Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн солиотой сурталчилгаа

Б.Даваахүү
2016 оны 10 сарын 12
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Саяхан нөхрийн утас руу нэгэн нэр дэвшигч залгах нь тэр. Ямар нэг улс төрийн хүчинд харьяалагддаггүй, манайхны хэлдгээр “Саарал” хүмүүсийн тоонд багтдаг бид ч тун их гайхлаа. Гэтэл “Танай дүүрэгт нэр дэвшиж байгаа Б байна.

Нэг нутгийн хүмүүс рүүгээ ярьж мэнд мэдэж байгаа юм. Миний төлөө саналаа өгөөрэй. Бас хамаатан садандаа санал болгож өгнө үү” гээд л эелдэг гэгч нь ярилаа. Ийм явдал дөрвөн жилийн өмнө нь ч давтагдаж байсан санагдана.

Өмнөх сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигч мөн л нэг нутаг гэсээр хэсгийн ахлагчийн хамт гэрт хүртэл зочилж, саналаа өгөхийг хичээнгүйлэн хүсч байсан удаатай.

Харин сонгууль өнгөрөөд л нэг нутгийн биднийгээ мартсан гэхэд хилсдэхгүй. Сонгууль бүрээр л энэ мэт дүр зураг хөвөрнө. Эдүгээ арга нь бүр нарийсч байх шиг. Нэг нутаг уснаас гаралтай хүмүүсийнхээ утасны дугаарыг тэд ядах юмгүй олдог болжээ. Үүнээс өөр ч жишээ байна. Сошиал сүлжээ эрчимтэй хөгжиж буй энэ үед янз бүрийн групп, бүлгэм хэн дуртай нь үүсгэх болсон.

Энэ жишгийн дагуу манай сумынхан ч албан ёсны групптэй болов. Тэгтэл саяхан нөгөө группт маань зарын шинжтэй нэгэн пост нийтлэгдсэн байх нь тэр. Түүнд “Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд манай сумаас хоёр хүн нэр дэвшиж байна. Энэ дүүрэгт ажиллаж, амьдарч буй нутгийн ахан дүүс минь саналаа өгөөрэй” гэх тайлбартайгаар зураг хөргийг нь нийтэлсэн байлаа.

Энэ мэтээр жалга довны үзэл сонгуулийн үеэр бүр хүчтэй эрчимжиж эхлэв. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш Хан-Уулынханд нэгэн содон сурталчилгаа бий болчихоод байгаа. Автобусны буудлын хажууд “Азжаргал гэгч хүний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж буй хүмүүс уриа лоозонгоо барьж, орилолдон олны анхаарлыг татахыг хичээж байсан.

Тэгвэл саяхнаас мөн л нэг намын нэр дэвшигчийн сонгуулийн пиарчид автобусны буудал бараадан зогсч харагдах болов. Намрын сэрүү унасан энэ үед тэд хэрэндээ дулаахан хувцаслаж, нөгөө л нэр дэвшигчийнхээ постерыг барьж орилолдон олны анхаарлыг татахыг хичээж явна.

Тэдний автобусны цонхоор харсан зарим нь “Энэ хэдийг хар хүйтэнд яах нь вэ. Ингэж зогсоогоод хөөрхийг” гээд л өрөвдөх юм. Магадгүй сонгуулийн өрөвдүүлэх тактик байж ч мэднэ. Гэхдээ автозамаар өнгөрсөн бүхэн тэрхүү нэр дэвшигчийн тойрогт харьяалагдах нь юу л бол.

Өнгөрөгч парламентын сонгуульд ажиллан туршлага хуримтлуулсан тэд эдүгээ орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд өнөөх аргаа дахин ашиглаж буй нь энэ бололтой. Ер нь ч тэгээд сонгуулийн нэг сайн тал нь ажилгүйчүүд, оюутнууд цөөхөн ч гэсэн хэдэн төгрөгтэй болдог.

Ингэж ажиллахын тулд зарим оюутнууд хичээлээ тасалж, зарим нь ойр дотнын хэн нэгэн нас барсан гэх мэт хүн итгэхийн аргагүй шалтаг тоочин чөлөө авч сурталчилгаанд ажиллаж эхэлсэн сурагтай. Тэр бүү хэл, зарим их дээд сургуулийн удирдлагууд албан ёсоор оюутнуудаа эрх баригч намын сурталчилгаанд дайчилж эхэлсэн гэнэ билээ.

Сургуулийнхаа удирдлагуудын захиасаар нэр дэвшигчийн сурталчилгаанд дайчлагдсан оюутнуудын шагнал нь “100 А” гэх дүн аж. Ерөнхийдөө улирлын эцэс болох үед сурлага тааруу оюутан гэнэт цоорч, онц төгсвөл гайхаад байх зүйлгүй гэсэн үг. Энэ мэтээр сонгуулийн солиотой гэмээр сурталчилгааны хэлбэрүүдийг нэг нэгэнгүй бичвэл цаг, цаас ч хүрэлцэхгүй нь.

Зураг