Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбат Японоос визийн “олз”-той, харин М.Энхболд Хятадаас зээлтэй ирэх үү

Н.Пунцагболд
2016 оны 10 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон нутгийн сонгууль болж байгаатай холбоотойгоор УИХ-ын чуулган түр завсарлаад байгаа билээ. Төрийн ажлыг урагшлуулах ёстой хэдэн гишүүн маань том машинаа асааж аваад, хөдөөгүүр нэг тарчихлаа. Тэр хойгуур нь УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нь гадаадад хуралд оролцож. айлчлал хийгээд явж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажлаа авснаасаа хойш анхны албан ёсны айлчлалаа Япон улсаас эхлүүллээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаныхаа дараа мэдээлэл хийхдээ “Нэгдмэл үнэт зүйлтэй, нэг бүс нутаг бүхий бидний дотнын түнш Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч байгаа.

Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж итгэлцлийг бэхжүүлэн, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр тогтлоо. Манай хоёр улсын хооронд өндөр, дээд төвшний айлчлалын давтамж ойртож, харилцан итгэлцэл бэхэжсээр байна.

Энэ харилцаан дээрээ суурилж, харилцааг дараагийн үе рүү оруулж, хоёр орны ард түмнүүдийн хэлхээ холбоог зузаатган, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тэлэх зорилго бидний өмнө тавигдаж байна. Миний айлчлалын зорилго ч үүнд чиглэсэн” хэмээн хэлсэн байсан.

Ер нь үе давдаг тоглоом гэж үзвэл Япон Монголын харилцааны үе аль хэдийн гүнзгий шатандаа орчихсон байлтай. Үе үеийн Ерөнхий сайд нар Японд айлчилж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар ярьдаг биз дээ. Одоо шинийн шинэ шатанд гарах болчихсон л баймаар юм. Гэтэл одоогийн Ерөнхий сайд дахиад л шинэ шат ярьж, Японд айлчиллаа.

Хэн нь ч яг жинхэнээсээ шат ахиулаад байгаа юм, бүү мэд. Ерөнхий сайд ирснийхээ дараа Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчидтой уулзахдаа Япон руу явснаа хэлж, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах гэж очоогүй гэдгээ ярьсан байна билээ.

Мөн Монгол-Японы бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хоёр талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцсан.

Мөн дотоодын түүхий эдээ танай технологийг ашиглан боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэмээн хэлсэн байсан. Яг энэ чиглэлээр дорвитой ажлууд ирэх дөрвөн жилд өрнөвөл сайн л байна. Ж.Эрдэнэбат сайдын айлчлалын үеэр Монгол Улсын "Энержи Ресурс" компани Японы “Сумитомо" компанитай нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан гэнэ.

Мөн “Цагаан чулуут” консорциум “Сузуки шоукай” компанитай хамтран ажиллахаар болсон бол “Драй милк” компани Японы “Присай” компанийн хуурай сүүний технологийг Монголд нэвтрүүлэх санамж бичигт гарын үзэг зурж. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр “Сумитомо” группын төлөөлөгч Фуживара “Япон Монгол Улсаас нүүрс импортлох хэрэгцээ, сонирхол бий.

Гэхдээ урт хугацааны тогтвортой хамтран ажиллахын тулд Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцөлийг юун түрүүнд бодит болгох ёстой” хэмээн хэлсэн байсан. Санамж бичигт гарын үсэг зурах яах вэ, байж л байдаг. Бид хэчнээн санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Харин ажил хэрэг болгох л хэрэгтэй байна.

Мэдээж санамж бичиг байгуулснаар нүүрсээ Япон, Солонгос гээд гуравдагч улс руу гаргах хэтийн боломж гарч ирж байгаа нь үнэн. Гэвч Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцөлийг бид хэзээ шийдэж чадах вэ л гэдэг байна. Түүнээс гадна Ж.Эрдэнэбат сайдын Японд очоод шийдсэн нэг асуудал нь дипломат паспорттай албан тушаалтнууд арлын оронд 30 хоногийн хугацаанд визгүй зорчихоор боллоо.

Гэх мэт мэр сэр асуудал шийдсэн. Ямар ч байсан хоосон ирээгүй, “олз”-той. Мөн цаагуураа мөнгө төгрөг гуйсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Монголын эдийн засаг ямар байгаа билээ дээ.

УИХ-ын даргын хөтөлбөр нууц уу

МАН-ын удирдлагууд ойр ойрхон Хятад руу явдаг, очиж уулздаг. Энэ оны гуравдугаар сарын сүүлчээр М.Энхболд дарга тэргүүтэй МАН-ын гишүүд Хятадын Коммунист намын урилгаар очсон. Энэ удаад УИХ-ын дарга М.Энхболд олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад оролцохоор явсан гэнэ.

Ердөө л МАН-ыг төлөөлж олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад оролцож байгаа гэсэн үг. Тэгэхдээ Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс гадна Б.Дэлгэрсайхан тэргүүтэй урд хөрштэй харилцаа бүхий бизнес эрхэлдэг гишүүдээ дагуулаад явжээ. Энэ нь багагүй хардлага, таамгийг төрүүлээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тэд намын чуулга  уулзалтад оролцохын зэрэгцээ Хятадаас 2.2 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай 4.2 тэрбум доллар зээлэх гэж байна. Зээлийн барьцаанд Тавантолгой тэргүүтэй томоохон ордуудаа тавих нь гэсэн хардлага гарч эхэллээ.

Баабар Хятадын талаас хямралыг давахад ах дүүгийн тусламж үзүүлнэ гэсэн. Улмаар элдэв нөхцөл тавихгүйгээр 3-4 тэрбум ам.долларыг манайд зээлэх гэж байгаа хэмээн бичсэн байна билээ. Яг ч авчихна гэсэн юм байхгүй. Гэхдээ эрх баригчдын хийж байгаа үйлдэл бүхэн ийм хардлага дагуулахаар байгаа болохоор яалтай билээ.

Цаашлаад Хятадын хоёр ч банкнаас зээл авахаар хүсэлтээ өгсөн гэх ч асуудал яригдаад байгаа. Уг нь эдийн засагчид “Стэнд бай" хөтөлбөрт хамрагдаж, Олон улсын валютын сантай хамтарч ажиллахыг зөвлөөд байгаа юм.

Хэрвээ ганцхан Хятадаас зээл аваад, тэр дундаа ямар ч нөхцөлгүй байвал дураараа дургиж, дунд чөмгөөр нь жиргээд, зах замбараагүй зарцуулаад л дуусгана.

Харин “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад, төсвөө хяналттай, эмх замбараатай болгоод, ОУВС-гаас тавьж байгаа шаардлагыг биелүүлээд явбал илүү үр дүнтэй гээд байгаа. Харин энэ хувилбар эрх баригчдад таалагдахгүй байгаа гэсэн. Тиймдээ ч Хятадаас мөнгө авчихаад, дураараа зарж үрэхийг хүсч байгаа ч байж болох. Ямар ч байсан нэг их удахгүй эрх баригчид хаанаас “зуурч” байгаа нь тодорхой болно.

Зураг