Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Төвлөрлийг бууруулах хэрэгцээ ба жишиг

З.Цэлмэг, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 30
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Бидний мэдэх эрчим хүчний уламжлалт ойлголт замхарч эхлэв. Нэг том станц, эрчим хүчний байгууламжаар бүхэл бүтэн хот, бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангах нь өнөө цагт маш өндөр эрсдэлтэй болжээ.

Үүнийг батлах хамгийн тод жишээ гэвэл, Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осол болон байгалийн гамшигт үзэгдлүүдийн дэд бүтцэд учруулж буй хохирлуудыг нэрлэж болно.

Цаашлаад террорист халдлага ч эрчим хүчний төвлөрсөн бүтцийн эрсдэл болж хувирав. Тиймээс л хотыг бүхлээр нь, бүс нутгийг даяар нь эрчим хүчээр хангахын эсрэг хөдөлгөөн энд тэнд өрнөж эхэлжээ.

Хэсэг бүлэг оршин суугч, суурин гацааны дэргэд бичил станцууд байгуулан, нэгдсэн сүлжээнд холбох нь эдийн засгийн болоод экологийн эрсдэл багатай хэмээн үзэх боллоо. Энэ утгаараа улс орнууд эрчим хүчний бодлогоо өөрчлөөд байна.

Тухайлбал, Эрчим хүчний төвлөрлийг арилгах дэлхийн холбооноос явуулсан нэгэн судалгаагаар АНУ ирэх 20 жилд эрчим хүчний төвлөрсөн бус системд хөрөнгө оруулах нь төвлөрсөн станцуудад хийх хөрөнгө оруулалтаас капиталын зардлыг л гэхэд 400 тэрбум ам.доллараар хэмнэх тооцоо гарчээ.

Хэсэг бүлэг оршин суугч, суурин гацааны дэргэд бичил станцууд байгуулан, нэгдсэн сүлжээнд холбох нь эдийн засгийн болоод экологийн эрсдэл багатай хэмээн үзэх боллоо. 

Мөн төвлөрсөн станцуудын нийлүүлж буй эрчим хүчний тал хувь нь хаягдал болдгийг тус байгууллага онцолсон байна. Харин олон жижиг станцыг нэгдсэн сүлжээнд холбох нь эрчим хүчний уян хатан байдлыг нэмэгдүүлж, болзошгүй осол гамшгаас сэргийлэх давуу талтай.

Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой хувилбар нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх болоод байна. Тиймээс ч 2015 онд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт 286 тэрбум ам.долларт хүрч, шатдаг түлшнийхээс хоёр дахин давжээ.

Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал 134 гВт-аар нэмэгдсэн. Үүний дотор нарны болон салхин турбинууд тэргүүлж байна. Ингэснээр дэлхийн нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2014 онтой харьцуулахад 9.1 хувиар нэмэгдэж, 10.3 болов.

Тонгоруулж хэлбэл, уг тооны тусламжтай 2015 онд 1.5 гига тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаас дэлхий нийт сэргийлж чаджээ. Харамсалтай нь, шатдаг түлшний эрчим хүчний эх үүсвэрээс ялгарах хорт утааны хэмжээ 2020-2040 онд 10 хувиар нэмэгдэх хандлагатай байна.

НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн гаргасан Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвөөс үзвэл хөгжиж буй орнуудын сэргээгдэх эрчим хүчинд хийж буй хөрөнгө оруулалт хөгжингүй орнуудынхаас давжээ.

Хятад, Энэтхэг тэргүүтэй хөгжиж буй орнууд сэргээгдэх эрчим хүчинд 156 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь нэг жилийн дотор 19 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин хөгжингүй орнуудынх найман хувиар буурч, 130 тэрбум ам.доллар болсон байна.

Хөгжингүй Азийн хандлага

Хөгжингүй орнуудын дотор Японд эрчим хүчний төвлөрлийг бууруулах ажил хамгийн хойрго байдгийг Токио дахь Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн ахлах эдийн засагч Ёшиаки Шибита хэлэв.

Үүний шалтгаан нь тус улс эрчим хүчний төвлөрсөн болон үр ашигтай түгээлтийг уян хатан зохион байгуулахыг чухалчилдагтай холбоотой аж. 2013 онд тохиосон цунамигийн гамшгаас өмнө япончууд эрчим хүчний төвлөрсөн систем нь цахилгаан түгээх хамгийн найдвартай, хямд арга зам гэж үздэг байв. Харин одоо бол байдал өөрчлөгдсөн.

Наран улс 2030 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 24 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлэх зорилт тавьсан. Үүнийг биелүүлэхэд нэн түрүүнд эрчим хүчний төвлөрсөн станцуудыг цөөлөхөөр болов.

2009 оноос Японы хотуудад түлшний элементийн технологид суурилсан 150 гаруй мянган станц суурилуулаад байна. Түлшний элементийн технологи нь шаталтын үйл явц дээр биш цахилгаан химийн урвалд суурилдаг тул хамгийн бага бохирдол гаргадаг.

Японы Түлшний элемент болон устөрөгчийн стратегийн зөвлөл 2020 он гэхэд цахилгаан автомашины 160 цэнэглэх станц барихаар төлөвлөсөн бөгөөд таван жилийн дотор тоог нь хоёр дахин нэмэх төлөвлөгөө боловсруулжээ.

Нэг талаар эрчим хүчний аюулгүй байдал, бас гамшгийн түвшинд хүрсэн агаарын бохирдлоо бууруулах гээд нэг сумаар хоёр туулай онилсон улс. 

Харин Японы энэ жишгийг хятадууд үр дүнтэй, эсэхэд эргэлздэг. Тус улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Нэг талаар эрчим хүчний аюулгүй байдал, бас гамшгийн түвшинд хүрсэн агаарын бохирдлоо бууруулах гээд нэг сумаар хоёр туулай онилсон улс.

Харамсалтай нь, байшингийн дээвэрт нарны самбар суурилуулах ажил нь төсвөөс болоод ахиц муутай байгааг www. decentralized-energy.com цахим хуудаст мэдээлжээ.

Хятадын Засгийн газар нэг кВт эрчим хүчинд 0.06 ам.долларын байхаар төсөвлөсөн байна. Олон улсын эрчим хүчний зөвлөлийн зөвлөлөөс тооцоолсноор Хятад улс хотын дулааны эрчим хүчний 60 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах болсон бөгөөд энэ системд 330 хот холбогдсон байдаг аж.

Тэгвэл эрчим хүчнийх нь 98 хувь импортоос хараат байдаг Тайвань шатдаг түлш болон эрчим хүчний төвлөрсөн бүтцийг олон жилийн турш хөгжүүлж ирсэн туршлагатай. Гэвч 2012 оноос тус улсын Эрчим хүчний газар орон сууцны дээвэр дээр нэг сая ширхэг нарны фото-цахилгаан PV систем суурилуулах хөтөлбөр эхлүүлжээ.

Мөн үндэсний эрчим хүчний хөтөлбөрийн хоёрдугаар шатанд эрчим хүчний төвлөрлийг бууруулах ажлыг 2014-2018 онд хэрэгжүүлэхээр болсон байна. 36 мянга гаруй ам метр нутаг дэвсгэртээ нийт 18 ширхэг эрчим хүчний виртуаль станц байрлуулж, сүлжээнд холбожээ.

Уг системийн тусламжтай зүүн эргийн салхины нөөцийг эрчим хүч болгон хувирган, хэрэглэж байна. Мөн шинэ Засгийн газар нь эрчим хүчний хараат байдлыг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд нарны болон салхины эх үүсвэр бүхий эрчим хүчийг үргэлжлүүлэн хөгжүүлэхээ мэдэгдсэн байна.

2011 онд Японы Фүкүшима атомын цахилгаан станцын ослын дараа манай гуравдагч хөрш болох Өмнөд Солонгос эрчим хүчний төвлөрлийг бууруулж, Сөүлийн эрчим хүчний хэрэглээгээ 23 тВт-аар бууруулах амбицтай зорилт тавьсан юм.

Энэ зорилтоо 2014 онд өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр болжээ. Үүний зах зухаас дурдвал нарны фото-цахилгаан PV системээс 320 мВт, түлшний элементийн технологиор 230 мВт, 12 мянган орон сууцны эрчим хүчний үр ашгийг боловсронгуй болгох, LED технологи бүхий гэрэлтүүлгийн тоог найман саяд хүргэхээр ажиллаж буй.

Гэхдээ тус улс нарны PV систем байгуулах боломж нөөц харьцангуй бага бөгөөд үүнийг түлшний элементийн технологи хангалттай орлодог байна.

Хэрэглээний хандлага ч бас өөрчлөгдөнө

Манай гараг дээр эрчим хүч хүртдэггүй 1.1 тэрбум хүн бий. Эдгээрийн ихэнх нь Африк болон Зүүн Өмнөд Ази, Энэтхэгийн оршин суугч аж. Тиймээс эдгээр бүс нутагт “ховрын бараа” болсон эрчим хүчийг үр ашигтай зарцуулах шийдлийг салбарынхан олжээ.

Шинэ технологид суурилсан тэдгээр шийдэл харанхуй бүс нутгийн орон нутгийн хөгжилд бодитой дэм болж, тэр ч бүү хэл айл өрхүүдийн орлогыг нэмэгдүүлдэг байна.

Эрчим хүчний төвлөрлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, зах зээл нь эрчимтэй тэлж буй. Тухайлбал, фото-цахилгаан PV системийн төхөөрөмжийн зах зээл гэхэд 300 сая ам.доллараар хэмжигддэг.

Жилд 44 сая ширхэг төхөөрөмж 70 гаруй оронд борлуулагддаг байна. Тиймээс олон компани “ховрын бараа”-г бүтээлчээр ашиглах шийдэл хайж эхлэв.

Манай гараг дээр эрчим хүч хүртдэггүй 1.1 тэрбум хүн бий. Эдгээрийн ихэнх нь Африк болон Зүүн Өмнөд Ази, Энэтхэгийн оршин суугч аж. 

АНУ, Австрали, Хятад зэрэг орны алслагдсан суурингуудад байшингийн дээвэрт байрлуулсан нарны эрчим хуримтлуулах дэлгэцүүдийг нэг сүлжээнд нэгтгэн жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмждэг аж. Харин Балбын орон нутгийн эдийн засагт жижиг оврын усан цахилгаан станцууд гол түшиг тулгуур нь болдог байна.

Үүний адил бодит жишээ Африк тивд их бий. Тухайлбал, Танзанид “Off-Grid Electric” компани орон нутгийн иргэдийг бизнес эрхлэх боломж олгосон нэгэн шинэ шийдэл нэвтрүүлжээ.

“Business in a box” төхөөрөмжийн тусламжтай Танзанийн үсчний газрууд, бар, ресторанууд бүгд нарны эрчим хүчээр хангагдах болсон байна. Уг төхөөрөмж нэг орой зарцуулах керосин болон лаатай ижил зардал гаргах боловч 25 дахин илүү гэрэлтүүлж, зурагт, радиогоо ч нэмж холбох боломжтой аж.

Түүнчлэн Германы “Mobisol’’-ын Зүүн Африкийн 50 мянган өрхөд байрлуулсан нарны дэлгэцийн гуравны нэгийг бизнесийн зорилгоор ашигладаг байна. Үүний тусламжтай жижиг, дунд бизнес эрхлэгчид жилд нийтдээ таван сая ам.доллар олсон гэсэн тооцоо гаргажээ.

Тэгвэл Сомальд сэргээгдэх эрчим хүчийг айл, өрхийн гэрэлтүүлэг, агааржуулагчаас илүү ресторан, дэлгүүрүүдэд ашиглах санаачилга өрнөж байна. Мөн Малид орон нутгийн худалдааны төв, оёдлын цех, нарийн боовны үйлдвэр, радио станц, банк, эмийн сангууд болон мэдээлэл технологийн үйлчилгээг нарны эрчим хүчээр хангах болов.

“Business in a box” төхөөрөмжийн тусламжтай Танзанийн үсчний газрууд, бар, ресторанууд бүгд нарны эрчим хүчээр хангагдах болсон байна.

Харин хөгжиж буй орнуудаас сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцээрээ толгой цохиж буй Энэтхэгт дээрхтэй ижил үйлчилгээг “Smart Power” хэмээх эрчим хүчний жижиг сүлжээ үзүүлээд удаагүй байна. Зорилтот сегментийн бизнес эрхлэгчдийн 70 хувь нь уг үйлчилгээг авах болжээ.

Мөн бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь нь “Smart Power” сүлжээг ашиглан бизнесээ өргөжүүлэх сонирхолтойгоо илэрхийлсэн гэдэг. Энэтхэгт дэлгүүрүүдээс гадна хөргөх агуулах, гагнуур, болон шахуургатай худгийн эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч байх нь түгээмэл.

Эрчим хүчний “Steamaco” компани ч илүү бүтээлч үйл ажиллагааг дэмжих онцгой боломжийг олж харсан байна. Тус компанийн үүсгэн байгуулагч Сэм Дюби “Үсчний газраас эхлээд цахилгаан шахуургатай худаг гээд олон нийтийн болон бизнесийн тоолж баршгүй газрууд нэг сүлжээнд холбогдсон нарны бяцхан дэлгэцийн тусламжтай эрчим хүчинд холбогдож байна.

Үйлчлүүлэгчид маань сэргээгдэх эрчим хүчийг үр дүнтэй ашиглах бололцоог цаашид бид сайжруулах болно. Тухайлбал, дэлхийн цахим зах зээлд холбогдох боломж үйлчлүүлэгчдэдээ олгохын тулд мэдээлэл технологийн төвүүдийн эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээр хангахаар ажиллаж байна” гэсэн байна.

Африк, Энэтхэгийн жишээ Бразил зэрэг хөгжиж буй орнууд, Европ, АНУ-ын хотуудад ч түгээмэл. Австрийн Грац, Нидерландын Амстердам хотын дулааны гол эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч.

Европт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулааны зориулалтаар ашиглах нь 2015 онд гурван хувиар нэмэгджээ. Харин Балтын болон Зүүн Европын орнуудын орон сууцны дулааныг биомассын эрчим хүчний эх үүсвэрээс гаргах нь ихээхэн газар авч байна. 

Зураг