Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Увсын чацаргана Европын үүдийг тогшлоо

З.Цэлмэг, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 17
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Швейцарийн нэгэн лабораторийн шинжилгээгээр Увс аймагт ургуулсан хоёр төрлийн сортын чацарганын тосыг Монголын бусад газар ургуулсан чацарганынхтай харьцуулан шинжилжээ. 

Ингэхэд Увсын чацаргана эрүүл мэндэд онцгой ашиг тустай пальмитинийн хүчил 2.5 дахин их агуулж байв. Харин хүний биед нэн хэрэгтэй гэж үздэг оливын тостой харьцуулахад чацарганын тосны чанар 40 хувиар илүү байдгийг олон улсын эрдэмтэд тогтоосон аж.

Увс нутгийн чацарганын энэхүү онцгой чанарыг нь үндэслэн Европын холбоонд газар зүйн заалтаар бүртгүүлэхээр Европын комисст манай тал мэдүүлгээ албан ёсоор өгөөд байна.

Өвөлдөө 50 градус хүйтэн, зундаа 30-40 градусын эрс тэс уур амьсгал, мөнхийн цэвдэг бүхий уулсын усаар тэтгэгдсэн шаварлаг, иодоор баялаг хөрс болон давслаг нууруудын сав газрын онцлог нөлөөгөөр Увсын чацарганын тос болон амин дэм, тэр дундаа С витамины найрлага бусад газар тариалсан чацарганыхаас илүү байдаг аж.

Мөн нутгийн уугуул иргэд чацарганын цэвэр шүүс, тосыг олон арван жилийн турш хуримтлуулсан гар технологийн аргаар гаргаж авдаг.

Тиймээс Увсын чацарганыг эрс тэс уур амьсгал бүхий газар орны цаг уур, хүмүүсийн ахуй, дадал заншилд он удаан жил хэрэглэгдэж, бусдаас онцгой амт, чанартай хэмээн үзэж газар зүйн заалтаар бүртгүүлэхээр Европын комисст хүсэлтээ мэдүүлэв.

“Хэрэв Европын комисс газар зүйн заалтаар бүртгэн авбал зөвхөн Увсын чацарганаар хийсэн ямар ч бүтээгдэхүүн Европын холбооны 28 орны зах зээлд өндөр нэр хүндтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн тэмдэгтэйгээр худалдаанд гарах үүд хаалга нээгдэнэ” хэмээн Улсын бүртгэл, оюуны өмчийн газрын барааны тэмдгийн мэргэжилтэн Л.Гэрэлмаа тайлбарлав.

Гадаад оронд Монгол Улс өөрийн гэсэн данстай бүтээгдэхүүнээ анх удаа газар зүйн заалтаар бүртгүүлэх салхийг Увсын чацаргана хагалж буй нь энэ.

Увс аймгийн хэмжээнд 500 га талбайд 180 гаруй мянган тонн чацаргана тариалдаг нь Монгол орны нийт хэрэгцээний 60 хувьтай тэнцэнэ. 

Увс аймгийн хэмжээнд 500 га талбайд 180 гаруй мянган тонн чацаргана тариалдаг нь Монгол орны нийт хэрэгцээний 60 хувьтай тэнцэнэ. Монголд 1940-өөд оноос зэрлэг чацарганыг тариалж эхэлсэн бөгөөд өлгий нутгийг нь Увс гэж үздэг. 

Байгаль, цаг уур, тухайн газар орны онцлогийг хадгалсан уг бүтээгдэхүүний онцгой чанарыг Япон, Өмнөд Солонгос ихэд олзуурхан, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний түүхий эд болгон ашиглах болсон нь Монгол оронд тарьж ургуулсан чацарганын ирээдүй гадаад зах зээлд ямар сэнтийд залрахыг илтгэнэ.

Монгол Улсын гавьяат багш, академич Ч.Авдай нарын эрдэмтдийн судалгаагаар нэг тонн чацарганаас 26-70 кг тос, 600 л цэвэр шүүс болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн гарган авах бололцоотой гэж дүгнэсэн байдаг. Монголд 100 гр чацарганын цэвэр тос 20-25 мянган төгрөгийн үнэтэй байдаг бол дэлхийн зах зээлд дунджаар 180 мянган төгрөг байгааг Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэгийн тэргүүн О.Ганцоож хэлж байна.

Үүнийг дурдахын учир нь хамгийн түрүүнд экспортлох боломжтой бүтээгдэхүүн нь чацарганын тос гэдгийг онцлох гэсэн юм. Европчууд ч тосыг илүү сонирхож буй аж. Харин Европын холбооны газар зүйн заалтад бүртгүүлсэн ч гэсэн тэмдэглэгээ бүхий шошготойгоор бэлэн бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргавал хавьгүй өндөр үнэд хүрэх боломжтойг тус ажлыг Францын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн Л.Гэрэлмаа хэлсэн. Amazon.com-д чацарганын цэвэр тос 30 мл нь 23-25 ам.долларт хэлбэлзэнэ.

Харин “Их Британийн чацаргана” компанийн цахим хуудаст бичсэнээр чацарганын нэг литр цэвэр охь 10 еврогийн ханштай. Гэхдээ энэ бол Монголынх биш, Хятадаас импортолж, Европын зарим оронд тариалсан чацарганых гэдгийг тодотгон хэлье. 

Харамсалтай нь бидэнд одоохондоо тээвэрлэлтийн горим хангахгүйгээр чацарганын шүүс гаргах боломж хомс байгааг О.Ганцоож учирласан юм. Газар зүйн заалтаар бүртгүүлснээр тухайн бүтээгдэхүүн өндөр нэр хүндтэй, мөн гарал үүсэл нь тодорхой болж экспортод гарах боломж нээгддэг давуу талтай. 

Түүнчлэн Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэгт элссэн чацаргана тариалагчдын хөдөлмөр, зах зээл нь дуураймал бүтээгдэхүүн үйлдвэрлэгч овжин этгээдүүдээс хамгаалагдаж байгаа юм.

Газар зүйн заалтын барааны тэмдэг болон оюуны өмчийн бусад хэлбэрээс ялгагдах гол онцлог бол оюуны өмчөөр хамгаалагдсан эрхийг нь нэг хувь хүн, байгууллага бус, нийгэмлэг, олон нийтийн байгууллага эзэмшдэг онцлогтой. 2012 оны сүүлчээр байгуулагдсан Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэгт тус нутгийн 14 суманд чацаргана ургуулдаг 100 гаруй тариаланч сайн дураар нэгджээ.

Арванхоёрдугаар сард Европын комиссоос газарзүйн заалтад бүртгэсэн гэсэн хариу ирвэл гишүүнчлэлийн тоо үүнээс ч олон болно гэдгийг нийгэмлэгийн тэргүүн О.Ганцоож хэлэв. Гэхдээ тухайн газар зүйн заалтаар бүртгүүлсэн бүтээгдэхүүнд гадаад, дотоод хяналтыг байнга явуулж байх маш өндөр шаардлага тавигддаг.

Эрдэмтэн судлаач, үйлдвэрлэгчдээс бүрдсэн дотоод хяналтын баг чацарганын тариалалтын горим, зөв сортоо тариалж буй, эсэхийг шалгах бол гадаад хяналтыг мэргэжлийн лаборатори хийдэг байна.

Тухайн бүтээгдэхүүнийг экспортод гарах бүрт дээж авч, шинжилнэ гэсэн үг. Газар зүйн заалтаар нэгэнт бүртгүүлсэн л бол бүртгэлийн хугацаа дуусна гэж байдаггүй. Зөвхөн гадаад, дотоод хяналтаа л сайн тавих ёстой аж.

Франц, Италийн дарс, Голландын бяслаг, Энэтхэгийн даржилинг цай үеийн үед нэр хүндтэй байдгийн нууц нь энэ. Дэлхийн цэнхэр бяслагийн хаан гэгдэх рокфор 600 гаруй жил өнгөрсөн ч амт, чанараа алдаагүй. 1400-аад оны үед нэгэн хоньчин эр Рокфор тосгон дахь хайртай бүсгүйтэйгээ уулзахаар явахдаа замын хүнс болох бяслаг, талхаа тэндхийн шохойн чулуун агуйд орхижээ.

Хоньчин хэдхэн долоо хоногийн дараа эргээд иртэл бяслагийн өнгө нь цэнхэр болон хувирч, хөгцөрсөн байсан ч амт нь гайхалтай тансаг байсан гэдэг.

Ингэж алдарт рокфор бяслаг үүссэн бөгөөд 1411 онд Францын Карл VI хаан рокфорыг үйлдвэрлэх давуу эрх нутгийнханд өгсөн байна. Уламжлалт аргаар үржүүлсэн Рокфорын уугуул хонины сүү болон тухайн газар орны онцгой тогтоц буюу шохойн чулуун агуй, бяслаг боловсруулах уламжлалт нөү-хаугаар хийсэн рокфор бяслагийн түүхий эдийг 2,100 ферм нийлүүлдэг аж. Нэг фунт буюу 453 гр рокфор бяслаг 26.6 ам.долларын үнэтэй ба хамгийн том худалдан авагч нь Испани.

Рокфорын жишээгээр зах зээлд өндөр нэр хүндтэй бүтээгдэхүүн болох нөөц Монгол оронд бий гэдгийг эх сурвалжууд онцлов. Монголын оюуны өмчийн байгууллагад газар зүйн заалтаар бүртгүүлсэн Сайханы айраг, говийн хонины мах болон тэмээний ноос, ямааны ноолуур гээд зөвхөн тухайн газар оронд л өвөрмөц амт, шинж чанараа хадгалсан бүтээгдэхүүнийг гадаад улс оронд мөн эрхийг нь хамгаалж, бүртгүүлэх бүрэн боломжтой аж. Швейцарь цаг, Перугийн шавар эдлэлийн нэгэн адил Монголын мөнгөн урлалын сүрлэг оргил болох дарьганга хийцийг ч газар зүйн заалтаар бүртгүүлж болно.

Ойрын хугацаанд өндөр нэр хүндтэй бүтээгдэхүүн гэсэн ангиллаар дэлхийн зах зээлд гарах боломж хамгийн өндөртэй нь Баянхонгорын ямааны ноолууран бүтээгдэхүүн. 

Тус аймгийн Баян-Өндөр, Жинст гэсэн хоёрхон сумын ямаанаас дэлхийн хамгийн тансагт тооцогддог хаан ширхэгт ноолуур самнаж авдаг аж. Үүнийг газар зүйн заалтаар бүртгүүлснээр дэлхийн хаана ч уг ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг дээд зэргийн чанартай хэмээн таних юм.

Зураг