Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Байгаль хамгаалагчдын санал зөрөлдөөн

Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 12
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Яаж ч хэмжлээ гэсэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл асар том цар хүрээг хамарч, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Ал Горын 10 жилийн өмнө хийсэн кино өнөөгийн цаг үетэй улам илүү нийцэх болов. Арванхоёрдугаар сард Парист уулзсан 195 орон хүлэмжийн хийг багасгах тохиролцоонд хүрсэн. Пап Францис тэмцлийн уриалгад нэгдэв.

Хэдэн зуун мянган хүн Парис, Нью-Йоркт болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд оролцож, зургаан тивд шатдаг түлшийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөлөө. Нью-Йорк дахь Байгалийн нөөцийг хамгаалах зөвлөлийн дарга Даниел Тишман илтгэлдээ “Би үүнийг онцгой агшин гэж нэрлэнэ.Энэ бол бидний араас үлээх салхи төдий бус, харин өөрчлөлтийн салхи юм” хэмээн тэмдэглэжээ.

Гэтэл нэгдмэл мэт үзэгдэх хөдөлгөөнд хагарал гарч, олон асуудлаар зөрчилтэй үзэл бодлууд байгаль хамгаалагч байхын учир холбогдолд саад учруулж эхлэв.

Байгаль хамгаалах хөдөлгөөн үргэлж олон ургальч дуу хоолойн индэр байсаар ирсэн ба төрөлх гарагаа аврах хэцүүхэн сорилтын үед санал зөрөлдөөн гарах нь мэдээж. Санал зөрөлдөөн одоо ч хурц хэвээр байна. Эдгээрээс томоохон маргааныг авч үзье.

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ

Хүлэмжийн хийг багасгах хүрээнд цөмийн станц эрчим хүчний нэг үүсвэр болж үлдэх, эсэх асуудлаар хамгийн хурц маргаан үүсээд байгаа. Японы Фүкүшимад болсон шиг сүйрлүүд технологид итгэх итгэлийг ганхуулсан.

Дэмжигчид цөмийн станцууд нүүрс, байгалийн хий шатааж, нүүрсхүчлийн хий ялгаруулалгүйгээр асар их эрчим хүч үйлдвэрлэдэг хэмээн хамгаалдаг.

Тэд бас орчин үед цахилгаан станцууд байгалийн хийд шилжиж буй боловч тэр нь хүлэмжийн хий ялгаруулдаг хэмээн шүүмжилж байна.

Хүлэмжийн хийг багасгах хүрээнд цөмийн станц эрчим хүчний нэг үүсвэр болж үлдэх, эсэх асуудлаар хамгийн хурц маргаан үүсээд байгаа. 

Түүнчлэн цөмийн станцын талаарх маргаан цаашлаад илүү аюулгүй, хямд, шинэ үеийн станц барих уу, эсвэл одоогийн станцуудын насыг уртасгаж, үргэлжлүүлэн ажиллуулах уу гэдэг асуудал руу хальж байна. Цөмийн эрчим хүчийг эсэргүүцэгчид сэргээгдэх үүсгэврийн хөгжил шинэ үеийн цөмийн станцыг шаардлагагүй болгоно гэж нотолдог.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бичдэг Харвардын түүхч Наоми Орескес цөмийн эрчим хүчийг дэмжигчид станцуудын ажиллуулах эрсдэл ба хог хаягдлын менежментийг тооцдоггүй гэж дүгнэжээ.

Тэрбээр цахимаар өгсөн ярилцлагадаа “Энэ асуудал тулгамдаад байгааг бүгд хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр бид маш муу түүхтэй технологид эх дэлхийгээрээ бооцоо тавих хэрэг үү? Цөмийн станц ажиллуулахын тулд барих гэж хэдэн арван жилийг зарцуулна биз дээ?” хэмээн асуусан юм.

БАЙГАЛИЙН ХИЙ

Байгалийн хийг шатаахад нүүрсхүчлийн хий болон агаар бохирдуулдаг бодисуудыг нүүрснээс бага ялгаруулдаг. Иймээс Sierra Club мэтийн байгаль хамгаалах бүлгүүд болон Ерөнхийлөгч Барак Обама хүртэл үүнийг сэргээгдэх үүсгэвэрт хүргэх “гүүр” хэмээн нэрлэж байв.

Өөрөөр хэлбэл, нар ба салхины эрчим хүч зэрэг өөр үүсгэвэр бүрэн түгэх хүртэл хийн станц нүүрсний станцыг орлож болох юм.

Гэтэл саяхнаас fracturing буюу даралттай усаар сэтлэх аргаар түлш олборлож эхэлсэн нь байгаль хамгаалагчдыг түгшээлээ. Уг үйл явцын үед хүлэмжийн хий болох метан ялгардаг тул эрдэмтэд байгалийн хийг “хаана ч үл хүргэх гүүр” хэмээн нэрлэх боллоо.

Билл МкКиббен нарын байгаль хамгаалагчид, ялангуяа богино хугацаанд метаны хүлэмжийн хий мэт дэгдэх чанар нь түүнийг нүүрснээс дор болгодог гэж үзэж байна.

Тэрбээр үүнийг дулаарлын “аймшигтай хими” гэж нэрлэсэн боловч бусад судлаач түүний тайлбар шинжлэх ухааны үндэслэлтэй, эсэхэд эргэлзэж байгаа юм.

ОЛБОРЛОХ ТҮЛШНИЙ КОМПАНИУД

Түлш олборлодог компаниудыг хэрхэх стратегийн талаар ялгаатай хоёр байр суурь бий. Нэг тал нь тэдний оршихуйг хязгаарлаж, нар, салхи мэтийн сэргээгдэх үүсгэвэрт шилжих явцыг түргэвчилснээр бизнесийг нь хаах ёстой гэж үздэг. Их сургуулиуд, тэтгэврийн сан, сүм хийдийн хандивын сан зэрэг байгууллагуудад шахалт үзүүлж, олборлох түлшний компаниуд дахь хувьцааг нь худалдуулах замаар олборлох түлшний байгууламж шинээр барихыг зогсоох оролдлого хийгдэж байгаа.

МкКиббений тэргүүлдэг 350. org бүлгээс явуулж буй Хэвээр нь үлдээх хөдөлгөөний бодлого нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд өнөөгийн түлшний нөөц “шатахгүй” байх ёстой агаад уг нөөцийг гарзадсан хөрөнгө гэж үзэхийг уриалдаг. Үүнийг Exxon Mobil, Chevron мэтийн эрчим хүчний аваргууд эсэргүүцдэг нь мэдээж.

Нөгөө хэсэг нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнд компаниудыг оролцуулах санал тавьж байна. Хариуцлагатай хөрөнгө оруулалтын төлөөх гурван муж улсын (Нью-Йорк, Нью Жерси, Коннектикут) бүлэг болон Нью-Йорк хотын албаныхан саяхан Exxon Mobil компанийн хувьцаа эзэмшигчдийн жил бүрийн уулзалт дээр Парисын зорилтыг хэрэгжүүлэхэд үүсэх бизнес эрсдэлээ үнэлэх санал оруулжээ. Энд мөн үйлдвэржилтийн эрин үеэс эхэлсэн дэлхийн дулаарлын түвшинг цельсийн хоёр хэм дотор барих зорилгод үйлчлэх ёс суртахууны үүргээ харуулахыг уриалсан байна.

Гурван мужийн бүлгийн гүйцэтгэх захирал Патрисиа Дейли хувьцаа эзэмшигчид олон чиглэлд корпорацийн хариуцлагыг сайжруулсан гэж дүгнэв. Тэрбээр “Компаниуд бидний өгсөн даалгавар үр ашигтайг ойлгодог. Хэдэн арван жилийн турш бид үүнийг санал болгосоор ирсэн” гэжээ.

МАНАЙХАН БА ТАНАЙХАН

Компаниудтай хамтран ажиллахыг эрмэлздэг байгаль хамгаалах уламжлалт томоохон бүлгүүд болон ганц нэгээр дээгүүр санаатай сурталчилгаа хийдэг идэвхтнүүдийн хоорондын хагарал өссөөр байгаа. Байгаль орчин, эдийн засгийн сэдвээр бичдэг зохиогч Наоми Клайн байгаль орчны хөдөлгөөн дэх томоохон ногоон бүлгүүдэд байдаг гүнзгий үгүйсгэлийг шүүмжилжээ.

Тухайлбал, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтад үнэ тогтоох зэргээр уур амьсгалын өөрчлөлтийг зах зээлийн хөшүүргээр зохицуулахын тулд олборлох түлшний компаниудтай хамтран метаны алдагдлыг судалж байгаа Байгаль хамгаалах сан хэмээх бүлгийг үүнд хамруулсан байна.

Ноён МкКиббен 350.org мэтийн шуугиан тарьдаг бүлгүүд тогтсон ажиллагаатай бүлгүүдийн хөшүүн байдлыг засахад тустайг онцолсон. Түүний хэлснээр Америкт олон нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөхгүй байгаа нь 2010 онд хүлэмжийн хийн ялгаруулалтад үнэ тогтоож, хязгаарлах тухай хуулийг унагасан гол шалтгаан аж. МкКиббен “Хэрэв бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд ялахыг хүсэж байгаа бол цаг үеийн сэтгэлгээндээ шинэчлэл хийх ёстой. Ийм зорилго л хөдөлгөөнийг зохион байгуулах үндсэн үзэл санаа болохоос ганц хоёрхон хууль төдий биш” гэсэн юм.

Байгаль хамгаалах сангийн ерөнхийлөгч Фред Крупп үүнтэй санал нийлдэггүй. Тэрбээр аж үйлдвэртэй хамтран ажилласнаар метаны алдагдал зэрэг асуудлыг ойлгоход тусалж, эцэстээ үр ашгаа авчирна гэж үздэг агаад “Улам олон бизнес шийдэлд оролцохыг хүсэж байна” хэмээв.

Сэргээгдэх эрчим хүчний өртөг хямдарснаар олборлодог түлштэй өрсөлдөх чадвартай болж байна. 

Тус хөдөлгөөний янз бүрийн алдаанууд олон асуулт үүсгэдэг. Эдгээр алдаа байгаль хамгаалах нийтлэг хөдөлгөөнд хохирол учруулж байна уу? гэх мэт. Гэтэл энэ асуултаар хүртэл санал зөрөлдсөөр байгаа.

Бостон дахь Зүүнхойдын их сургуулийн байгаль орчны харилцаа холбооны шинжээч Мэтью Нисбет хөдөлгөөн дэх санал зөрөлдөөн гол зүйлд төвлөрөхөд саад хийх эрсдэлтэйг анхааруулав. Тэрбээр дэвшил алдагдаж магадгүй гээд “Хэрэв тэд бие биенээ өрсөлдөгч, эсэргүүцэгч гэж харах юм бол уур амьсгалын өргөн зорилт болон жинхэнэ эсэргүүцэгчдийг хараанаасаа алдах болно” гэсэн юм.

Гэхдээ далайн түвшин дээшлэх, цаг агаар дулаарах аюултай тэмцэхэд улам олон үндэстэн, бизнесүүд, шашны бүлгүүд, тэр ч бүү хэл хуучинсаг үзэлтнүүд хүртэл оролцсоноор уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөн бүр ч өргөжин тэлж байна. 

Олборлодог түлшнээс хөрөнгө оруулалтыг татаж, сэргээгдэх үүсгэвэрт оруулахыг дэмждэг Валласын дэлхийн сангийн захирал Эллен Дорси ногоон хөдөлгөөн доторх зөрчлийг “учир зүггүй шуугиан” хэмээн нэрлэв. Тэрбээр дээд түвшний хамтын ажиллагаа болон гудамжны хөдөлгөөний хослол нь Засгийн газруудыг Парисын амлалтаа хэрэгжүүлэхэд түлхэж, бизнесийн ашиг сонирхлыг хазаарлахад тусална гэж тооцож байгаа юм.

Ноён Ал Горын хэлснээр Засгийн газруудын хийж чадаагүй зүйлийг эдийн засаг гүйцээж магадгүй. Сэргээгдэх эрчим хүчний өртөг хямдарснаар олборлодог түлштэй өрсөлдөх чадвартай болж байна. Ийм учир зүйгээр харвал цөмийн эрчим хүчний хамгийн том саад нь реактор барих өртөг болж магадгүй.

Ал Гор уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөн дэх зөрчилдөөн хүний эрх, эмэгтэйчүүдийн сонгуулийн эрх, лесбичүүдийн эрхийг хамгаалах болон боолчлолын эсрэг хөдөлгөөний уламжлалаас үүдэлтэйг дурджээ. Тэрбээр “Энэ бүх тэмцэл хөдөлгөөнд санал зөрөлдөөн, жижиг зөрчил гарч байсан. Энэ бол хүний оршихуйн бодит шинж чанар юм” хэмээн өгүүлсэн билээ.

Жон Шварц

Зураг