Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын урамшууллын систем цаашид үргэлжлэх үү?

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сар бүр хэвлэгддэг болон Ebarimt.mn сайтад бүртгүүлдэг НӨАТ-ын баримтын тоо буурч байгааг Гааль Татварын Мэдээллийн Төв УТҮГ-аас мэдээллээ.

2016 оны нэгдүгээр сарын 1-нд буюу баримт бүртгэж эхэлсэн өдөр Ebarimt.mn сайтад 1,500 баримт бүртгүүлж, дөрөвдүгээр сар хүртэл тасралтгүй өссөн байна. Тухайн үед ААН-үүд сард дунджаар 20 сая баримт хэвлэж, иргэд 10 сая орчмыг нь бүртгүүлдэг байжээ. 

Харин сүүлийн саруудад баримт хэвлэх болон бүртгүүлэх тоо буурсан үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар сард 18-19 сая баримт хэвлэгдэж, иргэд 6-7 сая баримт бүртгүүлж байгаа аж.

Оны эхний найман сарын байдлаар нийт 154 сая баримт хэвлэгдэж, 60 сая гаруй баримтыг Ebarimt.mn сайтад бүртгүүлсэн байна.
Сугалаанд хожсон иргэдийн 39 хувь нь хонжвороо авчээ

2016 он гарснаас хойш буюу НӨАТ-ын урамшууллын систем ажиллаж эхэлснээс хойш 15 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагджээ. 

15 удаагийн сугалааны тохирлоор нийт 151,208 хүн 20,000-20,000,000 төгрөгийн хонжвор хожсон байна. Нийт дүнгээр иргэд 6 тэрбум гаруй төгрөгийн хонжвор авах эрхтэй хэдий ч сугалаанд хожсон иргэдийн 39 хувь нь буюу 58,952 иргэн нийт 2,390,280,000 төгрөгийн хонжвор авчээ. 

График 1: Нэгдүгээр зэргийн урамшуулал буюу 100,000,000 төгрөгийн хонжворыг хожоогүй учир графикт оруулаагүй болно. Хоёр удаа супер шагналын азтан тодорсон ч баримтаа бүртгүүлээгүй байна.

График 2: Гурав болон дөрөвдүгээр зэргийн урамшуулал хожсон болон хонжвороо авсан иргэдийн тоо.

График 3: Тав болон зургаадугаар зэргийн урамшуулал хожсон болон хонжвороо авсан иргэдийн тоо.

Иргэд азтан болсноо мэдсэн хэдий ч хүсэлтээ илгээгээгүй тохиолдолд хонжвороо авч чадахгүй байгаа ажээ. Сугалааны хонжвор таарсан иргэдийн хувьд тохирол явагдсанаас 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах боломжтой бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн иргэнийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцох журамтай.

Л.Зориг: 2017 оны төсөвт НӨАТ-ын буцаан олголтын санг суулгах ёстой

Намжмал байдалд ороод байгаа НӨАТ-ын урамшууллын систем цаашид үргэлжлэх эсэх талаар Татварын Ерөнхий Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зориг МҮОНТ-ийн "Цагийн хүрд" хөтөлбөрт өгсөн ярилцлагаараа хариулт өгчээ.

Тэрбээр "НӨАТ-ын урамшууллын системийг цаашид үргэлжлүүлнэ. Уг систем хэрэгжиж эхэлснээс хойш буюу оны эхний найман сарын байдлаар 1,000 гаруй ААН шинээр НӨАТ төлөгч болж бүртгүүлээд байна.

Ирэх оны эхэнд иргэдэд олгохоор төлөвлөсөн учраас 2017 оны төсөвт буцаан олголтын санг суулгах ёстой. Шууд ирэх оны эхэнд буцаан олголтыг бөөнөөр нь олгоход хэцүү. Тиймээс улирлаар эсвэл сар, сараар нь үе шаттай олгох байх гэж бодож байна" хэмээн ярьжээ.

Видео: