Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Настнуудаа мөлжих үрс

Б.Цэцэгсүрэн
2016 оны 9 сарын 6
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Оршин суугаа хорооллын маань ойролцоо 70 орчим насны нэгэн өвөө жин тавиад суудаг юм. Нартай, бороотой өдөр ялгалгүй суудаг буурал өвөөгийн насыг нь хүндэтгэн өнгөрсөн хүн бүхэн жингээ үзнэ. Гартаа цүнхтэй, эсвэл тортой явбал өвөө түүнийг нь авч, өвөр дээрээ тавьж байгаад үнэн сэтгэлээсээ жинг нь үзэж өгнө.

Жинлэхдээ үнэрхэхгүй, 100 төгрөг л авна. Мөнгөтэй явж таарвал буурал өвөөд ядаж сүүний мөнгө өгөх юмсан гэж эрмэлздэг юм. Жингээ үзүүлээд илүү мөнгө өгөх бүрд өвөө өнөөх мөнгийг магнайдаа хүргэн алдан баярлаад авах нь өрөвдмөөр. Тэтгэврийн хэдэн төгрөгөө урьдчилаад зээлчихсэн буурай аяга цайны сүүгээ авах мөнгө олохын тулд ийнхүү суудаг хэмээн нэгэн удаа учирлаж билээ.

Гудамжинд ийнхүү суудаг өвөө ганцхан тэр биш. Урдаа цаасан жижиг хайрцаг тавьсан хөгшчүүд гудамжинд баян, аккордеон тоглоно, бүжиглэнэ, хуурдана. Аахар шаахар зүйл, бохь, тамхи, чихэр сэлтийг ширхэглэж зарна. Ажилдаа явах замдаа та ч гэсэн иймэрхүү дүр зургийг өдөр бүр хардаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ оны долоодугаар сарын байдлаар Тэтгэврийн даатгалын сангаас өндөр настнуудад нийт 553.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр өгсөн хэмээн тайлагнажээ.

Тэгвэл энэ олон тэрбум төгрөгийг хаанаа хийчихээд хөгшчүүд гудамжинд гарч сууна вэ? Тэтгэврийн зээлтэй гэж олонх нь хариулах биз ээ. Өөрөө өөрийнхөө төлөө зарцуулах санхүүгийн эх үүсвэргүй монгол иргэдийн эгнээг тэтгэвэрт гарсан хөгшчүүд тэлсээр байна. Та анзаарч хараад нэг үзээрэй. Олон хүний хөлийн газарт голдуу хөгшчүүд жин тавьж, чихэр зарж, тамхи ширхэглэж сууна.

Өнгөрсөн гуравдугаар сард орон сууц болон тэтгэврийн зээлийн хүүгийн асуудлаар хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулсан юм. Энэ үеэр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун “Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна” гэсэн нэгэн том асуудлыг хөндсөн.

Гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа 270 орчим мянган хүний эрх ашгийг хамгаалсан энэ асуудлыг Монголын олон нийт төдийлөн анзаарч, асуудал болгоогүй, тэгсхийгээд намжсан билээ. профессор Л.Оюун судалгаагаар тогтоожээ.

“Бид судалгаа хийгээд үзтэл нэгдүгээрт, энэ мөнгө тэтгэврийнхэнд буюу мөнгөний эзэнд хүрэхгүй, өөрсдөө хэрэглэхгүй байгаа нь тогтоогдсон. Тэтгэврийн зээлийн мөнгөө юунд зориулсан бэ гэсэн асуулгад хамаатан садандаа өгсөн гэж дөрвөн хувь, гэр бүлдээ зориулсан хэмээн 36 хувь, хүүхдүүддээ 40, өөртөө гэж 20 хувь нь хариулсан.

Зээлийн зориулалтыг үзэхэд ихэнх нь буюу нийт судалгаанд оролцогчдын 40 хувь нь хүүхдүүддээ зориулсан ба энэ нь ихэвчлэн хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, эсвэл хүүхдүүдээ өрх тусгаарлахад нь тусалсан байдаг байна.

Тэтгэврийн зээлийн мөнгөө юунд зориулсан бэ гэсэн асуулгад хамаатан садандаа өгсөн гэж дөрвөн хувь, гэр бүлдээ зориулсан хэмээн 36 хувь, хүүхдүүддээ 40, өөртөө гэж 20 хувь нь хариулсан. 

Харин гэр бүлийн хэмжээнд зориулагдсан зээл нь ихэвчлэн гэрт хэрэгцээтэй байгаа цахилгаан бараа, тавилга зэргийг авахад зарцуулагддаг. Харин хамаатан саданд зориулсан зээл нь бэлэг, дэмжлэгт зориулагдсан байдаг бол өөртөө тэтгэврийн зээлээ зориулсан өндөр настнууд нь ихэвчлэн яаралтай эмчилгээний мөнгө хэрэг болсон хэмээн хариулсан” талаар доктор, профессор Л.Оюун ярив.

Мөн тэтгэврийн зээл санхүүгийн хувьд ашиг авчирсан, эсэхийг нь тэд хөгшчүүдээс лавлаж. Асуултад 84 хувь нь ашиггүй, өөрөөр хэлбэл, зээл аваад түүгээрээ орлого бүтээгээгүй, ашиг аваагүй гэж хариулсан байна.

Яаралтай эмчилгээнээс бусад үед тэтгэврээ зээлж авч зүрхэлдэггүй хөөрхий хөгшчүүд тэгвэл тэтгэврийн зээлтэй үедээ хэрэгцээт мөнгөө хаанаас олдог бол? “Тэтгэврийн зээл олгохдоо эргэн төлөлтийг нь 100 хувь сарын тэтгэврээр нь төлөвлөчихдөг учраас хөгшчүүдийн гар дээр нэг ч төгрөг ирэхгүй.

Энэ хугацаанд хамаатан саднаасаа авдаг гэж зургаан хувь нь хариулсан бол хүүхдүүдээсээ 52 хувь, бусад гэж 32 хувь нь хариулсан” хэмээн Л.Оюун багш тэмдэглэв. Хэдэн жилийн өмнө гудамжинд “цагаан утас” тавиад суудаг байсан, харин өнөөдөр жин тавьж, чихэр, тамхи ширхэглэн зарах нь хөгшчүүдийн чухам “бусад” хэмээн тодотгосон орлогын нэг хэлбэр нь биз ээ.

Нас, зүс зааж, голж шилж ажилд авдаг болсон, нөгөөтэйгүүр ажилгүйдлийн эгнээ зузаарч байгаа өнөө цагт тэтгэврийн хөгшчүүд ажил хийх боломж ту н чиг хязгаарлагдмал. Гандангийн хашаанд будаа зарж хэрэгцээний хэдэн төгрөгөө олдог хөгшчүүд ч бий.

Эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун багшийн хийсэн эл түүвэр судалгаа мэдээж бүх ахмадыг хамруулаагүй ч Улаанбаатар хот, орон нутгийн 2374 өндөр настныг хамарч чаджээ.

Нийт ахмадын нэг орчим хувийг хамарсан ч Монголын нийгмийн ерөнхий төрх ерөөсөө л ийм. Судалгаанд оролцогчдын 64 хувь нь тэтгэврийн зээл гурваас дээш удаа авч байсан бол хоёр удаа авсан нь 28 хувь, нэг удаа зээлсэн нь ердөө найман хувийг бүрдүүлж байна.

Зээл нь зориулалтаараа ашиглагдаад тухайн зээлдэгчид нийт зээлээ хүүгийн хамтаар төлөөд, дээр нь өөрт нь ашиг орлого авчирсан бол тухайн зээл авсны зорилго биелүүллээ гэж үздэг. Тэгвэл Л.Оюун багшийн судалгааны дүнгээр тэтгэврийн зээл авсан хөгшдийн 84 хувь нь санхүүгийн ямар ч үр ашиг авч чадаагүй байна.

Хүү минь машин авах гэж байхад би туслалгүй яах вэ гээд тэтгэврээ сайн дураараа зээлдэг хөгшчүүд байхад хүү, охин эсвэл хүргэн, бэр нь хүчээр тэтгэврийн зээл авахуулах тохиолдол Монголын нийгэмд бий.

Тэтгэврийн зээл олгохдоо эргэн төлөлтийг нь 100 хувь сарын тэтгэврээр нь төлөвлөчихдөг учраас хөгшчүүдийн гар дээр нэг ч төгрөг ирэхгүй. 

Дурын банкин дээр очоод жаахан удаан суувал та ийм үзэгдэл олж харах болно. Зарим тохиолдолд тэтгэврийн зээлийн хүү нь бага тул бусад төрлийн зээлээс илүү гавьяаныхаа амралтаа эдэлж суугаа аав, ээжийнхээ амьжиргааны хэдэн төгрөг рүү хүүхдүүд нь гар дүрдэг тохиолдол ч бий.

Cap, сард нь аав, ээждээ буцааж төлж байгаа тодорхой хэсэг байхад буцааж төлөлгүй авч байгаа нэг хэсэг ч бас бийг гудамжинд нар, салхинд “элэгдэж” суугаа хөгшчүүд гэрчилнэ.

Тэгвэл тэтгэврийн зээлээс зээлийн хооронд амьдралаа залгуулж, тэр зуураа гудамжнаас “орлого” олох замаар амьдардаг хөгшчүүдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? Энэ асуултыг Л.Оюун багшид тавихад “Хоёр хувилбар байж болно. Нэгдүгээрт, тэтгэврийн зээл ерөөсөө өгөхөө больё. Олон орны туршлагыг харахад тэтгэврийн зээл байдаггүй.

Хүмүүс ажил хийж байх үедээ мөнгө хадгалчихсан, тэтгэвэрт гарсан хойноо тэр мөнгөө хэрэглээд явдаг, зээлийн хэрэг байдаггүй. Тийм учраас манайд ийм зээл байх ерөөсөө шаардлагагүй байна. Хоёрдугаар хувилбар нь, зээл өгье. Гэхдээ өгөхдөө бусад зээлтэй адил зарчмаар өгье.

Тодруулбал, зээл эргэн төлөхдөө тэтгэврийн 45 хувь хүртэл мөнгөөр нь төлүүлье. Үлдсэн 55 хувийг нь гар дээр нь тавья” гэлээ.
Судалгааны үеэр хоёр дахь хувилбарыг хөгшчүүдэд санал болгоход тэдний 84 хувь нь үүнийг дэмжжээ.

Тэтгэврийн зээлийн дундаж хугацаа нь 1.5 жил байдаг ба ийм зээл олгодог болсон цагт хөгшчүүд cap бүр өөрийн мэдлийн хэдэн төгрөгтэй үлдэх боломжтой болох юм. Хөгшчүүдийн хэрэглээ юу л шалих вэ, түүгээрээ цайны сүүгээ авч, сайн л бол ач, зээгээ эрхлүүлнэ биз.

Цаашилбал, хөгшчүүд тэтгэвэрт гарангуут ядуусын эгнээнд орохгүй байх, тэднийг хүчээр оруулахгүй байх нэг шийдэл нь энэ юм. “Хөгшчүүдийн нийгмийн асуудлыг шийдье, цаашилбал ядуурлыг бууруулъя гэвэл тэтгэврийн зээл хэрэггүй” хэмээн Л.Оюун багш тэмдэглэсэн юм.

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулъя гэх санал санаачилга хааяа гардаг. Гэхдээ хүү бууруулснаар хөгшчүүдийн ядуурал шийдэгдэхгүй, харин ч хүү бага байх тусам тэр зээл рүү хошуурах залуучуудын тоо нэмэгдэх биз ээ.

Гудамжинд алхаж яваа гадаадын жуулчдыг харахад дийлэнх нь хөгшчүүд байдаг. Хийдгээ хийж, бүтээсэн гадаадууд гавьяаныхаа амралтыг эдэлж, насаараа хураасан хөрөнгөө сэтгэл зовох зүйлгүй зарцуулж явна. Тэдэнтэй л адил хийж бүтээсэн, хүүхдийнхээ төлөө бүхнээ хийсэн хөөрхий Монголын ахмадууд яагаад насны эцэст гудамжинд газар шагайж суух ёстой гэж?

Зураг