Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Экс эрх баригчдын эмзэг сэдэв

Х.Хулан, Өглөөний сонин
2016 оны 8 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг

Эдийн засаг бодож байснаас ч дор орж, валютын нөөц шавхагдсан гэсэн шинэ эрх баригчдын мэдэгдэл экс эрх баригчдыг дор бүрнээ ямар нэгэн тайлбар хийхэд хүргээд байгаа.

Өнгөрсөн дөрвөн жилийн “тансаглал” нь улс орны эдийн засагт ямар гээчийн булуу хурааж буйг эдийн засагчид цаг тухайд нь сануулж байв. Гэвч экс эрх баригчид нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж явсны гор өнөөдөр ийм хурцаар илрэх аж.

Төрийн өмчийн хувьчлал, тендерийн хувиас хувьдаа мөнгө босгож байсан үе аль хэдийн гээгдэж, 2012-2016 онд томчууд төсөл хөтөлбөрөөс од шүүрцгээх болсон.

Олон улсын зах зээлд босгосон “Чингис”, “Самурай” бондын мөнгийг тодорхой төсөл хөтөлбөрт зарцуулж байсан гэх боловч өнөөдөр үр дүнгээ өгсөн шийдвэрийг хайх нь өвсөн дотроос зүү эрэхтэй адил зүйл болжээ.

Шинэ эрх баригчид юуны өмнө бондын хөрөнгө бусад орлогыг төвлөрүүлэн захиран зарцуулж байсан Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсэг байгуулаад байна. 

Энэ банканд ийм шалгалт хэрэгтэй байсан. Эдийн засаг доройтсонтой холбогдуулан хийж байгаадаа ч биш, гаднаас зээлж авсан асар их мөнгө үр дүнтэй зарцуулж байгааг хянах хяналт байхгүй явсан гурван жилийн “тансаглал” эндээс ил болох учиртай. 

Өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банк шиг баян бөгөөд эмзэг газар байгаагүй.

Өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банк шиг баян бөгөөд эмзэг газар байгаагүй. 2015 оны нэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо, Монголбанк, Аудитын ерөнхий газар, Сангийн яамны хамтарсан Ажлын хэсэг уг банкийг шалгаж байсныг олон хүн санаж байгаа байх. 

Бараг бүтэн жил үргэлжилсэн шалгалтын дүгнэлтийг Ажлын хэсэг мөн оны арваннэгдүгээр сард байнгын хороон дээр танилцуулах ёстой байсан боловч АН-ын гишүүд хуралд орж ирэхгүй “гэдийж”, эцэстээ шалгалт шалгалт биш болоод өнгөрч байсан билээ. 
Хөгжлийн банк экс эрх баригчдын хувьд хамгийн эмзэг сэдэв нь байсан.

Тиймдээ ч банкийг шалгах Ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэй сууж байсан АН-ын гишүүд шалгалтын дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзаж, хуралд суухгүй зугтаан дээрх шалгалтын үр дүнг бантан болгож чадсан. Энэхүү Ажлын хэсгийн дуулиантай шалгалтаар Хөгжлийн банкнаас илэрсэн гэгдэж байсан анхаарал татахуйц баримтаас дор дурдъя.

УИХ-аар батлагдаагүй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн

Хөгжлийн банк 2012-2015 онуудад Улсын Их Хурлаар батлуулаагүй төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн санхүүжүүлсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1. дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Түүгээр ч үл барам Хөгжлийн банкнаас олгосон зарим зээл тухайлбал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүйгээр олгосон зөрчлийг гаргасан байна. Засгийн газар, Хөгжлийн банк нээлттэй тендер шалгаруулалт явуулалгүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэх компаниудыг сонгож, Засгийн газрын тогтоолд нэр заасан компаниудтай шууд гэрээ байгуулан санхүүжилт олгож байгаа нь ТБОНӨХБАҮХА-ны тухай хуулийг зөрчиж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-аар Хөгжлийн банк бондоор санхүүжих төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон, санхүүжилт олгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

Төсвийн ерөнхийлөн захирагч нар бондын хөрөнгөөр санхүүжигдэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, холбогдох тендерийн материал байхгүй болохыг Сангийн яамны ажлын хэсэг шалгалтын тайланд тусгасан байна.

Иймд шууд гэрээгээр санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөрийн эдийн засгийн үр ашиг, үндэслэл тооцоо, гүйцэтгэлийг нарийвчлан шалгаж мэргэжлийн эксперт, шинжээчдээр дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэж байсан юм. 

ҮАБЗ-ийн зөвлөмжийг дахин зөрчсөн...

Чингис бондоос олгохоор төлөвлөсөн нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй авто зам барих, “Гудамж төсөл”, нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан байна.

Тодруулж хэлбэл, бондын эх үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлд зарцуулсан байгаа нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 28/20 тоот зөвлөмжийн 2.4. заасан “... нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн санхүүжилтийн 1/3-аас хэтрэхгүй байх” гэснийг ноцтой зөрчиж, Засгийн газрын хүлээх эрсдэлийг ихэсгэж байгааг ҮАБЗ-өөс ирүүлсэн “Зөвлөмжийн хэрэгжилтийн тухай” 2015 оны тавдугаар сарын 04-ний өдрийн 5/147 албан тоот бататгаж байна.

Засгийн газар 2014 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 293 тоот тогтоолоор Засгийн газрын үнэт цаас худалдан авахыг Хөгжлийн банканд зөвшөөрч, тус банк бондын хөрөнгөөс 250 орчим тэрбум төгрөгийг үнэт цаасанд байршуулсан нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийг дахин зөрчсөн үйлдэл болсон байна.

Хөгжлийн банк арилжааны банкууд дээр байсан хүү багатай Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлээс худалдан авсан нь хардлага дагуулж байна.

Учир нь 15 орчим хувийн хүүтэй Засгийн газрын богино болон дунд хугацаатай үнэт цаасыг худалдан авахын оронд нэг оронтой тоогоор хэмжигдэх хүүтэй үнэт цаасанд бондын эх үүсвэрийг байршуулсан нь Хөгжлийн банкны удирдлага банкны эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр туйлын хариуцлагагүй ажиллаж байгаагийн нэг илрэл юм.

Чингис бондын менежментийг Монгол банканд шилжүүлснээр Хөгжлийн банк 302.6 тэрбум төгрөгийн ханшийн эрсдэл хүлээх тооцоо гарсан байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар бондын хүү төлөх хариуцлагаас зайлсхийх үүднээс 2012 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 180 дугаар тогтоол гаргаж, Төвбанктай Санхүүгийн гэрээ байгуулахыг зөвшөөрч, “Чингис” бондын менежментийг Монголбанканд шилжүүлсэн. Монголбанк Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын хөрөнгийг Хөгжлийн банканд шилжүүлэхдээ 269.9 сая ам.доллар, 2.021 тэрбум төгрөгийг хүлээлгэн өгсөн байна.

Чингис бондын менежментийг Монгол банканд шилжүүлснээр Хөгжлийн банк 302.6 тэрбум төгрөгийн ханшийн эрсдэл хүлээх тооцоо гарсан байна. Бондын хөрөнгөөр арилжаалсан валютын дундаж ханш 1,643.1 төгрөг байсан бөгөөд ханшийн өсөлтөөс үүдэн 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар дээрх эрсдэлийг хүлээхээр байна.

Иймд валютын ханшийн зөрүүгээс хүлээх их хэмжээний алдагдлын хариуцлагыг Засгийн газар, Монгол банк, Хөгжлийн банкны хэн нь хүлээхийг шалган тогтоож, тодорхой болгох шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарч байв. 

Чингис бонд зайрмагны үйлдвэрийг “санхүүжүүлсэн”

Чингис, Самурай бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонголт ил тод бус, хариуцлагатай байх зарчим алдагдсан төдийгүй төслүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл хангалтгүй байна. Нөгөөтэйгүүр, Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүдийн хоорондын зааг ялгаа зорилго, чиглэл байхгүй болж байна.

Засгийн газар, Хөгжлийн банк нь санхүүжилтийн эх үүсвэр босгохоор хөрөнгө оруулагч талдаа мэдээлж, тайлагнаж байсан эдийн засгийн салбар, бизнесийн зорилго чиглэлээ умартах, хольж хутгах зэргээр хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж байна.

Тухайлбал, Самурай бондын эх үүсвэрийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой санхүүгийн зарчимд нийцсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нөхцөлтэй ч энэ бондын хөрөнгийг өөр зүйлд зарцуулах болсон талаар хөрөнгө оруулагчдын зүгээс анхааруулга өгөх болсон байна.

Чингис бондын хувьд мега төслүүдийг барих, тэдгээртэй холбоотой томоохон дэд бүтцийн төслийг санхүүжүүлэхгүй байгаатай холбоотойгоор бондын нэр хүнд унах, эрсдэл, хүү өндөрсөх шалтгаан болж зардлыг нэмэгдүүлж байна. Жишээлбэл, Хөгжлийн банк Чингис бондын хөрөнгөөс зайрмагийн үйлдвэрийн төсөлд 1.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Ер нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан эсэхэд ихээхэн эргэлзээтэй байгаа тул хуулийн хэрэгжилт, зээлийн эрсдэлийг бууруулах үүднээс Монголбанк, Үндэсний аудитын газраас нарийвчлан шалгалт оруулах шаардлагатай байна гэж үзэж байсан юм. Тухайн үед энэ мэт олон асуудал хөндөгдсөн ч эрх баригчид сөхөж дэлгэлгүй нам дарж чадсан түүхтэй.

Зураг