Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Нэр Томьёоны комиссыг СЭРГЭЭН байгууллаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 15
iKon.MN
 

Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн дэргэд Орон Тооны бус Салбар Зөвлөл болон Улсын Нэр Томьёоны комиссыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

2005 онд Монгол Хэлний тухай хууль батлагдан гарсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны долдугаар сарын 1-нд Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл байгуулагдан ажиллаж байна.

Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн даргаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд ажилладаг бөгөөд зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй юм.

Улсын нэр томъёоны комиссыг сэргээн байгууллаа

Монгол Улс дэлхийн олон улстай олон талт нээлттэй гадаад бодлого баримтлах болсонтой холбоотойгоор шинэ нэр томьёо олноор буй болж байна.

Энэ нь хэлний “цэвэр ариун” байдалд нөлөөлж байгаа тул эдгээр үг хэллэгийг орчуулах, нэр томьёог оноон тогтоох зайлшгүй шаардлага бий болсон. Энэ үүднээс Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн дэргэд Нэр Томьёоны Комиссыг сэргээн байгуулж байгаа аж.

Анх 1924 оны гуравдугаар сарын 28-нд Судар Бичгийн Хүрээлэнгийн дэргэд Нэр Томьёоны Комиссыг 10 салбар комисстойгоор байгуулж байсан түүхтэй юм. Улсын Нэр Томьёоны Комисс нь Монгол Улсын дотор дагаж мөрдөх бүх нэр томьёог эрдэм шинжилгээний үндэстэйгээр боловсруулан баталж, түүнийг нийтээр журамлах ажлыг эрхлэн явуулдаг улсын байгууллага байжээ. 
 

Энэ талаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Хэлбичгийн ухааны доктор, профессор М.Баярсайхан “Нэр томьёоны хувьд Монгол Хэл шинжлэлийн мэргэжилтнүүдээс аль болох монгол нэр өгөхийг зөвлөдөг. Янз бүрийн товчилсон эсвэл шууд гадаад үгээр нэрлэсэн байгууллагууд олон байна. 

Зарим байгууллагууд олон үйлчлүүлэгчтэй байх үүднээс нэршилдээ гадаад үгийг ашиглаад байдаг. Шууд Хэлний Зөвлөлөөс солихыг шаардах эрх байхгүй учраас үүнээс зайлсхийх хэрэгтэй гэж зөвлөх байна.

Ерөнхийдөө аливаа нэр томьёо, хаяг, зар сурталчилгаа зэрэг нь алдаагүй байхаас гадна Монгол хэлээрээ байх ёстой. Мөн бид үндэснийхээ бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, дээдлэх, нийтэд сурталчлах дэлгэрүүлэхийн төлөө сэтгэлтэй байх хэрэгтэй.

Монгол бичиг бол янз бүрийн ур хийцтэйгээр бичигдэх боломжтой байдаг учраас гадны үг хэллэг хэрэглэхийн оронд үндэсний бичгээ өргөн хэрэглэх нь зүйтэй юм" хэмээн тайлбарлалаа.

Монгол хэлний хуулийн 21.7.5-д эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах тухай заалт буй. Энэ заалтыг Нэр томьёоны комисс цаашид мөрдөж комиссын гишүүн байгууллагуудтай нягт хамтран ажиллах юм.

Үйл ажиллагааны хүрээнд нэр томьёоны цахим толь, өмнөх гарсан 147 цуврал бүтээлийг эмхлэн судалгааны эргэлтэд оруулах, нэр томьёоны комиссын мэдээ сэтгүүлийг улирал бүр хэвлэн нийтийн хүртээл болгох ажлыг зохион байгуулж ажиллах юм байна. 

Орон тооны бус салбар зөвлөлийг байгууллаа

Монгол хэлний хуулийн 17.1.1-д аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нар энэ хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, мөн хуулийн 21.7.9-д төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргахаар тус тус заасны дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Орон тооны бус салбар зөвлөлийг байгуулж байна.

Монгол Улсын хэмжээнд Орон тооны бус салбар зөвлөлийг байгуулж ажилласнаар Монгол хэлний хууль хэрэгжих орчин бүрдэж, харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд (21 аймаг, нийслэл, 329 сум, 9 дүүрэг, яамд ) монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чухал ахиц гарах юм.
 

Энэ талаар Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны дарга Н.НарангэрэлУИХ-аас 2015 оны хоёрдугаар сард Төрийн албан ёсны хэлний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьснаар Монгол Хэлний Тухай Хууль батлагдсан.

Орон тооны бус салбар зөвлөл байгуулснаар бид илүү хуулийн орчинг хянаж үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах боломж бүрдэж байгаа. Орон Тооны бус Салбар Зөвлөлийг яамдууд, нийслэл болон 21 аймаг 329 суманд байгуулж ажиллаж байгаа.

Мөн Хэвлэл мэдээллийн байгууллагуудад Орон Тооны бус Салбар Зөвлөлийг байгуулсан байгаа” гэлээ.