Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн Хятад иргэд рэп дууны эсрэг тэмцэж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

YG нэрээрээ алдаршсан Америк рэппер “Meet the Flockers” нэртэй дуу бүтээж 2014 оны тавдугаар сард YouTube сүлжээнд байрлуулж байжээ. Гэтэл саяхнаас энэ дууны эсрэг Америкийн Хятад гаралтай иргэд ширүүн тэмцэл өрнүүлж эхэлсэн байна. Одоо л тэдний анхаарлын төвд орж ирсэн уг дуунд хэрхэн Хятад айлд нэвтэрч хулгай хийхийг зааварладаг аж. “Хятадууд банканд итгэдэггүй тул мөнгөө гэртээ хадгалдаг” гэх мэтийн үгтэй уг дууны видеонд Хятад айлыг ухаж байгаа хулгайч нар гардаг юм байна.

Тэгвэл Америк дахь Хятад иргэдийн нийгэмлэг Цагаан ордонд эсэргүүцэл илэрхийлэх хөдөлгөөн өрнүүлж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Зорилго нь уг дууг хориглох. Хууль ёсоор хэрвээ 100,000 иргэний гарын үсэг цуглаж чадвал засгийн газраас 30 хоногийн дотор хариу өгөх ёстой юм байна.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр хэсэг Хятад бизнесмэнүүд Холбооны Мөрдөх Товчоо, хуулийн байгууллагуудад зочилж видеог устгах хүсэлтээ илэрхийлсэн гэнэ.

Гэвч тэд видео бүтээгчдийн эрхэнд халдаж болохгүй хуулийн заалттай бөгөөд шууд устгах боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Рэп дуу нь зөвхөн Америкт асуудал үүсгэсэнгүй, эх газрын Хятадын сошиал сүлжээ Вэйбод нийтлэгдэж шуугиан дэгдээжээ.

Түүгээр ч зогсохгүй Хятадын хэвлэл мэдээллүүдээр тарсан нь байдлыг хурцатгасан байна.

YG гэгддэг рэппер Кинон Рэй Жэксон өмнө нь хулгайч байсан, түүнийгээ нуудаггүй нэгэн гэнэ. Түүний олон дуу гэмт хэргийн агуулгатай байдаг ажээ. Одоогоор YG энэ асуудалтай холбоотой ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post