Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зөв шийдлийн давуу талыг үгүйлэх нь

З.Цэлмэг, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 9
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Төрүүлж, өсгөсөн үр хүүхдээ одоо насанд хүрлээ, өөрөө учраа ол гээд хөөгөөд гаргадаг ээж, аав үгүй. Төрүүлсэн л бол хүүхдийнхээ хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэх нь хүний амьдралын бичигдээгүй хууль.

Үүнтэй адил төр ч гэсэн зохион бүтээгч, шинийг санаачлагч нарт “Бүтээлд чинь патент, гэрчилгээ олголоо, одоо өөрөө эдийн засгийн эргэлтэд оруулаад, үр шимийг нь хүрт” гээд орхидог жишиг дэлхийн хаана ч байхгүй. Харин ч шинэ технологи, инновацийг амь оруулж, хөгжүүлсэн улс эдийн засгаараа, хөгжлөөрөө дэлхийд манлайлж буй.

Уулын мод урттай, богинотойн адилаар уран бүтээлчид, зохион бүтээгчид шинэ бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулах тамир тэнхээ муутай. Бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь зохион бүтээгч, шинийг санаачлагч бүрт байдаггүй боломж.

Эдийн засагчид Хятадын сүүлийн 30 жилийг инновацийн эрин хэмээн тодорхойлжээ.

Нэгдсэн бодлого, хууль журам, цогц бүтэц, оновчтой шийдлээр л хөгжлийг хөдөлгөх шинэ бүхний үр шимийг хүртсээр хүн төрөлхтний түүх үргэлжилдэг.

Эдийн засагчид Хятадын сүүлийн 30 жилийг инновацийн эрин хэмээн тодорхойлжээ. Японы эдийн засгийн хөгжлийн түлхүүр ч инноваци гэж үзэж байна.

ОХУ-ын төрийн тэргүүн ч тэр, Арабын хойгийн баян орнууд ч түүхий эдийн орлогоо инновацид хаяж буй шалтгаан нь дэлхийн хөгжил нэг л ойлголтоор урагшлах болсны илрэл. Эрчим хүчний технологио сайжруулахгүйгээр хэрэглэх аваас дэлхий маань экологийн сүйрэлд орж, хөдөө аж ахуйд инновацийг дэмжихгүйгээр өлсгөлөн гуйланчлалд л хүрнэ.

БНХАУ-ын санаачилгаар 2013 оноос эхэлсэн “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцогч 60 гаруй орны оюуны өмчийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, салбарын ойлголтыг нэгтгэх томоохон уулзалт өнгөрөгч сарын сүүлээр Бээжин хотноо болжээ. Уулзалтын үед Монголын оюуны өмчийн тогтолцоо оролцогч орнуудын анхаарлын төвд байжээ.

НЭГДМЭЛ БОДЛОГО -САЙН ЗАГВАР

“Нэг бүс, нэг зам” бүсчлэлийн дагуу оршиж буй 62 орны эдийн засаг, худалдааг өргөжүүлэхийн тулд оюуны өмчийг хөгжүүлэхэд хамгийн чухал гэдэгт оролцогч талууд санал нэгджээ. Иймээс ч энэ салбарт хамтран ажиллах санаачилгыг анх удаа гаргаж байгааг Монголын оюуны өмчийн газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Сарнай хэлсэн юм.

Дэлхийн 189 орныг гишүүнчлэлдээ багтаасан Дэлхийн оюуны өмчийн байгууллага Зохиогчийн эрх, Аж үйлдвэрийн өмчид нэгдсэн бодлого хэрэгжүүлдэг. Манайд ч мөн адил. 20 жилийн өмнө уг загвараар бодлого хэрэгжүүлэх болжээ. Манай улсын Засгийн газар оюуны бүхий л төрлийн өмчийн асуудлаа бие даасан нэг байгууллагад хариуцуулж, бүртгэл, хяналтыг нь зохион байгуулсан улс гэдгээрээ манлайлдаг байна. 

Харин Монгол Улсын жишгийг даган, ижил гараанаас хөгжлийн загвараа эхлүүлсэн бусад улс орон зохиогчийн эрх, патентын газраа нэгтгэж эхэлжээ. Хамгийн сүүлд буюу хоёр жилийн өмнө ОХУ Патентын газруудаа нэгтгэх шийдвэр гаргасан байна.

Хятадад мөн Патентын газар, Зохиогчийн эрх болон Барааны тэмдгийн газар гээд гурван тусдаа газартай байдаг нь нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдгийг Бээжинд болсон оюуны өмчийн байгууллагуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн байна.

“Глобалчлалын үед улс орнуудын оюуны өмчийн ойлголтыг нэгтгэхийн тулд оюуны өмчийн хоёр том салбартаа нэгдсэн бодлоготой байх шаардлага тулгарч буй.

Тэгж байж тухайн оюуны өмчийн тогтолцооны эдийн засагт оруулах хувь нэмэр нь бодитой байж чадна” хэмээн Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат тайлбарлав. 

Тэрбээр XXI зуунаас эрчээ авч буй инновацийг зохион байгуулах тогтолцоо сүүлийн жилүүдэд манайд бусад улс оронтой мөр зэрэгцэх болсныг онцлов. Үүний суурь нь Үндсэн хуулиндаа иргэнийхээ оюуны өмчийг тунхаглаж, улсын баялгаар нэрлэсэнд буй аж. 

Мөн 1990-ээд оны дундаас оюуны өмчийн салбарт идэвхтэй анхаарал хандуулж, Барааны тэмдгийн тухай, Патентын тухай болон Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай гэх мэт бие даасан хуулиудтай болсон.

ДУТУУГАА ГҮЙЦЭЭХ САНАА

Нэгэн Монгол инженер суудал зохион бүтээжээ. Нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр “Хүн төрөлхтөн өнөөг хэр нь сандал зохион бүтээж чадаагүй байна. Бидний суудаг сандал бол сандал биш, харин жижигрүүлсэн ширээ. Сүүлд гарч байгаа төрөл бүрийн загвар нь харагдах байдлаараа л ялгагдана. 

Зөвхөн загвар хэлбэрээрээ ялгагдах эдгээр сандал хүн төрөлхтөнд суудлын өвчин л авчирсан” гэв. Харин түүний зохион бүтээсэн суудлыг хүний суух хэрэгцээтэй бүхий л газар байрлуулах боломжтой бөгөөд суудлын өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж. 

Түүний “ZEAT” нэртэй суудал Монголын Оюуны өмчийн байгууллагаас олгосон 2327 дугаарын патентын гэрчилгээтэй аж. Харин найман жилийн тэртээ АНУ-ын Роберт Жей Жэнсэн хэмээх зохион бүтээгч “ZEAT’’-ийн шийдэлтэй төстэй боловч арай болхидуу шийдэлтэй, гурван тэнхлэгээр эргэдэг суудал зохион бүтээж байжээ.

Одоогоор “ZEAT’’-ийг орлох бүтээгдэхүүн зах зээлд гараагүй байгаа талаар зохион бүтээгч нь хэлэв. Гурван жилийн өмнө патентийн гэрчилгээгээ авсан тэрбээр бүтээлээ хэрхэн үйлдвэрлэлд нэвтрүүлэхээ мэдэхгүй, хандах газаргүй явна.

Үнэндээ 2012 онд батлагдсан Инновацийн тухай хуулинд инновацийн бодлогыг хариуцах субъектээ тодорхойлж өгсөн боловч гардан зохион байгуулагч нь өнөөг хэр тодорхойгүй байгаа аж. “Тиймээс энэ бүхнийг нэгтгэх, мэдээлэл солилцох боломжийг нь хангах, зохион бүтээгч, үйлдвэрлэгчдийг холбох ажлыг гардан гүйцэтгэдэг үндсэн субъектийг Инновацийн тухай хуулиндаа оруулбал зөв юм болов уу хэмээн харж байна” гэж 37 жил хуулийн салбарт ажилласан Н.Чинбат гуай хэлэв.

Тэрбээр цааш нь, инновацийг амьдралд хэрэгжүүлж буй хамгийн том жишээг Монголоос хайж буй бол “Эрдэнэт” үйлдвэрийн Мянган инженерийн баярыг нэрлэсэн юм. “Анх Налайхын нүүрсний уурхай ашиглалтад орж байхад ачигчид тав болон найман кг-ийн хүрзээр нүүрсээ зөөдөг байсан.

Одоо бол “Таван толгой”, “Оюутолгой”-д хүрз бариад зогсдог ачигч байхгүй нь хүний оюуны бүтээлээр бий болсон техник, багаж хэрэгсэл, шийдлээр олборлолт явагдаж байгаагийн илрэл. Ийм учраас л мэдлэгт суурилсан эдийн засгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тиймээс хүний оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төр түмэнгүй л зүтгэх учиртай” гэв.

ДОӨБ-ын гишүүн орнуудын оюуны өмчийн хөрөнгийг бий болгох, менежментийг нь дэмжих идэвхтэй бодлого явуулдаг жишээ олон бий. Сингапур улс л гэхэд өөрийн харьцангуй давуу тал бүхий салбарууддаа нарийн дүн шинжилгээ хийх Эдийн засгийн дүн шинжилгээний хороог шинэ мянганы эхэнд байгуулжээ.

Нарийн судалгаа шинжилгээнд үндэслэн инновацийн тэргүүлэх салбаруудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр гадаад орчноос шалтгаалсан экспортын эмзэг байдлаас ангижраад зогсохгүй үйлдвэрлэгчээс мэдлэгт суурилсан эдийн засгийн өсөлтөө амжилттай үргэлжлүүлж буй.

Азид өрсөлдөх чадвараараа зургаадугаарт ордог Малайзын эдийн засгийн өсөлтийн нууц нь мөн л инновацийн шийдлийг амьдралд хэрэгжүүлэхэд тулах цэг болсон хөрөнгө оруулалтын хэд хэдэн хамтын санг бий болгосон. 

Тухайлбал, Технологи олж авах сан, Эрдэм шинжилгээ, судалгааг эдийн засгийн эргэлтэд оруулах сан, Малайзын хамтын хөрөнгийн менежментийн сан зэргийн тусламжтайгаар 2020 оноос улсаа мэдлэгт суурилсан эдийн засагтай болгож өөрчлөхөөр эрчимтэй ажиллаж буй.

ГЛОБАЧЛАЛЫН СОНГОДОГ ЖИШЭЭ

Оюуны бүтээлийн нэг онцлог нь хил хязгаарт захирагддаггүй, хамгийн даяарчлагдсан ойлголт. Нөгөө талаар хил хязгаараасаа хамаарч улс орнуудын оюуны бүтээл ижил хэрэглээ, төстэй дадал зүйтэй байдаг нь гарцаагүй шинж. Жишээгээр тайлбарлая. 

Оюуны бүтээлийн нэг онцлог нь хил хязгаарт захирагддаггүй, хамгийн даяарчлагдсан ойлголт. 

Хөөмий урлаг ОХУ-ын Тува, Монголын Ховд, Хятадын Өвөр Монголд бий. Энэ урлагийн оюуны бүтээлийг манай гурван улс ижлээр харж, ижил зохицуулалт хийхийг өнөө цаг үе шаарддаг байна. Мөн чацаргана жимс ОХУ, Монгол, Хятадын газар нутаг болон цаашлаад Энэтхэгт ургадаг аж. 

Чацарганаар хийсэн бүтээгдэхүүний оюуны өмчийг хамгаалахын тулд мөн л энэ дөрвөн улс ойлголтоо нэгтгэх шаардлага зайлшгүй гарч ирдэг. Хятадын оюуны өмчийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг Монголын шинжээч шууд хэрэглэж, манай шинжээчийн тайлбарыг ОХУ-гийн шинжээч харж, мэдүүлгийг нь тухайн улсдаа шууд мэдүүлдэг илүү хялбар тогтолцоо үгүйлэгдэж байгааг Бээжинд болсон дээд хэмжээний чуулганаар хэлэлцжээ.

ДОӨБ дэлхийн нийт бараа, үйлчилгээг 45 янзаар ангилдаг. Энэ ангиллын дагуу улс бүр шинэ бүтээлийн мэдүүлэг өгдөг тул хамгийн глобалчлагдсан салбар гэж үздэг. Түүнээс биш эмэгтэй хүний даашинзыг Монголд нэг янз, Солонгост бас нэг өөрөөр ойлгохгүй. Ямар ч төрлийн шинэ бүтээлийн эрхийг Бразил, Монгол, Мадагаскар, Бутанд зөвхөн патентаар л хамгаалдаг. 

Барааны тэмдэг ч мөн адил бүхий л улс оронд гэрчилгээгээр хамгаалагддаг. Харин зохиогчийн эрхийн тухайд шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын бүтээгдэхүүн төрсөн цагаасаа эхлэн тухайн бүтээгчийн оюуны өмч байна гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Үүнийгээ баталгаажуулаад Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцид нэгдчихсэн.

Тиймээс л цөөхөн монголчууд дунд алхаж буй нэгэн инженерийн содон шийдэл, авьяастны уран бүтээл дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боломж оюуны өмчийн салбарт хамгийн өндөр.

 

Зураг