Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Хуримын генерал”

З.Боргилмаа
2016 оны 8 сарын 8
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa

-Улс төр, төрийн өндөр албанаас буусан эрхмүүдийг угтан авдаг хүндэтгэл дүүрэн тэрхүү хувь заяаг “хуримын генерал” гэж хэлдэг нэр томьёо бий. Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч маань даанч өөр тавилангаар өнөөдрийг хүргэж байна даа-

Төрийн эрх мэдэл МАН-д шилжсэний дараа төрийн төмөр нударга юун түрүүнд Н.Энхбаяртай нэг мөр хатуу тооцоо бодох гэж байгааг сануулав.

Эрх мэдэлгүй, бүр эрх чөлөөгүй шахам сүүлийн дөрвөн жилийг үдсэн Н.Энхбаярт АТГ-аас шинэ хавтаст хэрэг үүсгэн хүчээр шахам байцаалт авахаар хөөцөлдөж эхэллээ.

Чухамдаа шүдгүй арслангийн завьжнаас хоолны үлдэгдлээс өөр юу олох гэж тэгнэ вэ хэмээн асуумаар үйл явдлууд ар араасаа өнхөрч байна.

МАН 2012 онд төрийн эрхээс буухын өмнөхөн Н.Энхбаярын хөлийг гозолзуулан оймсыг гялталзуулан баривчилсан ба үүний дараахан ээлжит сонгуулиар АН-д эрх мэдэл шилжин очсон юм.

Нэг үгээр бол хоёр төрийн өнгөн дээр түүний хэргийг дамнан шалгаж, албан тушаалын гэх хэрэгт буруутган ял оноосон билээ.

Гэвч Засгийн газар байгуулах эрх авсан АН-ын тухайн үеийн удирдлага МАН-тай хамтрахыг хойш тавьж, Н.Энхбаярын даргалж байсан МАХН-тай хамтран засаг байгуулав.

Дарга нь шоронд суугаа улс төрийн намтай хамтарч засаг байгуулсныг нь буруутгах ч хэцүү, үгүй ч хэцүү байсан ба энэ байдлаараа нэг хэсэгтээ явсан билээ.

Эцсийн эцэст АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-тай 2020 он хүртэл хамтарч ажиллах нууц гэрээ байгуулсан үндэслэлээр буруутан намын даргын суудлаасаа Шинэчлэлийн Засгийн газартайгаа хамт унасан юм...

Нэг үгээр бол Ардчилсан нам эрх барьж асан өнгөрсөн дөрвөн жилд МАХН-ын дарга Н.Энхбаяр үлгэрт нэг хөл гэрт, нөгөө хөл гадаа гэдэгчлэн ялтай ч юм шиг, ялгүй ч юм шиг явж ирсэн. Энэ хэрээрээ МАН-ыг зовоосон байх талтай. Наад зах нь 90 жилийн түүхийг нь МАХН нэртэй нь хамт булаах гэж үзсэн юм.

Эрх мэдлээс буусныхаа дараа өөрийг нь өндөрлөг бүрт хүргэж өгсөн унаган намаа хоёр хувааж, хонзогносон Н.Энхбаярт өнөөдөр МАН төмөр нударга харуулж байгаа нь нэг талаар бол гайхах зүйл биш байх.

Улс төрд хүрч болох бүх өндөр албан тушаалуудыг ээлжлэн хашиж, хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлаас буусан Н.Энхбаяр хоолондоо цадаагүй арслан аятай эргээд бүх юманд шунасан нь үнэн.

Хэрэв улс төр, эрх мэдлийг “хоол” гэж үзвэл тэрбээр найрын бүх ширээг дамжсан атлаа ханаж цадаагүй мэт эргээд дээш мацахаар улайрч эхэлсэн..

Улс төр, төрийн өндөр албанаас буусан эрхмүүдийг угтан авдаг хүндэтгэл дүүрэн тэрхүү хувь заяаг “хуримын генерал” гэж хэлдэг нэр томьёо бий. 

Нэг үгээр бол Ерөнхийлөгчийн суудлаас буусан хүн улс төрийн шинэ нам байгуулан өрсөлдөн тэмцэж эхэлснээрээ өөр дээрээ тэмцлийг далласан юм. Тэмцээд байвал тэмцлийг л бий болгодог гэдгийг түүний сүүлийн жилүүдийн улс төрийн зовлонт түүх нь харуулах байх. 

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л УИХ-ын сонгуульд өөрөө нэр дэвших эрхгүй болмогц эхнэрээ зүтгүүлсэн нь эхлээд л түүний улайрсан шунал улстөрийнхөнд байтугай олон нийтэд ч овилгогүй харагдсан, үүндээ ч дүн тавиулсан. Атал УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэдэгдлийг Ардчилсан намын дарга асан З.Энхболдыг турхиран байж хоёр ч удаа хэлүүлж амжсан тэрбээр дахиад тэмцлийн галыг өөр дээрээ дуудсан.

Түүнийг улстөрд “хаан” ч болгож чадсан, басхүү “хэн” ч биш болгож амжсан МАН-д өс хонзон өвөрлөсөн байхыг үгүйсгүй гэж ажиглагчид хэлдэг. 

Үнэндээ бол эрх мэдэлгүй буюу зүйрлэвээс шүдгүй болсон арслан тэглээ гээд ч яах билээ. Түүнээс айх хэрэг юун гэж бодмоор. Гэвч түүний тэргүүлдэг МАХН-д сонгуулийн үр дүн парламтентын нэг суудал авчирсан. Шуудхан хэлэхэд түүнд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, эсбөгөөс өөрийн хүүг түлхэх эрх бий. Нэр дэвшээд ялах хэмжээний санал авах магадлал тун бага хэдий ч түүний сүүлчийн ганц “соёо”-г нь суга татах гэсэн шиг эрх баригчид АТГ-аар түрээ барин араас нь ангуучлаад эхэлж байна.

Улс төрд хамгийн өндөр шатанд хүрсэн атлаа зодог тайлж чадахгүй өнөөдрийг хүртэл зовж байгаа Н.Энхбаяр залууст, ялангуяа улс төрд бэлтгэгдэж буй дараа үеийнхэндээ буруу үлгэр дууриалыг үзүүлж байгаа гэхэд үнэнээс гажихгүй байх. Магадгүй тэрбээр нам байгуулан ноцож тэмцээгүй бол өдийд улс төрийн хамгаалалтад орчихсон байх байсан биз.

Мөн хүмүүсийн дунд хүндэтгэлийн арга хэмжээ бүрт уригдан очдог, халуун талархал хүртдэг “хуримын генерал” хийгээд явж байх байлаа. Улс төр, төрийн өндөр албанаас буусан эрхмүүдийг угтан авдаг хүндэтгэл дүүрэн тэрхүү хувь заяаг “хуримын генерал” гэж хэлдэг нэр томьёо бий. Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч маань даанч өөр тавилангаар өнөөдрийг хүргэж байна даа.

Зураг