Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сайн хувьцааны муу сураг

Б.Энхзаяа
2016 оны 10 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Сонгууль. Энэ үг адын ид шидтэй. Алтан загас, бэрд, шидэт дохиур л гэсэн үг Сонгууль эхлэхэд ард иргэд бид “Алтан загас”-ны эмгэн болж хувирна. Гэхдээ эмгэний адын шунал алтан загас руу шилжээд тэд өөрсдөө л бэлгээ бариад тонгочино. Бэлэг нь хэмжээтэй бас хугацаатай. Ингэж хэлэхээр та 1,072 хувьцааг санаж байгаа биз.

Ч.Сайханбилэгийн 3acгийн газар сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө төрийн хайр энэрлийг үзүүлэх шиг болсон доо. Нэг өдрийн хуралдаанаараа л “Сайн” гэх тодотголтой санал худалдах нь тодорхой хөтөлбөрүүдийг  тамгалаад шидэж орхисон. Түүний нэг нь “Сайн хувьцаа хөтөлбөр байв.

Тавантолгойн 1,072 хувьцаа иргэн бүрд ногдсон явдал аль 2008 оны сонгуулийн популист амлалт. Иргэн бүр хувьцаатай эсэх нь гарт баригдаж нүдэнд харагдахааргүй, нэрийг нь сонсохоос гавьдаггүй 1,072 хувьцааны гуравны нэгийг найман жилийн дараа Шийдлийн Засгийн газар иргэдээсээ худалдаж авахаар болсон нь түүнийг амь оруулсан явдал байлаа.

Өөрөөр хэлбэл, иргэн бүр 1,072 хувьцаатай гэдгийг баталгаажуулж өгсөн хэрэг. Ингэснээр Тавантолгойг хулгайлах, дээрэмдэх нөхдүүд хүн бүрээс 1,072 хувьцааг нь авах шаардлагатай болж таарна.

“САНХҮҮЖИЛТ СУУГААГҮЙ УЧРААС ХөТөЛБӨРИЙГ ЗОГСООСОН”

Харамсалтай нь сүр бадруулж эхлүүлсэн “Сайн хувьцаа” хөтөлбөр хэдхэн хоногийн настай байлаа. Хувьцаа худалдах ажиллагаа сонгууль болохоос гурван долоо хоногийн өмнөөс эхэлж долоо хоногийн эхний өдөр бүр хувьцаагаа худалдсан иргэдийн дансанд 100, 100 мянгаар орж эхэлсэн билээ.

Зарим хүн явцын дунд банктай гэрээ байгуулж, хувьцаагаа худалдах болсон. Сонгуулийн өмнөх өдөр гурав дахь 100 мянган төгрөг орсноор “Сайн хувьцаа” хөтөлбөр жаргасан. Сонгуулийн дүнд Шийдлийн Засгийн газар бүрэн огцорч, санаачилсан сайн, муу хөтөлбөрүүд нь эзэнгүйдэж эхэлсэн.

Хамгийн гол нь Монгол Улсын иргэн бүрийн ирээдүйн баталгаа гэж зарласан 1,072 хувьцаа юу болж үлдсэн нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хамгийн сүүлд өнгөрсөн долоодугаар сард Сангийн яам “Төлөвлөгөө ёсоор долоодугаар сарын 10-ны өдрөөс өмнө хувьцааны мөнгийг арилжааны банкуудад шилжүүлж, иргэдэд өгч дуусах байсан.

Гэтэл сонгууль, улсын баяр зэрэг үйл явдлууд давхцаж энэ асуудал удаашраад байлаа. Энэ сарын /долоодугаар сар/ 23-нд Сангийн яамны сайд солигдож албан тушаалаа хүлээн аваад байна. Шинэ сайдын үүрэг чиглэлээс хамаарч хувьцааны мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх тодорхой болно” гэснээр сураг тасарсан.

Тэгвэл таны, миний худалдсан хувьцааны үлдэгдэл мөнгө, үлдэгдэл хувьцаа юу болох тухайд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхан “Сайн гэсэн тодотголтой бүхэн зогссон. Санхүүжилтийг энэ оны төсөвт суулгаагүй учраас өөр оновчтой хувилбарыг судлахыг сайд нарт даалгасан” гэж тайлбарлалаа.

ХУВЬЦАА худалдсан өртгийг бид төлнө

Ингээд “Сайн хувьцаа” хөтөлбөр он гартал хэрэгжихгүй болох нь тодорхой байна. Үнэндээ энэ хөтөлбөр гэгээлэг нэрнээсээ эсрэгээр, муу үр дагаврыг улсад авчраад байна. Популист амлалт гэгдэж буй энэ хөтөлбөрийг Ч.Сайханбилэгийн танхим санаачлахдаа халаас хоосон байсан билээ.

Тухайн үед Засгийн газарт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө байгаагүй, төсөвт ч суугдаагүй байхад хөтөлбөр болгон баталж олон нийтэд зарласан нь эдийн засагчдыг алмайруулсан. Чухамдаа хөтөлбөр хэрэгжүүлэх мөнгө хаанаас гарч ирэв гэж.

Гэтэл Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард маш өндөр хүүтэй 11 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээр босгожээ. “Энэ бол шууд дампууралд хүргэх өртөгтэй зээл” гэж судлаачид анхааруулсаар өдий" хүрлээ. Гэтэл тэрхүү мөнгө анхнаасаа сонгуулийн санал худалдах зорилготой байсныг батлах нэг жишээ бол "Сайн хувьцаа” хөтөлбөр буюу 1,072 хувьцаа юм.

"Олон улсын зах зээл дээр босгосон өндөр хүүтэй өрийг монголчууд л төлнө. Зээлийн хүү ийм өндөр мөнгө, ялангуяа 6.5 хувиас давбал эргэж төлөгдөх боломжгүй. Ялангуяа эдийн засгийн чадавх муутай, дээд түвшиндээ авлига ихтэй Монголд энэ нь эдийн засгийг зориудаар дампууруулсантай ялгаагүй шийдвэр болсон” гэж эдийн засагч ярьж байна.

Нэг үгээр хэлбэл, миний хоттой хониноос надад зарж байгаатай агаар нэг, өндөр хүүтэй бонд босгож түүгээр ард иргэдээсээ хувьцааг нь худалдаж аваад хүүг нь буцаагаад дарамт болгожээ. Засаг төр иргэд бидэндээ ингэж л ханджээ.

Зураг