%-ийг буюу 18-аас дээш насны нийт хүн амын 42%-ийг эзэлж байна.

Орон нутгийн шударга хандлага /салбараар/

Засгийн газрын түвшинд "шударга бус" хандах хүлээлт төрийн бус байгууллагын оролцогчдын 33.3%-тай харьцуулахад төрийн албан хаагчдын хувьд ердөө 7.1% байна. 

Төрийн захиргааны шударга хандлага /салбараар/

Шүүх тогтолцооны хувьд төрийн албан хаагчдын 16.7%, хувийн болон төрийн бус байгууллагын судалгаанд оролцогчдын 23.3% "шударга бус" хандах хүлээлттэй байна. Үүний нэгэн адилаар төрийн өмчийн үйлчилгээний салбараас судалгаанд оролцогчдын 21.2% "шударга бус" хандах хүлээлттэй байна.

Хууль сахиулах байгууллагын шударга хандах хүлээлт нь ижил хандлагатай байсан. Төрийн албан хаагчдын ердөө 15.5% "шударга бус" хандлагын хүлээлттэй байхад төрийн үйлчилгээний салбарын оролцогчид 17.6%, хувийн хэвшил 22.6% болон төрийн бус байгууллагад ажилтай оролцогчдын 26.7% "шударга бус" хандлагын хүлээлттэй байна.

Шүүхийн тогтолцоо шударга хандлага /салбараар/

Хууль сахиулах байгууллагын шударга хандлага /салбараар/

 

Монгол Улсад ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь төсөл

Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа

Энэхүү судалгааг Канадын Засгийн газар, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хийсэн болно. Судалгааг Азийн Сан, Сант Марал сантай хамтран явуулсан бөгөөд судалгааны үр дүн нь Канадын засгийн газар болон канадын Гадаад хэргийн яамны үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.