Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Алгуурлах эрхгүй анхаарал

Р.Оюунцэцэг, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 26
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүүхдийн гэх тодотголтой 20,000 төгрөгийг өгнө, өгөхгүй хэмээн улстөрчдийг мэтгэлцэж, айл өрхүүдийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа нэртэй шог асуултад хариулт цуглуулж явах зуур НҮБ-ын Хүүхдийн сан, Өмнөд Африк дахь Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэн хамтран монгол хүүхдүүдийн ядуурлын байдалд томоохон дүн шинжилгээ хийгээд амжжээ.

Монголын Үндэсний статистикийн хорооноос 2012, 2013 онд үндэсний хэмжээнд хийсэн хоёр томоохон судалгаанд тулгуурласан, Хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээ хэмээх эл ажлын дүнгээр манай улсын нийт хүүхдүүдийн 33 хувь нь орлогын хувьд ядуу өрхөд амьдарч байгаа аж.

Энэ бол зөвхөн орлого, зарлагын хувьд ярьж буй үзүүлэлт. Засгийн газраас тогтоосноор Монгол Улсын нийт хүн амын 23 хувь нь ядуу буюу амьжиргааны түвшин доогуур амьдарч буй. Тэр өрхүүдэд хүүхдүүдийн гуравны нэг нь хамаарч байгаа гэсэн үг.

Тэгвэл хүүхдүүдийн ядуурлын талаарх энэ удаагийн судалгааг Гачигдлын олон хэмжээст давхацсан шинжилгээ (MODA)-r анх удаа ашиглан хийжээ. Ингэснээр хүүхдүүдийн гачигдалд зөвхөн өрхийн орлого, зарлага хамаарахгүй гэдгийг илүү тод харуулсан байна.

Хэдийгээр тухайн өрх амьжиргааны түвшнээр доогуур биш ч тэр айлын хүүхэд аав, ээжийн хайр халамж, сурч боловсрох нөхцөл, хүүхдийн хамгааллын байдал, эсвэл хоол хүнс, хувцас гээд ямар нэг хэрэгслээр гачигдаж байгаа, эсэхийг харгалзсан байх нь.

Ийнхүү хүүхдэд шаардлагатай олон хэрэгцээг аваад үзэхээр манай улсад гачигдалгүй амьдарч буй хүүхэд тун цөөн байгаа нь харагдлаа.

Тэр дундаа 0-23 сартай хүүхдийн 9.4 хувь нь бага насны хөгжлийн хувьд буюу эрүүл мэндийн талаас, 76.9 нь орон сууц, ариун цэврийн байгууламж, арван хүүхэд тутмын нэг нь эцэг, эхийн халамжийн гачигдалтай бол мөн арван хүүхэд тутмын найм нь аюултай нөхцөлд амьдардаг болох нь тодорхой болов.

Ийм бяцхан үрсийн 6.5-хан хувь нь л ямар нэгэн гачигдалгүй, хүний ёсоор амьдарч байгаа гэхээр хэтэрхий чамлалтай дүн биш гэж үү.

Хүүхдүүдийн нас нэмэгдэхийн хэрээр гачигдлын давхцал багасаж байсан ч асуудал нь томорч байгааг судалгааны багийнхан ажиглажээ. Тухайлбал, 5-14 насныхны авч үзэхэд сайжруулсан ундны усны эх үүсвэрийн гачигдалтай амьдарч буй хүүхэд түгээмэл байв.

Энэ нь орон нутагт дэд бүтэц хангалтгүй, наад захын ариун цэврийн байгууламж дутмагтай холбоотой. Сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар төрөөс харьцангуй анхаарч, бодлогоор дэмжиж буй ч сургуулиа амжилттай төгсөж, олгосон боловсролыг бүрэн эзэмших тал дээр туйлын хангалтгүй байгаа нь мөн харагджээ.

Энэ бол эцэг, эхийн зүгээс хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхэд анхаарч байгаа ч сургалтын чанарыг сайжруулахад төрөөс эргэн харах шаардлагатайг илтгэж буйг судалгааны багийнхан тайландаа тусгасан нь анхаарал татав.

Нийт хүн амын 27.4 хувийг 2012 оны байдлаар эзэлж байсан орлогын ядуурал Монгол Улсын хэмжээнд 2014 онд 21.6 болж буурсан “амжилт” бий. Харамсалтай нь, хүүхдийн ядуурлын түвшинд ямар нэгэн ахиц дэвшил гараагүйг НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын хөтөлбөрийн ахлагч Н.Энхнасан онцлов. Үзүүлэлтүүд нэлээд нарийвчлалтай, долоон гачигдалд хуваан, бүх давхцлыг тооцсон тул тэр бүрийг тоочино гэвэл таны цаг завыг үрсэн хэрэг болно.

Харин ерөнхийд нь багцалбал бүтэн жилийн хугацаанд үргэлжилсэн энэ удаагийн дүн шинжилгээний эцэст 5-14 насны хүүхдүүдийн 36.5, 15-17 насныхны 30.1 хувь нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа дүр зураг гарсан байна.

Ээж, аавын боловсролын түвшин хүүхдийн ядууралд шууд нөлөөлж байгааг тогтоосон байна. 

“Бид дүн шинжилгээгээ 5-17 насны хүүхдүүдэд чиглэн явуулсан. Хэрэв таваас доош насныхныг багтаасан бол илүү аймшигтай дүр зураг гарахаар байсан. Яагаад гэвэл энэ насны хүүхдүүдийн дунд гачигдал илүү өндөр байсан” хэмээн судалгааг удирдан явуулсан Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгийн Крис де Ньюбург тодотгосон.

Ирээдүйгээ харсан ч хүүхдүүдэд чиглэсэн анхаарал, халамжийг алгуурлах эрх томчуудад алга. Тогтвортой хөгжлийн зорилтын хамгийн эхний зорилт бол ядуурлыг устгах. Бууруулах биш, устгах гэдгийг дахин онцолъё.

Тодруулбал, өдөрт 1.25 ам.доллараас хэтрэхгүй орлоготой иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхээс гадна эмэгтэйчүүд, хүүхдүүдийг элдэв гачигдлаас нь салгана гэсэн тодорхой зорилго энэ хүрээнд хэрэгжих учиртай. Тэгвэл хамгийн түрүүнд Тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлсон манай улс ядуурал, гачигдалд нэрвэгдсэн хүүхдүүддээ одооноос анхаарах хэрэгтэй болж байна.

Хүүхдийн ядуурал гэдгийг мөнгөөр хэмжиж болохгүйг дээрх баримтуудаас хангалттай ойлгосон байх. Нөгөө талаар, 2030 оны Монгол Улсын хөгжлийн тухай ярихын өмнө өсвөр насандаа яваа хүүхдүүдээ гойд анхаарах нь чухал үүрэг. Хэрэв хүүхдүүдийн ядуурал, гачигдлыг энэ хэвээр хайхралгүй орхивол 2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх бус, нийгмийн халамж шаардсан, эрүүл бус иргэний арми бий болно.

Өнөөдөр нялх балчир үрсээ вакцинд хамруулснаа эрүүл мэндийн бүрэн хангамж үзүүлж байна гэвэл дэндүү өрөөсгөл. Вакцин хийлгэсэн ч аюултай, бохир орчинд, цэвэр усны гачигдалтай өсөж буй хүүхдүүд эрүүл нийгмийг цогцлоох иргэн болно гэвэл горьдсоны гарз. Тиймээс ирээдүйн нийгмийг хөтлөх иргэдийнхээ амьдрах орчноос эхлээд нийгмийн бүхий л хэрэгцээгээр нь хангаж чадахгүй бол хэтдээ тэднээс ямар нэгэн зүйл хүсэх эрх үгүй. Энэ бол зөвхөн төрийн бодлогоос шалтгаалах асуудал биш гэдгийг ч та анзаарсан байх.

Хатуу сонсогдож буй ч монгол хүүхдүүд өнөөдөр ядуу амьдарч байна.

Судалгааны үр дүн ч үүнийг баталж буй. Тухайлбал, ээж, аавын боловсролын түвшин хүүхдийн ядууралд шууд нөлөөлж байгааг тогтоосон байна. Хэрэв ээж нь боловсролтой бол хүүхэд гачигдалд өртөх нь бага байдаг нь энэ явцад ажиглагджээ. Тиймээс үр хүүхэдтэй хүн бүхэн энэ дүн шинжилгээг эргүүлэн нэг харж, өөрөө эцэг, эхийн үүрэг хариуцлагаа хэр биелүүлж буйгаа нэг ухамсарлаасай.

Адаглаад балчир үрстэйгээ хамт байхад олдож буй багахан цагтаа үлгэр ярьж, хамт дуулж, тоглож, инээж, үзэл бодлыг нь сонсож чадаж байна уу гэдгээ цэгнэх ёстой болж байна. Хэрэв ийм хайр, халамжаар дутааж байгаа л бол таны хүүхэд ядуу хүүхдүүдийн нэг. Толгой хорогдох орон гэр байгаа ч хичээл хийх орчныг нь бүрдүүлж чадаагүй л бол тэр хүүхэд ядуу.

Хэл амтай хэдий ч дэм болохоор улсын төсвөөс cap бүр нэг хүүхдэд 20,000 төгрөг олгодог. Гэвч энэ мөнгө тухайн хүүхдийг ядаж нэг гачигдлаас нь ч болов бүрэн ангижруулж чадаж байна уу гэвэл үгүй.

Мөнгө өгөөд нэгэнт шийдэхгүй асуудалд жилд хэдэн тэрбумаар нь зарлага гаргахын оронд цэвэр усан хангамж, дэд бүтцээ сайжруулах, боловсрол эзэмших хангалттай орчныг бүрдүүлэх, эрүүл өсөж торних нөхцөлийг бий болгоход зарцуулбал гарах үр дүн нь хэр том байх вэ гэдгийг эргэж харах л хэрэгтэй.

Хатуу сонсогдож буй ч монгол хүүхдүүд өнөөдөр ядуу амьдарч байна. Эвлэрэхээс аргагүй энэ байдлыг засах оролдлогыг өнөөдрөөс л эхлүүлэхгүй бол томчуудын бүрдүүлж буй ядуу нийгмээс ядуу Монгол л залгамжилна. Ядаж иргэн та хүүхдийнхээ өмнө хариуцлагатай амьдарч эхлээрэй. Нэг өдөр ч алгуурлах эрх байхгүй гэдгийг дахин сануулъя. 

Зураг