Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Озоны давхарга нимгэрэхийн АЮУЛ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

- Өнөөдөр Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр - 

Энэ өдрийг угтан БОНХЯ-наас бэлтгэсэн Озоны давхаргын талаарх мэдээллийг хүргэж байна.


Энэ жилийн Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдрийн сэдэв нь Венийн конвенц болон Монреалийн протоколд оролцогч Талууд өнгөрсөн гучин жилийн хугацаанд озоны давхаргыг нөхөн сэргээх болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах талаар дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүргийнхээ төлөө Талуудын хамтын хүчин чармайлтаа нэгтгэж байгааг илэрхийлж байна.

Озон задалдаг бодисыг бууруулах талаарх олон улсын хамтарсан хүчин чармайлтын үр дүнд, озоны давхарга байгалийн жамаар нөхөгдөн сэргэж байгаа ба энэ зууны хагас гэхэд бүрэн нөхөгдөх магадлалтай болоод байна.

Түүнчлэн Монреалийн протоколыг хэрэгжүүлж, озон задалдаг бодисыг бууруулах менежментийг сайтар хийсний үр дүнд агаар мандал дахь 135 тэрбум тонн буюу түүнээс илүү нүүрсхүчлийн хий ба түүнтэй тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад асар их хувь нэмэр оруулжээ.

2016 онд манай улс Монреалийн Протоколд фтортнүүрсустөрөгчийн (ФНУ/HFC) төрлийн бодисыг бууруулах тухай асуудлыг шинээр нэмэлт өөрчлөлт болгон оруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Шинжилгээ судалгааны мэдээллээс үзвэл Монреалийн протоколын үзэл санааны хүрээнд озоны давхаргыг цаашид үргэлжлүүлэн хамгаалж, фтортнүүрсустөрөгчыг (ФНУ/HFC) бууруулж чадвал энэ зууны эцэс гэхэд дэлхийн дулаарлыг 0.4 хэмээр багасгах боломжтой аж.

Озон ба озоны давхарга

Озон нь хүчилтөрөгчийн 3 атомын (O3) нэгдлээс бүрддэг хурц үнэртэй хөх өнгийн хий юм. Озон нь агаар мандлын давхарга болох орчих мандал болон давхраат мандалд тархан оршдог. 

Озоны ихэнх хувь буюу 90% нь давхраат мандалд илэрдэг ба энэ нь газрын гадаргаас дээш 10-16 километрээс эхэлж 50 орчим километр хүртэл үргэлжилнэ. Үүнийг озоны давхарга гэх бөгөөд дэлхийд амьдрал үүсэж, бий болсон тэр үеэс хойш өнөөг хүртэл нарны хэт ягаан туяаны (UV-A/UV-B) аюулаас шим ертөнцийг хамгаалж ирсэн бамбай юм.

Озон задалдаг бодис ба озоны давхаргын нимгэрэл

Эрдэмтэд хлорфтортнүүрстөрөгч (ХФН/CFC) хий буюу хөргөлтөнд ашигладаг хий агаарт алдагдснаас шалтгаалж озоны молекулыг (O3) задлан, озоны давхарга дахь озоны хэмжээ багасаж улмаар давхраат мандал дахь озоны үе давхарга задарч буйг 1970-аад оны үеэс судлан тогтоожээ.

Хлорфтортнүүрстөрөгч (ХФН/CFC) болон бусад хлор, фтор, бром, агуулсан нүүрстөрөгчийн нэгдлийг агуулсан бодисуудыг озон задалдаг бодис (ОЗБ) гэдэг. Үүнд гидрохлорфторт нүүртөрөгчийн (ГХФН/HCFC) төрлийн бодисууд мөн адил хамаарагдана.

Озон задлах чавдар багатай ч дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө өндөртэй хүлэмжий хий болох фторт нүүрсустөрөгчийн (ФНУ/HFC) төрлийн бодисыг сүүлийн жилүүдэд ОЗБ-ыг орлуулах бодис болгон хэрэглэж байна.

Энэхүү CFC, HCFC, HFC төрлийн бодисуудыг ихэвчлэн хөргөх тоног төхөөрөмж, агааржуулагч, хөөсөнцөрийн XPS-шахмал полистрол хавтан, шүршдэг тансаг үнэртэн, гал унтраагуурт ашиглах болон харилцаа холбооны салбар, нэг удаагийн тариур зэрэг нарийн тоног төхөөрөмжүүдийг цэвэрлэхэд хэрэглэдэг. Энэхүү бодисууд нь озоны давхаргыг гэмтээгээд зогсохгүй дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй.

Озоны давхарга нимгэрэх нь нарны хэт ягаан туяаны хөнөөлт цацраг (UVB) дэлхийн гадаргад шууд тусаж хүний дархлалын системийг доройтуулах, нүдэнд цагаа унах, арьсны хорт хавдар үүсгэх, арьсыг эрт хөгшрөөх зэрэг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ургамлын ургац буурах, давжаарах зэрэг хүнсний аюулгүй байдал болон аж амьдрал, хүрээлэх орчинд сөргөөр нөлөөлж байна.

Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагаа

Олон улсын конвенц, протоколоор нэгдэн орсон Тал – улс орнууд хүүлээсэн үүргээ үе шаттайгаар биелүүлсээр байгаа билээ. Монгол улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Үүнд:

  • Хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох үүргийнхээ дагуу Улсын их хурал “Агаарын тухай” хуулийн 25 дугаар зүйл, “Химийн хорт бодисын тухай” хуулийн зарим заалтуудад озон задалдаг бодисын талаарх харилцааг зохицуулж, Засгийн газраас баталсан холбогдох журмуудад тусгасан.
  • 2010 онд хлорфтортнүүрстөрөгч (ХФН/CFC) төрлийн бодисын импорт, хэрэглээг бүрмөсөн зогсоосон.
  • Дараагийн шатны зорилт болох дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн (ГХФН/HCFC) төрлийн бодисын хэрэглээг 2030 он хүртэл бууруулах, улмаар бүрмөсөн зогсоохтой холбогдуулан “Монгол улсын гидрохлорфторт нүүрстөрөгчийн (ГХФН/HCFC) хөргөх бодисын менежментийн хөтөлбөр”-ийг боловсруулсан бөгөөд 2011 онд Озоны давхаргыг хамгаалах конвенцийн удирдлага дээрх хөтөлбөрийг баталсан болно.
  • Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар хамгийн бага буюу уур амьсгал, озоны үе давхаргад халгүй хөргөх бодис, технологийн талаарх судалгаа хийх хөтөлбөрийг мөн 2014 онд баталсан.
  •  “Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д  хлорфтортнүүрстөрөгч (ХФН/CFC) болон 34 нэр төрлийн гидрохлорфторт нүүрстөрөгчийн (ГХФН/HCFC) төрлийн хөргөх бодис тус тус орсон. Мөн “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт”-д давхар орсоноор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна.
  • “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт”-д HCFC-141b болон HCFC-22 хөргөх бодисыг технологидоо ашигладаг хөөсөнцөрийн тоног төхөөрөмжид хориг тавьсан.
  • Озоны давхаргаа хамгаалахд хууль эрх зүйн орчноос гадна хувь хүн аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд байгальд ээлтэй, озоны үе давхаргыг гэмтээхгүй “ozone friendly” эсвэл “non HCFC” , “non HFC” гэсэн шошготой байгалийн хөргөх бодис агуулсан хөргөх тоног төхөөрөмжүүдийг (хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, хөргөх лангуу, жимс жимсгэнэ-хүнсний ногоо-махны зоорь, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай агааржуулагч, серверийн өрөөний хөргөх тоног төхөөрөмж, XPS-шахмал полистрол хавтан үйлдвэрлэлийн шугам, полиуретан дулаалгатай сэндвич хавтан зэрэг) худалдан авахыг зөвлөж байна.

Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагаа нь нэн тэргүүнд хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэдэг. Иймд иргэн бүхэн өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд хувь нэмэр оруулахын тулд Озон задалдаггүй бодис бүхий хөргөлтийн тоног төхөөрөмжийг сонгон худалдан авч, хэрэглэж сурахыг уриаллаа.


Эх сурвалж: БОНХЯ