Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.ЭРДЭНЭБАТЫН АЛДААТАЙ ШИЙДВЭРҮҮД

Ч.Болортуяа
2016 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Улстөрч дараагийн сонгуулийн тухай боддог бол төрийн зүтгэлтэн дараагийн үеийнхний тухай боддог” гэж америк улстөрч эмэгтэй Линда Лингл хэлсэн байдаг. 

Төрийн эрх бариад буй Монгол Ардын Намын 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг үзвэл үнэхээр л улстөрч хүний зарчмыг барьсан олон сайхан нийгмийн халамжуудыг амлаад байна.

Залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг гадны орны туршлагаас нэвтрүүлэх бодлого баримтална. 

Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ гэх мэт гайхалтай сайхан амлалтуудыг 2020 оноос урьтаж хэрэгжүүлэх хэрэгтэй тухай МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгажээ.

Гэвч энэ бүх сайхан орчинг бий болгох мөнгө бидэнд бий билүү?

АЛДААТАЙ ШИЙДВЭРҮҮД

Ер нь шинэ Ерөнхий сайдын эдийн засгийн ямар онцгой хөтөлбөр зарлаж, хэрэгжүүлэх гэж байгаа нь маш учир битүүлэг байсаар байна. 

Өнгөрсөн жил МАН-ын нэр бүхий гишүүд Монгол Улс “Стэнд Бай” хөтөлбөрт хамрагдах шаардлагатайг онцолж байв. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хамгийн бага мөнгөний эх үүсвэр, төсөв, мөнгөний зөв бодлого явуулъя гэвэл бид энэ хөтөлбөрт орох нь өртөг багатай, цаг хугацаа хожсон үйлдэл болно” гэж ярьж явсан. 

Өдгөө МАН-аар овоглогддог зарим мэргэжлийн эдийн засагчид Монгол Улс яаралтай “Стэнд Бай” хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгааг хэвлэлээр сануулсаар байна. 

Энэхүү хөтөлбөрт хамрагдвал Монгол Улсын мөнгөний бодлого хатуурч, ерөнхийдөө эдийн засаг агшиж, нийгмийн халамжуудыг танах, зээлийг хумих зэрэг хэмнэлтийн горим руу шилжинэ гэсэн үг. 

Ж.Эрдэнэбат ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа л хэд хэдэн удаа эдийн засгийн онцгой хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Үнэхээр тэрхүү онцгой хөтөлбөр нь “Стэнд Бай” байх нь уу гэтэл тэрбээр энэ хөтөлбөрөөс эсрэг зүгт буюу нийгмийн халамжийн чиглэлд, татварын орлогыг бууруулах талд үүрэг чиглэлүүд өгөөд байгаа нь үнэхээр гайхшрал төрүүлсээр байна. 

Оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төсөв 1,1 их наяд төгрөгийн алдагдалтай явж байгаа бөгөөд төсөвт зайлшгүй тодотгол хийхгүй л бол зарим төрлийн нийгмийн халамжуудаа ч өгч чадахгүйд хүрээд байгаа билээ. 

Төсвийн ийм хүндрэлтэй үед ЕС жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгохыг судлах зэрэг үүрэг даалгавар өгөөд сууж байх юм.  Энэ тухай МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нь яах аргагүй үнэн. Гэхдээ өдийд төсвийн орлогыг ядаж нэг төгрөгөөр хэмнэсэн, нэмсэн бодлого хэрэгтэй болохоос олон нийтээс дэмжлэг авах гэсэн элдэв халамжлах, хөнгөлөх бодлого нь цагаа олоогүй алхам болоод байна. 

СЭЗС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан ч энэ тухай бага орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг хэт бууруулах нь үндэсний томоохон татвар төлөгчид компаниа задлах, бизнесээ жижигрүүлэх зэрэг сөрөг тал ихтэй талаар “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагандаа дурджээ.  

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ч Монгол Улсын Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр сайд нартаа үүрэг даалгавар өгсөн нь дахиад л хуваарилалтын тухай. 

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох санхүүжилтийн эх үүсвэрийг судлах, 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд суулгах, энэ талаар тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад даалгасан байна. 

Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар хөрөнгө хэрхэн босгох тухай “А” гэхгүй атлаа хоосорч, улайсан дансан дахь шавхруугаа хэрхэн хуваарилах тухайд л анхаарлаа хандуулсаар байгаа нь өөрчлөлт, шинэчлэлтийг зоригтой эхлүүлэх болов уу гэсэн Мэргэжлийн Засгийн газар, МАН-д эргэлзэх байдал төрж эхлээд байна. 

Мөн бүх сайд нарт хандаж, салбар бүртээ зээл тусламж гэхээсээ илүүтэй гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж ажиллахыг тэргүүлэх чиглэлээ болгох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн бүх худалдан авалт, үйлчилгээг зөвхөн монгол төгрөгөөр хийх, энэ чиглэлийг хууль тогтоомжийг биелэлтэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон тухай Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурджээ. 

Хөрөнгө оруулалтыг татаарай гэж хэлээд гадаадын хөрөнгө оруулалт сайжирдаг бол хангалттай хэмжээнд сайжрах боломжийг бид өнгөрсөн жилүүдэд үдлээ.

УРТ ХУГАЦААНДАА ХЭН ХОЖИХ ВЭ?

"Хятад улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нь хөгжиж буй улс орнуудын, ялангуяа түүхий эдийн экспорт давамгайлсан эдийн засагт шинэ орчныг бий болгож байна.

Энэхүү шинэ орчинд:

  • Нэгдүгээрт, өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн потенциал буурч, дэлхийн эдийн засгийн өсөлт ойрын 10 жилд нам түвшинд хадгалагдах хандлагыг юуны өмнө дурдах нь зүйтэй. 
     
  • Хоёрдугаарт, урд хөршийн эдийн засгийн хурдацтай өсөлт саарч, экспорт, хөрөнгө оруулалтад суурилсан эдийн засгийн бүтцээс дотоодын хэрэглээ, үйлчилгээний салбарт тулгуурласан буюу урт хугацааны илүү тогтвортой өсөлтийн загвар руу аажим шилжиж байна. 
     
  • Гуравдугаарт, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн супер циклийн уналтын мөчлөг 2012 оноос эхэлж, эрдэс түүхий эдийн үнэ унаж, бага үнийн түвшин цаашид хадгалагдахаар байна. 
     
  • Дөрөвдүгээрт, олон улсын санхүүгийн хямралын дараагаас Ази, Латин америкийн өсөлттэй эдийн засаг руу чиглэж байсан хөрөнгийн урсгал сүүлийн 3 жилд эргэж, хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах хандлага үргэлжлэхээр байна" гэж 2016 оны наймдугаар сарын 1-нд гарсан төв банкны 2015 оны тайланд дурджээ. 

Үүнээс үзвэл Монгол Улс урт хугацаандаа одоогийн замналаараа яваад яавч амьдрал дээрдэхгүйгээр үл барам улам л дордох хандлагыг ажиглаж болно. 

МАН үрэлгэн, халамжлагч бодлогоо хойш тавьж ямар нэгэн хэмнэлтийн горимд шилжлээ ч хоёр жилийн дараагаас асуудлыг улстөрийн зүтгэлтэн бус улстөрчийн нүдээр харж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр зүтгэвэл 2018 оноос Монголчууд эргээд чөтгөрийн тойрогтоо орох зураглал харагдаж байна.

Тодруулбал, МАН-ын засаг 2009 -2010 оны хооронд “Стэнд Бай” хөтөлбөр хэрэгжүүлж дуусаад ашигт малтмалын үнийн өсөлт, “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулалттай залгаж их халамжийн бодлогыг хэрэгжүүлсэн. Тэгэхээр энэ удаа ч энэ түүх давтагдахгүй гэх баталгаа алга.

Монгол Улс урт хугацаандаа одоогийн замналаараа яваад яавч амьдрал одоогийнхоосоо дээрдэхгүйгээр үл барам улам л дордох хандлагыг ажиглаж болно. 

Учир нь одоо МАН-д улс орны эдийн засгийг урт хугацаанд нь хэрхэн тогтвортой олон талын орлоготой болгох зоримог, шийдмэг хөтөлбөрийн “үнэр” ч алга. 

"Бондын эргэн төлөлтүүд 2017, 2018, 2022 онуудад хийгдэх ёстой. 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ. Үүнтэй холбоотойгоор ойролцоогоор 520 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс төлөгдөнө. 

2018 онд Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэх ёстой" талаар Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат iKon.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Бид энэ янзаараа ирэх жилүүдэд өрийн их дарамтанд байна. Дээрээс нь манай экспортын гол түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ үнэгүйдэж байгаа энэ үед хамгийн тохиромжтой урт хугацааны хөтөлбөр, зорилт хэрэгтэй байна. 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монголбанкны зүгээс хэрэглээгээ хэт тэлсэн байдлаас үүдсэн төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, эрүүлжүүлэх, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой байлгах мөчлөг сөрсөн бодлого нь өнөөдөр үр дүнгээ өгч Монгол Улсын төлбөрийн тэнцлийн дарамт тасралтгүй буурч байгаа нь манай эдийн засаг бодит хөрсөн дээрээ ирж буй давуу талтай. 

Нөгөө талаас эдийн засгийн хүндрэлээс үүдсэн импортын таналт нь төлбөрийн тэнцэлд эерэг нөлөөгөө үзүүлээд байна. 

Шинэ Ерөнхий сайд, МАН:

  • Төлбөрийн тэнцлийн дарамт багассан нэг сайн мэдээтэй, 
  • гадаадын хөрөнгө оруулалт, 
  • уул уурхайн ашигт малтмалын үнэ буусан, 
  • өр зээлүүд төлөгдөх хугацаа хаяанд ирсэн, 
  • төсвийн түүхэнд байгаагүй их алдагдалтай дөрвөн муу мэдээтэй эдийн засагтай золголоо. 

Энэ үед хамгийн тохиромжтой хөтөлбөр гадаадын бага үнэтэй зээл тусламж буюу "Стэнд Бай" байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ түүний дараа яах вэ буюу урт хугацаандаа бид хаачих вэ гэдэг энэ Засгийн газрын үед хамгийн чухал сэдэв байхыг үгүйсгэхгүй. 

2030 оноос Хятадын нүүрсний эрэлт дээд цэгтээ хүрэхийг BP group таамагласан. Хэдийгээр энэ бидэнд сайн мэдээ ч түүнээс өмнө эдийн засаг маань сөхрөөд унах вий гэдэгт асуудлын гол оршиж байна. 

МАН-ын мөрийн хөтөлбөр чухал уу. Мэдээж намын нөхдөд чухал л байх. Гэхдээ энэ удаад бидэнд МАН-ын биш Монголын мөрийн хөтөлбөр хэрэгтэй байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.