Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Үйл ажиллагаа нь ЖИГДЭРСЭН ч ирээдүй нь БҮРХЭГ байгаа Хүүхэд харах үйлчилгээний төвүүд

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас үүдэж хүүхдүүд гэртээ цоождогдох болсноор олон асуудал урган гарсан. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ-аас 2015 оны долоодугаар сарын 2-ны өдөр “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль баталсан билээ.

Уг хуулийн үндсэн зорилт нь “Эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн бичжээ.

Тэгвэл хуулийн хэрэгжилт ямар шатанд очсоныг мэдэхээр Баянгол дүүргийн Модны 2-т байрлах “Ундарваа” хүүхэд харах үйлчилгээний төвтэй танилцлаа.

Гаднаасаа хувийн цэцэрлэг шиг хаяг, самбартай газар угтан авав.

“Ундарваа” төв 15 хүүхэдтэй. Хуулийн дагуу нэг хүүхэд харах үйлчилгээний төвд 15-аас дээш хүүхэд байх боломжгүй ажээ. Харин нэг хүнд 5 хүртэлх тооны хүүхэд “хариуцуулдаг” тул тэд гурван багштай юм байна. Өдөр 11:00 цагийн үед очиход хүүхдүүд ширээндээ сууж өдрийн тарагаа уух гэж байв. Хүүхэд харах үйлчилгээний төвийн хүүхдүүд цэцэрлэгийн хөтөлбөрөөр өдрийг өнгөрүүлдэг байна.

“Ундарваа” төвийг үүсгэн байгуулагч Д.Алтанчимэг холбооны инженер мэргэжилтэй ч өөрийнхөө сонирхлыг дагаж хүүхэдтэй ажиллах сонголт хийжээ. Хуулийн дагуу Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж буй иргэн 40 цагийн сургалтад хамрагдах ёстой байдаг. Энэ жишгийн дагуу тэрбээр сургалтдаа суужээ.

Харин тус төвийн үлдсэн хоёр багш нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй.

"Хүүхэд харах үйлчилгээний төв цэцэрлэгээс хамаагүй давуу талтай байх ёстой"
 

Д.АлтанчимэгХүүхэд харах үйлчилгээний төв Монголд шинэ учраас бид Швейцарь, Норвеги зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас жишээ авсан. Хүүхэд харах үйлчилгээний төв цэцэрлэгээс хамаагүй давуу талтай байх ёстой. Нэгдүгээрт цөөхөн хүүхэдтэй. Нэг хүн таван хүүхэдтэй ажиллаж байгаа учраас хүүхэдтэйгээ тулж ажиллах боломж илүү байдаг.

Хүмүүс цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд л Хүүхэд харах үйлчилгээнд явдаг гэж ойлгодог. Харин бид анх энэ төвийг байгуулахдаа цэцэрлэгээс илүү байлгана гэж зорьсон” гэж онцолж байв.

“Ундарваа” төв гурван өрөө, хоёр угаалгын өрөө, үүдний өрөө, хоолны өрөөтэй. Гурван өрөөний хамгийн том өрөөнд хүүхдүүд тоглож, хичээлээ хийдэг бол, үүнээс арай бага өрөөнд нь унтдаг. Харин жижиг өрөөндөө хүүхдүүдийн орыг хураасан байна.

Энэ байр үүсгэн байгуулагчийн хувийн эзэмшлийнх бөгөөд төвөө байгуулахад нэлээн хөрөнгө оруулалт хийсэн нь харагдана. Учир нь хувийн цэцэрлэгт байх ёстой бүхий л зүйлсийг худалдан авч, тохижуулсан аж. Өөрөө ч үүнийгээ “Сэтгэлээ шингээсэн” хэмээн онцолж байсан юм.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ 5 ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛЖЭЭ
 

Тус төв сардаа нэг хүүхдээс 70 мянган төгрөг авдаг. Илүү цагаар хүүхдээ харуулдаг эцэг эхчүүд 20 мянган төгрөг нэмж төлнө. Үүн дээр улсаас хоол, урсгал зардлын мөнгийг нэг хүүхдийн 113,000 төгрөгөөр тооцож өгдөг ажээ.

Гэхдээ улс энэ мөнгөө хараахан өгөөгүй байна. Ноднин жил нэг сар хагасын мөнгийг авсан бөгөөд намрын эхний сарын мөнгө олгогдоогүй. Гэтэл шинэ УИХ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг 2021 он хүртэл хойшлуулсан байна.

Энэ нь уг үйлчилгээ эрхлэгчдийн санааг зовоож буй асуудал болоод байгаа юм. Төсөв мөнгөний шалтгаанаар хойшлуулсан хэдий ч нэгэнт үйл ажиллагаа нь жигдрээд явж буй хүүхдүүдийг хэрхэх вэ гэдэг асуудал тодорхойгүй үлджээ. Хэрэв төвүүдийн үйл ажиллагааг зогсоовол нийслэлд Хүүхэд харах үйлчилгээний төвд хамрагдсан 2,500 гаруй хүүхэд яах вэ.

Тус үйлчилгээг эрхлэгчид төр засгийн шийдвэрээс болж яах учраа олохгүй байдалд оржээ. Ямар ч байсан нэгдсэн холбоо байгуулж, үйл ажиллагаагаа цаашид явуулахын төлөө дуу хоолойгоо өргөхөөр зэхэж байна.

Ардчилсан намынхан төрийн эрх барьж байх үедээ энэхүү хуулийг сүр дуулиантайгаар баталж байлаа. Гэтэл ганцхан жилийн настай хууль байжээ. Хэдийгээр таван жилийн дараагаас хэрэгжүүлж эхлэхээр болсон боловч дөнгөж үндэс суурь нь тавигдаж, үйл ажиллагаа нь жигдэрч буй төвүүд энэ хугацаанд эргэж босох уу?

Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын цэцэрлэгийн асуудлыг бага ч болон шийдвэрлэж, ачааллыг нь хуваалцаж буй Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн ирээдүй бүрхэг байна. 

ГЭРЭЛ ЗУРГУУД