Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Торгоны замын хуралд оролцох 150 орчим төлөөлөгчид Монгол Улсад ойролцоогоор нэг тэрбум төгрөгийн орлого оруулна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  зохион байгуулах гэж байна.

Анх 2015 оны зургаадугаар  сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын БОАЖ-ын  сайд Д.Оюунхоролд ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй” төсөл санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах санал тавьсан. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс бид энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулах, энэхүү брэндийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд “өмчилж авахад” энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм.    

Мөн энэхүү хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд дараахь ач холбогдолтой болно. Үүнд: 

  • Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан “Монгол Улс нь нүүдлийн соёл - аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилгыг хэрэгжүүлэх алхам болно
  • Хуралд олон улсын 150 орчим зочид төлөөлөгчид оролцох ба Монгол Улсад 4-5 хоног байрласнаар ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютын орлогыг онгоцны нислэг, зочид буудал, үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан оруулна.
  • Хурлын үеэр шууд 100 гаруй, шууд бус 800 гаруй ажлын байрууд идэвхжинэ.
  • Хурлын дараах жуулчдын тоон өсөлтөөс Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрийг 2017 оноос оруулах боломжтой.
  • Монгол Улсын талаарх сурталчилгаа ДАЖБ-ын гишүүн 157 орнууд, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдэнэ.
  • Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчдыг татах өргөн боломж бий болно.
  • Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын эх өлгий нутаг болохыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд баталгаажуулах боломжтой.
  • Торгоны замын аялал жуулчлалд үндэсний аялал жуулчлалын брэндийг бий болгоно.

Уг хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, НҮБ –ын ДАЖБ-ын  гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдахаар түрүүчээсээ ирж байна. 

Дэлхий нийтээр даяаршиж буй өнөө үед нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, эдүгээ дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байрыг бий болгож, экспорт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлдэг, ард иргэдэд шууд үр шимээ өгдөг салбар болсон юм.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2015 онд дэлхий дахинд 1.1 тэрбум гаруй хүн аялж, салбарын өсөлт 5 хувьд хүрсэн бөгөөд 2030 он гэхэд дэлхий дахинд 1.8 тэрбум хүн аялах урьдчилсан таамаглалтай байна. 

Манай орны хувьд аялал жуулчлалын өнгө төрхөө дэлхийн зах зээлд тууштай таниулах аливаа нэг брэндийг сонгож, түүнийгээ тогтмол, давтамжтайгаар дэлхийн аялал жуулчлалын зах зээлд сурталчилснаар гадаадын жуулчдыг олноор татах, салбарын өсөлтийг хангах, улмаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өргөн боломжтой. Нөгөө талаас эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилт тавьсан хэдий ч өнөөг хүртэл салбарын өсөлт хангалттай биш үндэсний брэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болохгүй байна. 

Иймээс бид 2015 онд олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Би” үзэсгэлэнд түнш орноор амжилттай оролцон, мөн “Нүүдэлчдийн замаар аялахуй” хэмээх аяллын төрөлд манлайлагч орон байх, бусад улс орнуудаас түрүүлэн энэхүү брэндийг Монголын гэсэн тодотголтой болгож, улмаар олон улсад өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх тал дээр тууштай ажиллаж ирлээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.