Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хаягдлаас цэцэглэсэн бизнес

Р.Оюунцэцэг, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 10
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Хүн төрөлхтний идэлгүй хаясан хүнсийг хэн нэгэн овсгоотой нь “чулуу болгож” байна. Хэрхэн ашиглаж буйг уншихаас тань өмнө хэдэн тоо баримт дурдъя. 

Дэлхий дээр жил бүр 1.3 тэрбум тонн хүнс хаягддаг тухай олонтоо бичиж, ярьдаг. Энэ бол манай гараг дээрх газар тариалан эрхэлж буй нийт талбайн 30 хувьд ургуулсан ямар нэгэн хүнс хог дээр хаягдаж байна гэсэн үг. Ойлгоход илүү дөхөм болговол, 3.2 км тойрог бүхий 2.4 км өндөр уул босгох хэмжээний хүнс зүгээр л хогийн саванд "төгсдөг".

Энэ нь Сахарын Африкийн нэг жилийн хүнсний нийт хэрэгцээтэй тэнцэнэ. Танд ч бас сэтгэлийн хөдлөлөөр захиалчихаад ходоодныхоо багтаамжид захирагдсанаас хоолоо үлдээгээд гарах тохиолдол таардаг байх.

Эсвэл хэрэглэнэ гэж авчихаад хөргөгчийнхөө мухарт хэд хонуулаад хаядаг ногоо цагаа бишгүйдээ л байдаг.

Ойлгоход илүү дөхөм болговол, 3.2 км тойрог бүхий 2.4 км өндөр уул босгох хэмжээний хүнс зүгээр л хогийн саванд "төгсдөг".

Тэгвэл тэр болгонд та мөнгөө хогийн сав руу зүгээр л чулуудаж байна гэдгээ илүү нухацтай бодож байх хэрэгтэй болох нь.

Яагаад гэвэл дэлхийн нийт усны хэрэглээний 70 хувь нь хөдөө аж ахуйн салбарт буюу хүнс үйлдвэрлэхэд зарцуулагддаг.

Тийм ч учраас тэр их үнэ цэнээр бүтсэн "шижир алт" зүгээр нэг шороонд булагдаж буйг олж харсан старт ап-ууд томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг тийш хандуулж, шинэ бизнесийг цэцэглүүлж чадаж байгаад гол учир нь оршиж байгаа юм.

Тухайлбал, кофены шаар ашиглан мөөг ургуулагч үйлдвэрлэж, борлуулдаг Калифорнийн “Back to the Roots” компани хувийн хөрөнгө оруулагчдаас 5.8 сая ам.доллар босгож чадсан тухай The New York Times онцолсон бол EcoScraps компани хоолны үлдэгдлийг цэцэрлэгжүүлэлтийн бүтээгдэхүүн болгох арга сийлжээ.

Тус компанийг оюутан Паниел Блэйк, Крэйг Мартинью хэмээх хоёр залуу үүсгэн байгуулсан бөгөөд зоогийн газар, дэлгүүрүүдэд хаягдсан хүнсийг цуглуулан, дахин боловсруулаад органик бордоо үйлдвэрлэх санааг сэдсэн байна.

Тэд энэ санаагаа хөрөнгө оруулагчдад танилцуулснаар Peterson Ventures болон бусад хөрөнгө оруулагчаас 13 сая ам.доллар татав. Эхний зургаан сард 28.5 тонн хоол боловсруулж байсан бол өдгөө 10 гаруй төрлийн ургамлын тэжээл, бордоо үйлдвэрлэх хэмжээнд хүрч, хөл дээрээ хэдийн зогсож чаджээ.

CircleUp маркетингийн компанийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Рори Икин нэрд гарч буй эдгээр брэндийн бүтээгдэхүүний дийлэнх нь хоолны үлдэгдэл, дахин ашиглаж болохоор зүйлс байдаг тухай дурдсан байна.

Тэгвэл хаягдал хоолны “үйлдвэрлэгч”, түүнийг боловсруулагчдыг зуучилдаг старт-ап хүртэл байгуулагдаад амжжээ. Cerplus хэмээх компани 100 сая ам.доллар давсан мөнгө эргэлдүүлж, борлуулалт хийхээр тохирсноор 20 мянган ам.долларыг “Ү Combinator”-aac татсан байна. Энэ мөнгөөрөө тэд хаягдал хүнсний бүтээгдэхүүнтэй фирм болон бөөний худалдаачдыг зуучлах болж. Яг үүн шиг олон жишээ дурдаж болно.

Kleiner Perkins болон бусад компани органик хаягдлыг бордоо, тэжээл болгодог Harvest Power 248 сая ам.долларын хөрөнгө оруулсан талаар СВ Insights-ын мэдээлсэн бол Liquid Environmental Solutions хэмээх саарал ус, хэрэглэсэн тос дахин ашигладаг компани 51.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ.

Тэр ч бүү хэл энэ төрлийн бизнес Холливудын оддын анхаарлыг татаж эхэлснийг дуучин Бейонсегийн үйлдэл нотолно. Тэрбээр борлогдоогүй үлдсэн тарвасаас шүүс гарган авдаг Wtrmln Wtr компанийн хувьцааг худалдаж авчээ.

Үзэмж муутай гандсан тарвасыг хоёр дахь зах зээлд нийлүүлдэг ч үнэ хүрдэггүй тул фермерүүд хаяхаас өөр аргагүй болдог байсныг одоо Wtrmln Wtr худалдан авдаг болов. 

Тэр ч бүү хэл энэ төрлийн бизнес Холливудын оддын анхаарлыг татаж эхэлснийг дуучин Бейонсегийн үйлдэл нотолно. 

Өндөр хөгжилтэй орнуудад энэ мэтчилэн жижиглэнгийн, бөөний худалдаачид болон хүнсний компаниуд хайрцаг, савлагаа нь бага зэрэг гэмтэж, өнгө үзэмжээ алдсан хүнсний бүтээгдэхүүнийг шууд буцаадаг байна. Ачааны зардал нэмж төлснөөс хаясан хямд тусдаг тул ийм хүнсний бүтээгдэхүүнүүд шууд хогийн саванд ордог ажээ.

Манай улсад ч гэсэн энэ төрлийн бизнес цэцэглэх боломж бүрэн байгаа нь дээрх жишээнүүдээс тодорхой харагдаж байгаа байх. Мэдээж бизнес эхлүүлэх гол хөшүүрэг бол санхүүжилт. 

Гэхдээ энэ нь их хэмжээний хүнс хаягдаж, газар булагдаж, хортой хий ялгаруулахаас сэргийлж буйгаас гадна цэвэр усны нөөц, газар тариалангийн үр өгөөжийг нэмэгдүүлж буйгаараа байгаль орчинд ихээхэн ээлтэй бизнес тул гаднаас санхүүжилт босгох томоохон боломж байгаа юм. 

Яагаад гэвэл өнөөдөр дэлхий нийтээрээ тогтвортой хөгжих ганц л зорилго өмнөө тавьсан. Тэр зорилго нь 17 зорилттой. Дээрх бизнес эдгээр зорилтын олонход нь нийцэж буй. Зөвхөн бизнес гэдгээрээ бус, их хэмжээний хоол хүнс хаягдахаас сэргийлж, хэрэгтэй хүмүүст нь хүргэж буй гэдгээрээ.

Монгол Улсын хувьд хог маш том асуудал ч өнөөдрийг хүртэл хүнсний хог хаягдалд анхаарах сөхөөгүй явж ирсэн. Харин өнөөдөр анхаарахаас өөр аргагүй болжээ. Хэдийгээр монголчууд амны хишгээ бодоод хоол хүнсийг тонн тонноор нь хаядаггүй ч сүүлийн жилүүдэд ийм хандлага илт ажиглагдах болсон. 

Ялангуяа, Цагаан сарын дараа ул боовыг бөөн бөөнөөр нь хог дээр хаясантай цөөнгүй таарах болж. Хамгийн гол нь үүний цаана хоолгүй, өлсөж буй хүн олон зуу, мянгаараа байгааг санах хэрэгтэй.

Хэрэв хаяж буй тэр хүнсийг хэрэгтэй хүнд нь өгчихвөл олон га газар хагалж, тонн тонноор нь услан, шатахуун тос, эрчим хүч заран байж үйлдвэрт хүргэн боловсруулж, боов талх үйлдвэрлэсний ашиг тус гарч буй нь тэр.

Монголчууд амны хишгээ бодоод хоол хүнсийг тонн тонноор нь хаядаггүй ч сүүлийн жилүүдэд ийм хандлага илт ажиглагдах болсон. 

 Хаягдал гарахгүй байвал түүнийг далд оруулах гэж хөрс шороо сэндийчиж, газар ухах шаардлагагүй болно.

Агаарт их хэмжээний хорт хий ялгаруулахгүй тул эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдүүлнэ гэх мэтчилэн олон талын үр ашиг давхар өгнө. Нэг ёсондоо хоолоо хаяхгүй байх нь байгаль дэлхийдээ оруулж буй таны томоохон хувь нэмэр байх болно.

Ингэж тогтвортой хөгжих гээд буй зорилтуудыг биелүүлэхэд хөгжингүй, хөгжиж буй, буурай гээд бүхий л улс орон нэгэн адил үүрэг хүлээсэн. Дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон нүүрстөрөгчийн хийн ялгарлын магнатууд АНУ, БНХАУ, БНЭУ ч энэ зорилтуудыг биелүүлэхээр ам өчгөө өгч, нэгдсэн. Тиймээс Дэлхийн ногоон хөгжлийн сангаас монголчууд ийм төрлийн төслөөр мөнгө босгох боломжтой гэсэн үг. 

Учир нь тэр улс орнууд дэлхий нийтэд нөлөөлөх хэмжээний нүүрстөрөгч ялгаруулж буйнхаа төлөө хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудын байгаль орчинд ээлтэй төслийг дэмжиж, санхүүжүүлэхээр жилийн 100 тэрбум ам.долларын лимит бүхий сан байгуулж, түүндээ мөнгө төвлөрүүлэхээр тохиролцсон юм. Ямар их боломж байгаа нь эндээс харагдах биз ээ.

Бизнес болгоод овойтол их мөнгө босгох ч албагүй л дээ, бидний хувьд. Ядаж л хүнс худалдан авахдаа хэрэгцээндээ тохируулж, хоолоо хийхдээ хүндээ тааруулж, ресторанд бараагүй хоолныхоо үлдэгдлийг савлаж авдаг болоход л хангалттай. Энэ дадал хэвшил байгаль орчинд үлдээх таны ул мөрийг чамгүй багасгана. Чадаж байвал бизнес хийвэл бүр л сайн. Энэ бизнес таны ч өмнө нээлттэй.

 

Зураг