Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийн илрүүлэлт НЭМЭГДЖЭЭ

Б.Ану
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"С" гэх эмэгтэй "Ц" гэх эрэгтэйтэй гэр бүл болохын тулд "Ц"-ын хүүхэд болох долоон настай хүүхдийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн хэрэг гарсан байж болзошгүй талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлсэн.

Тус хэргийг буюу захиалга авч үйлдсэн гэж сэжиглэгдэж буй этгээд нь өдгөө 18 настай "Б" гэгч аж.  

Есдүгээр сарын 6-нд болсон энэ хэргийг "С", "Б" нар үйлдсэн нь нотлогдвол гэмт хэрэгтнүүд "тав алхахгүй" цагдаа нарт баригджээ.  Олон нийтийг цочирдуулсан энэ хэрэг Дорнод аймгийн Хэрлэн суманд гарчээ. 

Хэрвээ "С" нь аавтай нь суухын тулд хүүхдийг хөнөөлгөж, хүүхдийг үгүй хийчихвэл түүнтэй суучих юм байна гэж төсөөлж чадсан бол энэ хэддүгээр зууны ЗЭРЛЭГ балмадаараа байгаа сэтгэлгээ вэ.

Мөн энэ сарын эхэнд буюу есдүгээр сарын 1-нд Архангай аймгийн Хангай сумын Хэрх багийн нутгаас Англи улсын иргэн 53 настай Стив Нэш нас барсан байна гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж хэргийг шалгахад Архангай аймгийн харьяат, 1981 онд төрсөн, эрэгтэй "Г" гэгч  Англи улсын иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байна. 

Тус этгээд  хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг устгах оролдлого хийсэн бөгөөд Стив Нэшийн цээжин тус газар нь гадсаар зоон ЗЭРЛЭГ аргаар хөнөөсөн тухай зарим эх сурвалжууд дурдсан. 

Сэжигтнийг мөн л цагдаагийнхан төд удалгүй баривчлан шалгаж байгаа тухайгаа ЦЕГ-аас энэ сарын 12-нд  мэдээлж байв. 

Ямартай ч энэ сард олон хүнийг цочирдуулсан хүн амины хоёр гэмт хэрэг хоёулаа орон нутагт гарлаа. Хэдийгээр орон нутагт ажилгүйдэл их, иргэдийнх нь боловсрол бага, архидалт их зэрэг нь гэмт хэргийн гаралтад нөлөөлж магадгүй гэх таамаглал дэвшүүлдэг ч гарч байгаа зэрлэг балмад хэргүүд нь яг дээрх шалтгаануудаас болж байна уу гэдгийг нотолж тогтоосон судалгаа байхгүй.

Нөгөөтэйгүүр иргэдийн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд итгэдэггүй буюу өөрсдийн үйлдсэн хэргийг цагдаа нар илрүүлж чадахгүй гэсэн гэнэн бодлоос үүдэн аймшигт хэргүүд үйлдэж байх магадлалтай. Жишээ нь бусдын хүүхдийг захиалгаар хөнөөлгөх гэмт хэрэг бол тодорхой хэмжээнд судалгаа хийж төлөвлөгөө гаргаж бусдын амь насыг хохироож байгаа явдал. Түүнээс агшин зуурын уур бухимдал, санамсаргүй хийсэн үйлдэл биш байлтай. Тэгэхээр өөрийн хэргээ баригдахгүй гэж үзсэн учраас л энэ аймшигт хэргүүдийг  хийж байна. Тэгвэл монголын цагдаа нар тийм басч болохоор нөхөд гэж үү. 

Энэ оны наймдугаар сарын байдлаар сэжигтэн нь тодорхойгүй байсан 10,443 хэргийн 6,280 буюу 60.1 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 0.7 пунктээр, нийслэлийн хэмжээнд 0.8 пунктээр өссөн байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн ихэнх нь буюу 60 хувийн эзэн холбогдогч тогтоогдож энэ тоо ч өсч байгаа талаар статистик мэдээлэлд дурджээ. 

Гэхдээ нэг харамсалтай тоо нь гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгаа ч нөгөө талд гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Үүний логикийг Монголд ГЭМТ ХЭРЭГТНҮҮД олширч цаана нь олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна гэсэн үг. 

Тодруулбал, 18 ба түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох гэмт хэрэг 2016 оны эхний найман сард улсын дунджаар 98 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 буюу 2.1 хувиар нэмэгджээ. 

Гэмт хэрэгтнүүд хэрэг үйлдэхдээ мэдээж баригдахгүй л гэж хэрэг хийдэг байлгүй. Тэгвэл тэд яагаад баригдахгүй гэж бодож байна вэ гэх судалгаа манайд алга. Дээр дурдсанчлан хууль цагдаагийн байгууллагынханы чадавхийг басч байна уу. 

Эсвэл төрийн албанд очиж баруун солгойгүй мөнгө идэж авлига хээл хахуулиар баяжсан ч баригдалгүй эсвэл авлига хээл хахуулийн замаар хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээхгүй амьдарч байгаа хүмүүсийн буруу үлгэр дуурайл нийгэмд ийм хөгийн сэтгэхүйг өгч байна уу. 

Үнэндээ бол Монголын цагдаа нийт гэмт хэргийн 60 хувийн эзэн холбогдогчийг илрүүлнэ гэдэг олон улсад өндөр үзүүлэлт болдог талаар эх сурвалж мэдээлсэн юм. 

Тэгэхээр гэнэн ард олонд цуутай гэмт хэрэгтнүүд, гэмт хэргүүд илрэхгүй байгаад хууртан өөрсдөө гэмт хэрэгтнүүд болсоор байна уу. 

Монголын хувьд хүн ам цөөтэй, элдэв улстөр, элдэв ашиг сонирхол л ороогүй бол монголын цагдаа жирийн иргэний үйлдсэн хэргийг асуудалгүй илрүүлдэг гэдгийг бид олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн сүүлийн хоёр дуулиант хэргээс харлаа.