Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Үзмэрч эмэгтэй Авьяаслаг Монголчуудын тайзнаа өөрийгөө сорилоо

ikon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN

Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн 8-р дугаарт орсон онцлох оролцогчдын талаарх мэдээллийг хүргэж байна.


Авьяаслаг Монголчууд шоуны нэг онцлог бол аль ч насны хүн, ямар ч үзүүлбэрээр орж болдог гэдгээрээ давуу талтай. Хэрвээ та өөрийгөө үнэхээр авьяастай гэж бодож байгаа л бол Монголд хүчээ аваад байгаа энэхүү шоуны тайзыг зорин, юу чаддагаа харуулах боломжтой. Үүнийг баталсан нэгэн содон үзүүлбэр өчигдөр Авьяаслаг Монголчуудын тайзнаа гарлаа. Энэ бол өөрийгөө үзмэрч хэмээн нэрлэсэн Т.Замандий гуай юм. Өмнө нь өөрийгөө зөн билэгтэн, үзмэрч гэж үздэг олон хүмүүсийг бид “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгээс л үзэж байсан бол өөрийнхөө зургаа дахь мэдрэхүйг авьяас хэмээн үзсэн нэгэн эмэгтэй ийнхүү Авьяаслаг Монголчууд шоуны тайзнаа гарсан юм. Тэрээр тайзан дээр гараад шүүгч, хөтлөгчдийн өөрөөс нь нуусан эд зүйлсийг аль шүүгчид байгааг таах ёстой байлаа.

Үзмэрч эмэгтэй маань нуусан эхний зүйлийг Рокет бэй шүүгчид байгаа хэмээн таагаад зогсохгүй, цагаан өнгийн бөөрөнхий зүйл байна гэж хэлсэн нь бараг л оносон шүү. Учир нь Рокет бэй шүүгчийн халаасанд гарын цагаан сувдан зүүлтийг нуусан байсан юм. Харин түүний олох ёстой дараагийн зүйл болох Чимгээ шүүгчийн бөгж Чука шүүгчийн халаасанд байсныг эхлээд мэдээгүй ч дараа нь тааж, бөөрөнхий төмөр зүйл байна гэж бас л дөхүүлж хэлсэн шүү. Гэхдээ үлгэрт итгэхээ байсан Рокет бэй шүүгч түүнийг дэмжсэнгүй. 

Уран гоо биеийн гайхамшгийг мэдрүүлэгч авьяаслаг охин

Авьяаслаг Монголчууд шоуны бас нэгэн шинэхэн дугаар өчигдөр цацагдаж, үзэгч та бүхнийг халуун ам бүлээрээ буйдан дээрээ тухлан суух боломж олгосон болов уу. Өчигдрийн дугаарт багтсан оролцогчдоос бүжигчин охин Э.Ууган-Эрдэнэ уран биеийн хөдөлгөөнийг харуулж, шоуны үзэгч шүүгчдийг бишрүүллээ. Дуучин Нарангийн дуулсанаар үзэгчдийн хүртээл болсон Нутгаа санахуй дууг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Авьяаслаг Монголчууд шоуны шүүгч Ц.Чулуунбат зохиосон юм.

Уг дуу сүүлийн үед мартагдаж эхлээд байсан ч авьяаслаг бүжигчин охин түүний дууг дахин амилууллаа. Түүний үзүүлбэрийн үеэр Чука шүүгчийн нүдэнд нулимс цийлэгнэсэн харагдсан. Тэрээр бүжигчин охин Э.Ууган-Эрдэнээр төдийгүй өөрөөрөө ч бахархаж байгаагаа хэлсэн. Шүүгчдийн анхаарлыг татсан авьяаслаг охин Э.Ууган-Эрдэнэ мэргэжлийн бүжиг дэглээчдээр өөртөө тохирсон шинэ бүжиг дэглүүлэхийн тулд хүмүүст бүжиг заан, төлбөрөө олдог тухайгаа ч нуусангүй. Үзэгч шүүгчдийг гайхшруулж чадсан царайлаг бас чадварлаг бүжигчин охинд амжилт хүсье. 

Авьяаслаг Монголчууд шоуны шүүгч Чимгээгийн хүлээсэн авьяастан

Сүүлийн үед дэлхий дахинаа бүжгийн олон төрлийн урсгалууд хүчээ авч, түүгээр сонирхон хичээллэгч залуусын тоо нэмэгдсээр байна. Манай Монгол залуучууд ч дэлхий нийттэй хөл нийлүүлж, чансаатай бүжигчдийн хэмжээнд жагсахаар болжээ гэдгийг Авьяаслаг Монголчууд шоунд бүжгийн төрлөөр оролцогчдоос харж болохоор байна. Тус шоунд оролцож байгаа залуус Break dance, modern, poping зэрэг олон төрлийн урсгалаар бүжиглэн, өрсөлдсөөр байна.

Харин өчигдрийн дугаарт орсон оролцогчдоос бүжгийн урсгалыг анимейшнтэй хослуулагч Б.Шижирбатын үзүүлбэр сонин содон байлаа. Түүний үзүүлбэрийн төрлийг шүүгчид тэр дундаа Чимгээ шүүгч тэсэн хүлээж байснаа ч нуусангүй. Найзынхаа дурсгалд зориулсан түүний бүжиг үзэгч болоод шүүгчдэд нилээн таалагдсан нь түүний үзүүлбэрийн үеэрх заалны уур амьсгалаас харагдаж байлаа.

Уух юмны соёлыг түгээгч бартендер залуу

Өчигдөр Авьяаслаг Монголчуудын тайзнаа нэгэн өвөрмөц үзүүлбэрийг толилуулсан оролцогч бол А.Ууганбаяр байлаа. Уух юмны соёл төдийлөн хөгжөөгүй манайх шиг улсын хувьд энэ урлагийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа залуугийн зоригийг бахдахгүй байхын аргагүй байлаа. Монголд энэ төрлийг сонирхон хичээллэгчдийн дунд тэмцээн зохион байгуулагдахаа болиод гурван жилийн нүүрийг үзэж байгаа учраас бартендерүүд хөгжих боломжгүй байгааг тэрээр онцолсон юм.

Харин ямар ч төрлийн үзүүлбэр үзүүлж болдог Авьяаслаг Монголчууд шоуны тайз түүнд юу чаддагаа харуулах томоохон боломж байсан болов уу. А.Ууганбаяр энэ урлагаар хичээллээд 8 жил болжээ. Гэхдээ энэ үзүүлбэрээр дамжуулан архи дарс, согтууруулах ундааг сурталчилах гээгүй, ууж идэх соёлыг хөгжүүлэх гэсэн санаа агуулсан нь түүний үзүүлбэрээс тодхон харагдлаа. Тэрээр Монголдоо ургадаг жинхэнэ органик жимс чацаргана, аньс зэргийг оролцуулан найруулсан амтат коктейлоороо шоуны шүүгчдийг дайллаа. Эцэст нь С.Чимгээ шүүгчийн хэлсэнээр, уух зүйлээ ч урлагтайгаар хийцгээе.