Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунхорол: Би нэг ширхэг шонхорыг ч гадагш гаргах тухай зөвшөөрөл олгох ЭРХГҮЙ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хууль бус ан агнуур буюу идлэг шонхор болон угалзын агнуурын талаар өнгөрсөн Баасан гарагт Монголын Мэргэжлийн Анчдын Холбооны тэргүүн Б.Хурцгэрэл мэдээлэл хийж, энэ нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Уг асуудлаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн Газраас сүүлийн жилүүдэд идлэг шонхор шувууг Ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг хориглосон бөгөөд зөвхөн төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийж буй Ойрхи Дорнодын бүс нутгийн өндөр албан тушаалтнуудад соёлын зориулалтаар гадагш гаргах зөвшөөрөл олгож байгаа аж.

Энэ талаар БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол “Мэргэжлийн Анчдын Холбооны тэргүүн Б.Хурцгэрэл өнгөрсөн Баасан гарагт хэвлэлийн хурал хийсэн байна. Бид өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байна. Гэхдээ бүхэл бүтэн яам, засгийн холбогдолтой мэдээлэл хийж байгаа бол үндэслэлтэй, үнэн зөв мэдээллийг хүргэх шаардлагатай. 

Өнөөдөр Д.Оюунхорол гэгч сайд нэг ширхэг шонхорыг ч дур зоргоороо гадагш гаргах зөвшөөрөл олгох эрх байхгүй.

Хүний санаанд багтамгүй худал зүйлийг мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа явдалд маш их харамсаж байна. Тийм учраас манай яамнаас энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно.

Идлэг шонхорыг гадагш гаргах энэ төрлийн бизнес өмнө нь цэцэглэж байсан. Ц.Оюунгэрэл сайдын үед үүнийг соёлын зориулалтаар болон төрийн өндөр дээд хэмжээний булангийн орнуудыг айлчлах үед олгоно гэсэн Засгийн Газрын тогтоол шийдвэр гарчихсан байгаа. Энэ дагуу олгодог уламжлал хэвээрээ байгаа” хэмээн тайлбарлалаа. 

Энэ жил Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар нууц тогтоол гарсан бөгөөд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийж байгаа бүх хүний мэдээлэл тухайн иргэний үндэсний аюулгүй байдлын үүднээс нууцын зэрэглэлтэй байдаг байна. Энэ жилийн хувьд Персийн булангийн орнуудаас төрийн дөрвөн том өндөр дээд хэмжээний айлчлал хийгджээ. 

Энэ талаар тэрбээр “Өмнө нь айлчлал нэрийдлээр шонхорыг хууль бусаар худалдах, арилжаалах наймааны хэрэгсэл болгож ашигладаг байсан.

Энэ удаад манай яам засгийн газраас өөрийн биеэр айлчлал хийж буй тохиолдолд шонхор шувууг олгох нь зүйтэй, соёлын болон бэлгийн журмаар олгохыг журмандаа нийцүүлсэн нь дээр гэж үзээд шийдвэр гаргасан байгаа” гэлээ.

БОАЖЯ-наас уг асуудлыг холбогдох газрын дарга болон яамны нэр хүндэд халдсан гүтгэлгийн чанартай, үндэслэлгүй мэдээллийг цацсан гэж үзэж байгаа юм.

 

Энэ тухай Хүрээлэн Буй Орчин Байгалийн Нөөцийн Удирдлагын Газрын дарга Д.Даваасамба “Яамыг гүтгэсэн, сайдыг гүтгэсэн, намайг ч мөн адил аргал угалзтай холбогдох хэргээр гүтгэсэн мэдээлэл хийсэн байна.

БОАЖЯ нь шонхор шувууг гадаадад гаргах зөвшөөрөл олгодоггүй. Энэ нь Засгийн Газраас тогтоол гарч хэрэгжиж явдаг хуультай. 

Ерөнхийдөө булангийн орнуудын манай улстай харилцах харилцаанд шонхорын сонирхол байдаг нь үнэн.

Гэвч булангийн орнууд өөрсдөө шонхор шувууг ЮНЕСКО-д Соёлын өвдөө бүртгүүлсэн байдаг. Тийм учраас зургаар үзүүлсэн шонхор шувууг олноор нь агнасан асуудал байхгүй гэж үзэж байна. 

Мөн 2015 онд 2016 онд тусгай зориулалтаар агнуулах Засгийн Газрын 463-р тогтоол гарсан. Үүнд: Угалз-60, Тэх-70, Халиун буга-30, Саарал чоно-20, Бор гөрөөс-10, Зэрлэг гахай-10, Цагаан зээр-150 гэсэн журам гарсан” хэмээн тайлбарлав.

Шонхор шувууг гадаад орнуудад гаргах асуудлаас гадна жилд 4,000 болон түүнээс дээш тооны шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж үрэгдэх тохиолдол гардаг гэсэн судалгааг БОАЖЯ-наас гаргажээ.