Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Уналттай зэрэгцсэн өсөлт

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 26
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Олон тулгуурт эдийн засгийг цогцлоох нь... Энэ өгүүлбэрийг уншигч та олонтаа харсан байх. Уул уурхай гэх ганцхан өнгөөр гэрэлтэх болсон Монголын эдийн засгийг солонгоруулах нь орчин цагийн гол зорилт хийгээд сорилт. Олон улсын байгууллагууд ч энэ үгийг байнга давтаж, үргэлж захиастай.

Монголын эдийн засгийн бүтцийг аваад үзье. Нийт эдийн засгийн 70-80 хувь нь уул уурхайгаас хараат. Орлогын гол эх үүсвэр болох экспортын 80 хувь нь зөвхөн эрдэс түүхий эдээс бүрддэг.

Нийт экспортынх нь 97 хувь нь нэмүү өртөг шингээгүй, нам дор түвшний технологийн бүтээгдэхүүн. Энэ мэт гадаад худалдааны бараан үзүүлэлт үүгээр дуусахгүй.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд худалдаа огцом хумигдсан. Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 13 орчим хувиар буурчээ. Мөнгөн дүнгээр 600 сая ам.доллараар багассаныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Тодруулбал, экспорт 10 шүргэсэн хувиар унаж, импорт 20 дөхсөн хувиар доошилсон байна. Ийнхүү экспорт, импорт уралдан урууджээ.

Гэхдээ уналттай зэрэгцсэн өсөлт ч байна. Худалдааны үзүүлэлтийг сөхвөл, сүүлийн дөрвөн жил дараалан эрдэс түүхий эдийн бус экспорт тэлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ төрлийн бараа, бүтээгдэхүүний экспорт бараг 30 хувиар нэмэгдсэнийг МУИС-ийн багш, эдийн засагч Б.Алтанцэцэг өгүүлсэн.

Орлогын гол эх үүсвэр болох экспортын 80 хувь нь зөвхөн эрдэс түүхий эдээс бүрддэг. 

Уул уурхайгаас хараат бус эдийн засгийг цогцлоохоор зорьж буй Монгол Улсад энэ туйлын сайн мэдээ. Тэгвэл эрдэс баялгийн бус экспортын өсөлтийг задлаад харвал, нийт тэлэлтийг нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт тэргүүлсэн байна.

Мэдлэг, инноваци, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ хэмээн Мянганы хөгжлийн зорилтдоо зоочихсон манай улсад үүнээс өөр таатай мэдээ гэж юу байх вэ.

Энэ оны эхний долоон сард аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт зургаан хувиар тэлсэн. Ингэснээр 8.1 саяар дээшилж, 140 сая ам.долларт хүрсэн байна. Энэ өсөлт нь нийт экспорт 0.3 хувиар ахих суурь нөхцөл болов.

Гэхдээ үүнтэй зэрэгцэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт унасан нь нийт экспортыг 8.2 хувиар чангаажээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд аж үйлдвэрийн экспортоос олсон орлогын хэмжээ бараг хоёр дахин тэлсэн байна.

Дахиад нэг сайн мэдээ. Сүүлийн нэг жилд зарим төрлийн бүтээгдэхүүний экспорт бараг 80 хувиар нэмэгдэв. Мэдээж эрдсээс бусад төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт. Гутал, хувцас, бусад эдлэлийн экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 76 хувиар дээшилснийг төв банк гадаад худалдааны cap бүрийн тоймдоо дурджээ.

Бас нэгэн сонирхолтой үзүүлэлтийг энэ тоймоос харж болно. Монголд үйлдвэрлэсэн цахилгаан, электрон бараа, тоног төхөөрөмжийн экспорт 31-40 хувиар өссөн байна. Энэ нь ямар төрлийн бүтээгдэхүүн болохыг Гаалийн ерөнхий газрын цахим хуудаснаас харвал, цахилгаан үүсгүүрийн болон эргэлтийг цахилгаанд хувиргагч төхөөрөмж.

Мөн телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппаратууд зэрэг бүтээгдэхүүн энэ ангилалд багаж байна. Энэ төрлийн тоног төхөөрөмжийг Монгол Улс Мальт, Нидерланд зэрэг улсад нийлүүлжээ.

Мөн дэлхий даяар хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ уналттай байгаа. Тэгвэл энэ төрлийн зарим бүтээгдэхүүний экспортын орлого болоод хэмжээ тэлсэн байна. Тэр дундаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын орлого оны эхний хагас жилд гурав орчим хувиар өсжээ. Энэ мэт эрдэс баялгийн бус бүтээгдэхүүний экспортын өсөлт цааш үргэлжилнэ.

Хэдийгээр уул уурхайн түүхий эдийн үнэ уруудаж, орлого тасарсан ч бусад салбарын үйлдвэрлэл, экспорт тэлж байна. Энэ оны долоодугаар сарын байдлаар нийт экспортод эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хувь 0.1 хувиар агшсан байна. Харин аж үйлдвэрийн бүтээгдэхүүний жин 0.8 хувиар тэлжээ. Уналттай зэрэгцсэн өсөлт гэдэг энэ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд аж үйлдвэрийн экспортоос олсон орлогын хэмжээ бараг хоёр дахин тэлсэн байна. 

Уул уурхайн бус экспортын өсөлт нь манай үндэсний үйлдвэрлэгчийн гадаад зах зээл дэх өрсөлдөх чадвар хэр ахисныг илтгэнэ гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тэгэхээр уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл Монгол Улсад сэргэж буйг давхар гэрчилнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэлхийн үйлдвэрлэлийн уралдаан дахь Монголын өрсөлдөх чадвар урагшилжээ.

Сүүлийн жилүүдэд эх орон даяар үйлдвэржилт гараанаас гарч, эрчээ авсан. Үндэсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, чанар стандарт мэдэгдэхүйц ахисан гэдэгтэй уншигч та ч санал нийлэх биз. Энэ хэрээр “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой боловсруулсан бүтээгдэхүүний экспорт тэлж байна. Нийтлэлийн эхэнд өгүүлсэн олон тулгуурт эдийн засгийг цогцлоох эхний алхам тавигдсан нь энэ юм. 

Зураг