Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын нийт өрхийн ЕРДӨӨ 4% НЬ $1,000-С ДЭЭШ ОРЛОГОТОЙ

Ч.Болортуяа
2016 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ИРГЭД ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭГЭЭ 10% -Р БУУРУУЛЖЭЭ

Монголчууд бид эдийн засгийн хямралаар “бүсээ чангална” гэж ярьдаг. Энэ нь хэрэглээгээ багасгаж хямгатай байхыг илэрхийлдэг. Тэр ч ёсоор албан судалгаагаар иргэд бодит утгаараа хүнсний зардлаа өнгөрсөн оныхоос 10 хувиар танажээ. 

2016 оны хоёрдугаар улирлын статистик мэдээгээр иргэдийн орлого, зарлага хоёулаа буурсан байна. Гэхдээ иргэдийн зарлага орлогоосоо байнга давсан дүр зураг давтагдсан хэвээр байгаа юм.  

Орлогын бууралтад голчлон цалин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бууралт нөлөөлсөн бол зарлагын бууралтад дээр хэлсэнчлэн иргэдийн хүнсний хэрэглээ 10 хувиар буурчээ.

График 1, Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого

Хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 874.4 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 101.3 мян.төг буюу 10.4 хувиар буураад байна. 

Үүнийг задалж харвал:

  • цалин хөлсний орлого 32.6 мян.төг буюу 6.3 хувь, 
  • хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 31.8 мян.төг буюу 31.9 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. 

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2016 оны II улиралд 860.6 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 115.1 мян.төг буюу 11.8 хувиар буурсан байна. 

График 2,  Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага энэ оны II улиралд 948.9 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.3 мян.төг буюу 3.1 хувиар буурсан байна.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага буурахад:

  • хүнсний бүтээгдэхүүний зарлага 24.6 мян.төг буюу 10.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 934.0 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 45.2 мян.төг буюу 4.6 хувиар буурчээ. 

Үүнээс үзвэл иргэд эдийн засгийн хүндрэлийн энэ үед орлогын бууралтаа даган хамгийн түрүүнд хүнсний хэрэглээгээ бууруулсан байх юм.  

Монгол төгрөгийн ханш сулрахын хэрээр импортлогч компаниудад хүндрэл үүсч бүтээгдэхүүн татан авалтаа багасгасаар байна. Энэ оны зургаадугаар сарын Монгол Улсын гадаад худалдааны тоймоос харахад ч хүнсний бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар буурсан байна. Тэгэхээр иргэдийн хүнсний хэрэглээний бууралт ч энэхүү импортын хүнсний бүтээгдэхүүний бууралттай шууд холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. 

НИЙТ ӨРХИЙН ЕРДӨӨ ДӨРВӨН ХУВЬ НЬ МЯНГАН ДОЛЛАРООС ДЭЭШ ОРЛОГОТОЙ БАЙНА

Үндэсний Статистикийн Хороооны мэдээллээр Монгол Улсын нийт өрхийн хамгийн их буюу 20 орчим хувийг 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх бүрдүүлж байна. 
Харин хамгийн бага орлоготой буюу 300 мянга хүртэлх төгрөгийн орлогийн өрх нийт өрхийн 13.8 хувийг эзэлж байна. 

Өөрчлөлтийн хувьд, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ оны II улиралд 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 23.2 мянга буюу 2.2 пунктээр нэмэгдэж, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 2.2 мянгаар нэмэгдэж, нийт өрхөд эзлэх хувь нь 0.1 пунктээр буурсан байна.

Харин 700-900 мянган төгрөгийн орлоготой өрх 10.6 мянга буюу 0.6 пунктээр, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 10.5 мянга буюу 0.6 пунктээр нэмэгджээ.

График 3, Өрхийг мөнгөн орлогоор бүлэглэн авч үзвэл, 2016 оны хоёрдугаар улиралд:

Графикаас үзвэл, Монголын нийт өрхийн ердөө 4.3 хувь нь 2.1 сая төгрөг буюу ойролцоогоор 1,000 орчим ам.доллар ба түүнээс дээш орлоготой байна. Харамсалтай нь 2.1 сая төгрөг нь  өнөөдрийн Монголбанкны зарласан ханшаар  (2,237.32₮) тооцвол 1,000 доллар ч хүрэхгүй байна. 

Манай улсад бүртгэлгүй мөнгө (ДАЛД ЭДИЙН ЗАСАГ) маш их байна

Гэхдээ энэ судалгаа бол Үндэсний Статистикийн Хорооны албан ёсны судалгаа бөгөөд Монгол Улсын хувьд далд эдийн засаг буюу бүртгэгдээгүй мөнгө ихтэй улс.

Нийт эдийн засгийн 30 орчим хувь нь далд эдийн засаг буюу ямар нэгэн бүртгэлгүй хууль бус авлига гэх мэт эсвэл бүртгэх шаардлагагүй үйлдвэрлэл эрхэлдэг орлого эзэлж байгааг бид санах хэрэгтэй.