Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Жүдогийн ДӨРӨВ дэх өдрийн өмнө

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 9
www.ikon.mn

Эрэгтэйчүүдийн 81 кг: О.Ууганбаатар

Энэ жинд Азийн хошой аварга, 2008 оны олимпийн 5-р байрын шагналт Д.Нямхүүгийн үлдээсэн орон зайг нөхөн гарч ирж буй залуусын нэг бол ОУХМ О.Ууганбаатар юм. 2016 оны Азийн АШТ-д түрүүлсэн энэ жингийн өөр нэг шилдэг бөх Н.Дагвасүрэнг үлдээж, Риод ирсэн түүний хувьд жиндээ“битүү морьд”-ын нэгт тооцогдож буй гэж хэлж болно.

Хамгийн сүүлийн дэлхийн чансаагаар 19-р байрт бичигдэж буй манай бөх эхний тойрогт гоц мөргөж байгаа.

Харин 2-р тойрогт тэрээр Египтийн бөх Мохамед Абделаалтай барилдах оноолттой. Абделаал энэ жилийн Африкийн аварга болж, Мастерсд манай Н.Дагвасүрэнг хүрлийн төлөө ялснаар 3-р байрт шалгарсан, карьерынхаа хамгийн өндөр амжилттай үе дээрээ Риод ирээд байгаа бөх. О.Ууганбаатартай анх удаа барилдана.

Түүнийг ялбал шилдэг 16-д ОХУ-ын Х.Халмузаевтай барилдах магадлал өндөр. Оросоос энэ жинд 5 бөх эрхээ авсан бөгөөд олимпийн хүрэл, дэлхийн аваргын алттай И.Нифонтовыг гэрт нь үлдээж ирсэн Халмузаевт ихээхэн найдлага тавьж буй. Манай бөхтэй 3 жилийн өмнө  Алматын гран пригийн финалд барилдаж ялж байлаа. О.Ууганбаатарын хэсгийг дэлхийн чансааны №4 Канадын А.Валоис-Портер тэргүүлж байгаа.

Эмэгтэйчүүдийн 63 кг: Ц.Мөнхзаяа

4 жилийн өмнө Лондоны олимпод хэсгийн аварга болж, улмаар хүрлийн төлөө барилдаад ялагдсан Ц.Мөнхзаяа илүү туршлагатай, аль хэдийн “дэлхийд данстай бөх” болоод Риод ирсэн. Тэрээр 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Азийн аваргад түрүүлээд байгаа билээ.

Чансааны 9-р байрт эрэмблэгдсэн Ц.Мөнхзаяа эхний тойрогт Мароккогийн Ризлен Зоуактай барилдана. Африкийн хошой аварга Ризленийг манай тамирчин 2015 оны Самсуны гран прид буулгаж байсан. Түүний дараа харин Казахсан болон Хятадын бөхчүүдийн ялсантай барилдах оноолттой байгаа юм байна.

Казахстаны Мариан Урдабаева энэ жил Азийн аваргад анх удаа түрүүлж форм сайтай байгаагаа харуулаад байгаа. Тэрээр манай Мөнгөнчимэгийг 3 удаа ялж байсан ч Мөнхзаяатай нэг ч удаа таарч байгаагүй аж. Хятадын бөх ч шаггүй бөх. Ян Жуншиа 2014 оны Улаанбаатарын гран прид ирж түрүүлэхдээ Мөнгөнчимэгийг ялж байлаа. Мөнхзаяатай 3 барилдахдаа нэг ялж байжээ.

Энэ хэсгийг дэлхийн аваргын алт, хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Словений Тина Трстеняк манлайлж байгаа. Тэрээр манай Мөнхзаяатай 4 удаа барилдахдаа бүгдэд нь ялж байсан. Мөнхзаяа ч 4 жилийн өмнө хагас шигшээд үлдэхдээ Словений өөр нэг бөх Урска Золнирт хожигдож байсан юм. Словенчүүд түүхэн дэх анхны алтаа тухайн үед авч байсан удаатай. Мөнхзаяа маань словенчуудаас хариугаа авч медалийн төлөө өрсөлдөх боломж хангалттай бий.