Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч хоёр дасгалжуулагчийн тэмцлийг ДЭМЖИВ

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Рио-2016" Олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, хүрэл медөльт Д.Отгондалай, амжилттай оролцсон Г.Мандахнаран болон чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын талаар Ерөнхийлөгч өөрийн Фэйсбүүк хуудастаа нийтэлсэн байна.

Тэрбээр "Олимпоос медаль авсан Доржсүрэнгийн Сумъяа, Доржнямбуугийн Отгондалай болон медалиа атгаад алдсан Ганзоригийн Мандахнаран, дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр, Бямбаренчингийн Баяраа нартай уулзав.

Монголынхоо нэрийг хамгаалж зүтгэсэн эдгээр тамирчид, дасгалжуулагчдаар бахархахгүй байхын аргагүй. Монголынхоо нэр төрийг хаана ч өмөөрч байх хэрэгтэй" хэмээжээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч чөлөөт бөхийн дасгалжуулагчдад хандан "Шударга бус зүйл, хуйвалдаан, авлигатай Монгол хүн хаана ч тэмцэж байх хэрэгтэй. Олон улсад Монголын нэрийг бусадтай өрсөлдөж гаргана гэдэг амаргүй. Үүнийг манай тамирчид, дасгалжуулагчид хамгийн сайн мэддэг хүмүүс. Та хоёрын тэр эсэргүүцлийн үйлдлийг би хувьдаа спорт гэж агуу зүйлийг муу, шударга бус зүйлээс салгахад маш их цочоо, дохио өгсөн үйлдэл боллоо. Спортод оруулсан Монголчуудын сайн хувь нэмэр гэж харж байна. 

Би ард түмнээ, төрөө төлөөлж байгаагийн хувьд та хоёртой цуг байгаа.

Ер нь манай хоёр дасгалжуулагчийн тэмцэл зөвхөн хоёр дасгалжуулагчийн тэмцэл биш. Монгол Улсын тэмцэл. Спортыг шударга болгохын төлөө Монголчуудын хийж байгаа тэмцэл гэж бодож байна. 

Энэ үйлдлийг хүмүүс янз бүрээр л ярьж байгаа. Урамшуулж байгаа хүмүүс бий, буруутгаж байгаа хүмүүс ч бий. Тэр болгоныг адилхан сонсоод даваад гарах сэтгэлийн тэнхээтэй гэж та хоёрыг харж байна. Би ард түмнээ, төрөө төлөөлж байгаагийн хувьд та хоёртой цуг байгаа" гэлээ.

Дараа нь Г.Мандахнаранд хандан "Шударга ёс гэж байдаг л бол тэр медаль Мандахнарангийнх. Чи үнэхээр тулалдаж, барилдаж, тэмцэж олж авсан ололт гэж харж байгаа. 

Ер нь одоо эргээд харахад Мандахнарангийн барилдаан та хоёрын тэмцлийн үр дүнд медалиас үнэтэй ололт бий болж байна. Би хувьдаа медаль Манданхнарангийнх гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа" хэмээн хэллээ.

Уулзалтын бичлэг: