Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Mercedes Benz-ийн ХУВЬСЛЫН ТҮҮХ

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 8 сарын 5
За рулём
Зураг зураг

Сүүлийн 30 жилийн дотор автомашин хэр өөрчлөгдсөн бэ? “Дээр үед бүх зүйл энгийн хэрнээ чанартай байж” гэх хөгшчүүлийн үглэхийг залуус залхсан байдалтайгаар сонсоно. Сергей Канунников Mercedes Benz “C-Klasse”-ийн дөрвөн үеийг нэгэн дор цуглуулж энэхүү загварын хувьслыг хураангуйллаа. Зургийг: Александр Батыру

Бид оройн харанхуй нөмөрсөн Штутгартын хөдөлгөөн ихтэй замаар “Mercedes Benz C 250 CDI” унан зочид буудал өөдөө буцлаа. Агаар бохирдуулахын эсрэг бүтээсэн дизель хөдөлгүүр нь зогсох тоолонд унтарч залхааж байсан тул Eco горимыг салгахаас өөр аргагүй болсон юм. GPS нь ойлгомжтой тод хэллэгээр замчилж байв.

Салоны дулаан ч тогтмол нэгэн хэвийн байлаа. Нэг л удаа температурыг тааруулан AUTO горимыг сонгосноос хойш тэр чигт нь мартаж орхижээ. Гэтэл харанхуй гудамжны өнцөгт 190-ийнх шиг намхан гэрэлтэй нэг л танил дүрс жирс хийгээд өнгөрлөө. Яав ч миний унах Benz бишээ. Одоогоос гучаад жилийн өмнө гарч байсан энэ машин нь одоо ч гэсэн цэмбэгэр харагдана.

ИНЖЕНЕРИЙН УХААН

Бид энэ сарын дугаарт Toyota Prius-ийн хувьслыг нийтлэхийн зэрэгцээ автомашин инженерчлэлийн төгс шийдэл болсон Mercedes-ийн түүхийг өгүүлэхээр шийдсэн юм.

Аргагүй дээ, “Mercedes Benz” нь компрессортой хөдөлгүүр, дизель хөдөлгүүртэй  суудлын автомашиныг анх үйлдвэрлэн автомашины салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан болохоор дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй байх. Аль 1930 онд гэхэд л аль хэдийнээ шингэн тоормос болон үл хамаарах арын тэнхлэгийг (урд тэнхлэгийг яриад ч хэрэггүй байх) түлхүү хэрэглэдэг байв. Харин 1950-аад онд бензин цацах инжектор, дискэн тоормос болон ABS тоормосны системийг тус тус нэвтрүүлсэн юм.

Түүхийн хуудсыг сөхөж үзвэл 1982 онд ХБНГУ-ийн канцлераар Хэльмүт Коль харин Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар Ю.В. Андропов томилогдож байсан юм. Хэн ч тэр үед аугаа их Зөвлөлт Холбоот Улс хэдхэн жилийн дараа задарч, баруун зүүн гэж хоёр хуваагдсан Герман арав ч хүрэхгүй жилийн дотор буцаад нэгдэхийг зүүдлээгүй байв.

 

Тухайн үед “Daimler Benz” компани W201 гэх үйлдвэрийн тэмдэглэлтэй “Mercedes Benz 190”-ийг гаргаж тэр даруйд “Baby Benz” хоч авсан юм. Энэ машин нь орчин үеийн “C-Klasse” цувралын эхлэлийг тавьж байсан түүхтэй (C ангилал зөвхөн дараагийн үеэс гарч ирсэн).

Нийт уртаараа орчин үеийн загвараасаа 14 см богино ба тэнхлэг хоорондын зайгаар 10 см бага энэхүү авсаархан седан нь өнөө үед инээдтэй санагдах 14 инчийн дугуйтай ч хойно урдаа үл хамаарах тэнхлэг болон дискэн тоормостой байсныг онцлох хэрэгтэй байх.

Харин ABS тоормосны систем, “KE-Jetronic” нэг цэгт бензин цацах системийг  инжекторын хамт зөвхөн нэмэлтээр суурилуулдаг байв. Үндсэн хувилбар нь105 морины хүчтэй “Stromberg-175CDT” карбюратортай M102 хөдөлгүүртэй, харин ажилласан хийн саармагжуулагчтай хөдөлгүүр 102 морины хүчтэй байв. 

Мөн үндсэн хувилбар нь 4 шатлалтай механик хурдны хайрцагтай байсан ба 5 шатлалтайг нэмэлт сонголтоор тавьдаг. Хүсвэл бүр 4 шатлалтай автоматыг ч захиалж болдог байжээ.

Мэдээж 201-ийг 10 жилийн турш үйлдвэрлэх явцад илүү үнэтэй, хүчтэй хувилбар гарч байсан. Тэр дундаа AMG-ийн 225 морины хүчтэй хөдөлгүүр ашиглаж байсан гэвэл итгэх үү? Бурхан минь 1980-аад оны сүүлээр ингэж тоноглосон автомашин ямар галзуу харагдаж байсан гэж санана аа! Хэдийгээр энэ мангасын хажууд үндсэн хувилбар нь хамгийн багадаа ердөө 75 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй байсан ч тухайн үедээ бас ч үгүй сайндаа ордог байсан юм шүү. 

1993 онд Орос, Германчууд шинээр бий болсон улсад амьдарч байв. Өчигдөрхөн л “хуучны” Зөвлөлт Холбоот Улсын иргэд байсан хүмүүс хэдэн үе дамжин ярьж байсан одон эмблемтэй мөрөөдлийн герман машинаа дэлгүүрээс шууд худалдан авах боломжтой болсон юм.

 

W203 цувралын хөдөлгүүрийг шинэчилсэн юм.

 

W202 цувралаас эхлэн карбюратор хөдөлгүүр байхгүй болов. Хамгийн бага хүчтэй бензин хөдөлгүүр л гэхэд 122 морины хүчтэй.

Энэ үед Штутгартад W202-ийн тэмдэглэлтэй “Mercedes-Benz C” эхлэлээ тавьж таарсан. Гадна үзэмжийн хувьд өмнөх загвараас  энэ загварт юу ч уламжилсангүй тэс ондоо болсон.

Харин дэвшилтэт технологийг хуучинсаг хэв маягтай гарамгай хослуулж чаджээ. Тэнхлэгийн бүтэц болон жолооны механизмыг бараг өөрчилсөнгүй.

Mercedes-ийн хувьд карбюраторт хөдөлгүүр түүхэнд үлдэж, олон инжекторт хөдөлгүүр гарч ирсэн юм.

Үндсэн хувилбарт ABS тоормосны системийг санал болгосон. 190-д байсан 262 миллиметр урд дугуйны тоормосны дискний диаметрийг 273 мм, хойд дугуйныхыг 258 миллиметрээс 279 мм хүртэл томруулсан байна.

Мөн Mercedes-ийн хувьд карбюраторт хөдөлгүүр түүхэнд үлдэж, олон инжекторт хөдөлгүүр гарч ирсэн юм. Ингэснээр хамгийн хүч багатайд  тооцогдох 1,8 литрийн бензин хөдөлгүүр аль хэдийнээ 122 морины хүч, харин дизель нь бүхэл бүтэн 102 морины хүчийг гаргах болсон.

Үүнээс гадна Mercedes-үүдэд 4 шатлалт механик хурдны хайрцаг тавихаа больсноос гадна нэмэлт захиалгаар 5 шатлалт автоматыг  захиалж болдог болов. Машины урт 40 мм, харин тэнхлэг хоорондын зай ердөө 30 миллиметрээр уртасжээ. Мөн энэ цувралаар универсал кузовтой буюу комби  загварыг үйлдвэрлэж эхэлсэн юм. “Mercedes-Benz W202”-ийг ердөө долоон жил үйлдвэрлэж шинэ зууны босгон дээр дэлхий дахинд W203-ийн цувралыг танилцуулсан юм. Уг шинэчлэлтээр “C-Klasse” нь дөрвөн дугуй хөтлөгчтэй болсноос гадна зөөлөн дээвэртэй, хоёр хаалгатай кузовтой болжээ.

 

W201 цувралын үндсэн бензин хөдөлгүүр 102, харин дизель 75 морины хүчтэй байв. Хөдөлгүүрийн хэсэг нь ямар цэгцтэй гэж санана!

 

Орчин үеийн “C-Klasse”-ийн хамгийн бага чадалтай хөдөлгүүр л гэхэд 154 морины хүчтэй буюу 190-ээс 1,5 дахин илүү юм.

Гэхдээ хамаг гал цог нь дотроо байв. Урд тэнхлэгийг “Мак-Фэрсон” хийцтэй болгон могой араатай жолооны механизмыг хэдрэг араатай болгосноор дахиад л ээлжит хувьсгалыг хийсэн юм. Мөн урд дугуйд 288 мм харин хойно 278 миллиметрийн дискүүд тавин тоормосыг шинэчилсэн.

Харин үндсэн хөдөлгүүрийг хэвээр нь үлдээжээ. Энэ загварийн хамгийн хүчтэй хөдөлгүүр 367 морины хүчтэй болсон байлаа. Галзуурал үүгээр зогссонгүй, 6 шатлалт механик хурдны хайрцагтай болж нэмэлтээр хамгийн тансаг цуврал болох “S-Klasse”-д анх тавьж байсан 7 шатлалтай автомат суурилуулах боломжтой болсон юм. Нэмж хэлэхэд, үүнээс хойш ийм хурдны хайрцгийг бүх төрлийн фургонуудад тавьж эхэлсэн гэдэг.

Бас нэг чухал зүйлийг дурдахад, автомашины электрон төхөөрөмж болон ослын аюулгүйн тоноглолыг өргөн хэрэглэсэн. Тогтворжуулах систем нь унтраах боломжтой бөгөөд урд болон хажуугийн аюулгүйн дэрээс гадна нэмэлт мөнгө төлбөл арын зорчигчдод  аюулгүйн дэр ч санал болгодог байв.

202-той харьцуулбал 53 мм уртсаж тэнхлэг хоорондын зай нь 23 миллиметрээр өссөн. Ингээд, эцэс төгсгөлд анх 7 жилийн өмнө танилцуулж байсан “Mercedes-Benz W204”. Саяхан л нээлтээ хийж байсан юм шиг санагдаад байх юм... Юутай ч W204 нь 50 миллиметрээр уртсач тэнхлэг хоорондын зай нь 45 мм-ээр нэмэгдсэн байна. Түүнчлэн, тус цувралаар седан, универсалаас гадна CLC хэтчбек болон купе загварууд гарсан юм.

Үндсэн бензин хөдөлгүүр 154 м.х-тэй харин дизель 120 морины хүчтэй. Хурдны хайрцаг 6 шатлалт механик эсвэл 7 шатлалт автомат. Урд, хойд тэнхлэг нь олон татуургат. Мэдээж машин илүү хурд хүчтэй болсны зэрэгцээ электроник нь дагаж сайжрах нь ойлгомжтой.

Дараагийн загвар нь байгалд хор хөнөөлгүй байхаас биш хувьсгал хийхээр шинэчлэлт хийх нь юу л бол. Автомашин инженерчлэлийн хувьсгалт үе нэгэнт төгсчээ.

Mercedes-Benz W201

 

1982 оноос хойш буюу домогт “Mercedes-Benz 190” седан гарснаас хойш “C-Klasse”-ийн түүх ийнхүү эхэлсэн гэдэг. 1993 он хүртэл 1 879 629 ширхэг үйлдвэрлэсэн юм.

ХӨДӨЛГҮҮР: бензин, 1,9–2,5 л (102–225 м.х.); дизель, 2,0–2,5 л (75–122 м.х.)

ХУРДНЫ ХАЙРЦАГ: механическая 4- или 5-ступенчатая, автоматическая 4-ступенчатая.

ТУРШИЛТАД ОРСОН: бензин, 1,9 л, 102 м.х., 5-шатлалтай механик, 1984 онд Германд 27 417 маркийн үнэтэй байв.

 

Люкийн бариул нь инженерчлэлийн урлагийн бүтээл болжээ.
 

 

Шилээ гараар буулгадаг энэ байдал хүн бүхний сэтгэлд нийцдэг байлаа.
 

 

Үндсэн хурдны хайрцаг 4 шатлалтай. Сонголтоор 5 шатлалтайг авч болно.
 

 

Mercedes-д аль эртнээс эгнээ байр солих дохио болон шил арчигчийг жолооны хүрдэн дээр байрлуулсан байсан юм.
 

 

Өнөө үеийн автомашинуудтай харьцуулбал салон нь их энгийн санагдана.
 

 

Хуучны тосны манометр болон эконометрик ашиглах зааварчилгаа нь яг л цагаан толгой шиг их хялбар.
 

 

Хялбар хийц гэдэг нь ашиглахад төвөгтэй байна гэсэн үг биш юм. Харин ч эдгээр нь ямар ч гажиггүй ажиллаж байна.

ЦАГ ХУГАЦААНЫ МАШИНУУД

За, одоо хэрэглэгч, өөрөөр хэлбэл ямагт салоны ая тухыг чухалчилдаг хэрэглэгчийн үүднээс дөрвөн Mercedes-ээ унаж үзье.

W201-ийн өргөн бөгөөд дотор нь шигдэж алга болмоор зөөлхөн суудал нь их хөгжилтэй юм. Гэвч ердөө л хоёр байрлалд тааруулдаг суудал болон ямар ч тохируулгагүй аварга жолооны хүрдийн ард суухад хангалттай эвтэйхэн байлаа. Жолооны хүрдийг бага зэрэг дээшлүүлсэн бол илүү тухтай байх байсан ч энэ хэвээрээ ч зүгээр ч юм шиг.

Үзэгдэх орчин ямар гэж бодно! Нарийн баганатай намхан салхины шилээр өргөн уудам хорвоо ертөнц нэлэнхийдээ харагдана. 30-аад жил өнгөрсөн ч гараар буулгадаг шил болон чамин, гялтгар хийцтэй дээврийн люк ямар ч асуудалгүй онгойж хаагдана. Өнөө үед инээдтэй санагдах агааржуулагчийн эргүүлдэг тохируулагч хүртэл гарын аясаар ажиллаж байна. Анхнаас нь зүүн талын толийг гараар, харин баруун талыг автоматаар тохируулдагаар хийсэн герман инженерүүдийг бишрэхээс өөр аргагүй юм даа. 

Харин хойд суудал нэлээн давчуу. Дунджаас ялимгүй өндөртэй зорчигч үүнийг мэдрэх байх. Машин нь ч өөрөө жижиг болохоор одоогийн загвараас багааж нь 65 литрээр  бага байх нь машины нийт хэмжээнд яг л таарсан юм шиг санагдана. Тэгээд ч орчин үеийн хэмжигдэхүүнээр шалны доор дугуй багтдаг 410 литрийн багааж яав ч бага санагдахгүй болов уу.

201-ийг жолоодож байсан хүмүүс 10 жилийн дараа 202-г худалдаж аваад тэс өөр ертөнцөд очсон мэт санагдсан байх. Мөнөөх гүйдэг тохируулга болон бариулууд байхгүй болсноос гадна салон хамаагүй баялаг болж. Суудлын өндрийг тааруулж температурыг товчлуураар тохируулдаг болжээ.

Мөн люк болон шил өргөгчийг  автоматжуулсан ч товчлууруудыг нь урд суудлын хооронд байрлуулжээ. Гэхдээ ингэж байрлуулдаг машинууд одоо ч гэсэн  байдаг байлгүй дээ? Суудал нь өмнөх загвараасаа хамаагүй хатуу болж. Харин урд суудлын зай харьцангүй багасч энэ хэв маяг дараа дараагийн загваруудад ч хадгалагдах болно. Аюулгүй байдлыг сайжруулах үүднээс хаалгыг “зузаалж” жолооч болон хажуу зорчигч хоорондын зайг өргөсгөсөн болохоор W202-ийн гар тоормосыг хөлөөр гишгэдэг болгосон байх.

Хойд суудалд мөн л онц өөрчлөлт орсонгүй. Гагцхүү зайг хэдхэн сантиметрээр нэмсэн байна. Багааж ч мөн сүртэй томроогүй ч таг нь гупер хүртэл хаагддаг болсон.

Арын суудлын хувьд дараагийн загвар болох “Mercedes-Benz W203” хамаагүй тав тухтай юм. Харамсалтай нь урд суудалд суух хүмүүс бас л сэтгэл дундуур үлдэх байх. Эсвэл энэ бүхэн салоны хийцийг сайжруулах тусам илүү их чөлөөтэй зайг хүсэх бидний шуналтай холбоотой юм болов уу?

Бүдүүн багана нь үзэгдэх орчинг хязгаарлах ч үүнийг дагаад хоёр талын толь томорсон байна. Суудлыг тохируулах товчлуурыг хаалган дээр байрлуулсан нь минийхээр бол  хамгийн зөв шийдэлд хүрчээ. Жолооны хүрдийг мөн өөрт эвтэйхнээр тааруулдаг болжээ.
203-ийн салоны онцлог болох нүдэнд эрээлжлэх баянхуур хөгжмийн даруул мэт олон товчлуур ямар ч жолоочийг айлгаж орхино. Машины электроник сайжирч Joystick хэлбэрийн удирдлага зохион бүтээгдтэл дахиад 6-7 жил болох тул үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй болж дээ.

За, сүүлийн үеийн 204-ийн олон үйлдэлтэй эргүүлдэг тохируулга энэ байна даа. Энэ нь 30-аад жилийн өмнө 190-ийн урд сууж байсан хэн бүхэнд том өнгөт дэлгэцийн хамт яг л ирээдүйн зөгнөлт киног санагдуулах биз. Удирдлага илүү амар байна гэж үү? Үйлдлийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ ийнхүү хялбарчлах нь яахын аргагүй зөв алхам болсон гэж хэлж болно. Тэгээд ч салонд их товчлуур байрлуулах зай ч байхаа больж. Үүн дээр нэмээд шинэ залуу үеийнхэн компьютер технологид хэр их ач холбогдол өгөх болсныг санах хэрэгтэй. Даан ч олон үйлдэлтэй цэсэн дунд төөрч байна. 

Гэхдээ хэн Mercedes-ийг орос хэлээр тэр тусмаа ямар ч аялгагүйгээр ярина гэж таамаглах вэ дээ! Энэ бол яахын аргагүй магтууштай зүйл юм. Өө хайгчид шинэ үеийнхнийг орон зайд зүг чигээ олдоггүй, газрын зураг ашиглаж чаддаггүй хэмээн зэмлэж магадгүй ч нэгэнт л ухаалаг автомашин огт танихгүй хотын хүссэн газарт төвөггүй хүргэх нь догь биш гэж үү?

Машины суудлыг миллиметрийн зөрөөгүй тохируулж болдог нь бас сайн хэрэг. Хатуу байна уу? Тийм тал бий. Гэхдээ ийм суудал дээр ядарна гэж үгүй. Арын эгнээ том зайгүй ч боломжийн. Хөлд хангалттай зайг гаргахын тулд тэнхлэг хоорондын зайг нэмэх хэрэгтэй болж таарна. Үүнийг дараагийн загварын шинэчлэлтээр хэрэгжүүлснийг уншаарай.

Mercedes-Benz W202

 

“C-Klasse”-ийн хоёрдугаар үеийн седан болон универсалуудыг 1993 оноос 2000 он хүртэл гаргаж байсан юм. Нийт 1.626.383 седан болон 243.871 универсал тус тус үйлдвэрлэсэн юм.

ХӨДӨЛГҮҮР: бензин, 1,8–5,4 л (122–345 м.х.); дизель, 2,1–2,5 л (102–150 м.х.). 

ХУРДНЫ ХАЙРЦАГ: механик 5-шатлалтай, автомат 4- ба 5-шатлалтай.

 

Хурд баригчийн рычаг томорсон байна. Үүнээс хойш энэ рычаг нэг биш жолоочийн гарт тээгэлдэж төвөг удах юм.
 

 

Өвлийн болон спорт горимтой автомат хурдны хайрцаг.

 

Люк автомат харин доторх хаалт нь гараар нээж хаагддаг болсон.
 

 

Бариулыг чанартай модоор хийсэн байна. Шил өргөгчийн товчлуурыг хаалганд хараахан суурилуулж амжаагүй юм.

 

190-ийг бодвол хоёрдугаар үеийн салон хамаагүй өнгөлөг, илүү баялаг болсон юм.
 

 

Зүүтэй цаг гэх сонгодог зүйлсийг салоноос авснаар мэдээллийн самбар илүү хүртээмжтэй болж.
 

 

202-т шинээр маш их зүйл нэмсэн байна. Үүнд унтраах боломжтой тогтворжуулах систем хүртэл багтжээ.

ГУЧИН ЖИЛ ХАМТ БАЙХСАН

Би хоёр “захын” Benz-үүд болох 1984 оны 201-г орчин үеийн “Mercedes-Benz C 250 CDI”-тай харьцуулж үзлээ. Эхнийх нь бензин, карбюратортой, хоёр дахь нь дизель. Цилиндрийн хэмжээ ердөө 150 кубийн зөрүүтэй байхад хүчин чадал хоёр дахин их байна. Мөн бодит жин бүр 480 килограммаар өссөн юм.

Эхлээд 190-д суугаад салонд хэр анир чимээгүй байдгийг мэдэрсэн. Харин 204-өөр хурдалбал дизель хөдөлгүүр нэлээн дуутай байв. Хурдаа богино хугацаанд авах нь ойлгомжтой. Үзүүлэлтийн мэдээллийг харьцуулахад л орчин үеийн седан нь “ахмад дайчнаасаа” бүр 5,3 секундээр хурдан байна. Гэлээ гээд 190-ийг намуухан явалттай, удаан тэрэг гэхгүй ээ. Энэ машин хотын жолоодлого, хөдөөний зам гээд хаана ч өнгө үзэмжтэй харагдахаас гадна хөдөлгүүр нь минутад 5000 хүртэл эргэлт хийж байхад муулаад ч яах билээ!

Хурдны хайрцаг нь сүүлийн үеийн машинуудаас дутахааргүйгээр шатлалаа сольчихно. Тоормос сайн, дуулгавартай. Гагцхүү ABS тоормосны системгүй машинаар хамаагүй сорьж турших шаардлагагүй биз ээ.

 

190 илүү тав тухтай санагдлаа гээд хэлчихвэл авто инженерүүд гомдохгүй байлгүй дээ. Хэрвээ 17 инчийн намхан бөөртэй дугуйтай 204-ийн тэнхлэг бага зэргийн дэржгэр  замаар айхтар чичирч байсан бол “ахмад дайчин” энэ бүхнийг хялбархан даваад гарчихаж байна лээ. Мэдээж хуучны загвар болсон хойно бага зэрэг хазайхаас гадна хатуу, шулуун замд удирдлагаа алддаг руль орчин үеийн жолоочийг айлгах л байх.

Ямартай ч “Mercedes Benz 190” их аятайхан машин юм. Германы замаар ч энэ седан хангалттай их давхидаг нь нэгийг өгүүлэх байх. Мэдээж ихэнх үзүүлэлтээрээ орчин үеийн загвараа гүйцэхгүй нь ойлгомжтой хэрэг юм. Цаадах чинь ч өөрөө шинэ машинуудтай өрсөлдөөд байгаадаа биш л дээ...

Mercedes-Benz W203

 

Седан, универсал, купе болон CLK кабриолет кузовтой гуравдугаар үеийн загваруудыг 2000-2006 он хүртэл үйлдвэрлэжээ. Уг цувралын автомашинууд дөрвөн дугуй хөтлөгчтэй 4MATIC системтэй болсон юм.

ХӨДӨЛГҮҮР: бензин, 1,8–5,5 л (122–367 м.х.); дизель, 2,1–3,0 л (102–231 м.х)

ХУРДНЫ ХАЙРЦАГ: механик 6-шатлалтай, автомат 5- ба 7-шатлалтай.

 

Тансаг автомашин бүр люктэй байх ёстой гэх ойлголт удахгүй алга болно.
 

 

W203-д суудал тохируулдаг товчлууруудыг хаалган дээр байрлуулснаар зөв шийдэлд хүрсэн юм.

 

Анх удаа 7 шатлалт араатай автомат хурдны хайрцгийг танилцуулсан юм.
 

 

Рычаг нь удирдлага, хэрэглээний хувьд төвөгтэй хэвээр үлдсээр байв.

 

Бид хүчтэй хөдөлгүүртэй, арьсан бүрээс, жолооны хүрдэн дээрх товчлуур ба төрөл бүрийн автоматжуулсан баялаг салонтой Mercedes жолоодож үзлээ. 
 

 

Төв компьютерын дэлгэцээр төхөөрөмжүүдийн хэмжүүр маш тодорхой, алдаагүй гарна.

 

“Ярайсан” товчлуур яахын аргагүй айдас төрүүлнэ. Энэ бүхний ажиллагааг ойлгоход нэлээдгүй цаг хугацаа шаардана.

ХӨГЖЛИЙН ТАТВАР

Машинууд сайжирч байна гэж хэлэхэд хэцүү болж. Мэдээж ямар ч машин жирийн жолоочийг А цэгээс Б цэг хүртэл тав тухтай, аюулгүй хүргээд өгнө. Гэхдээ л технологийн дэвшил гэдэг их зөрчилдөөнтэй зүйл шиг санагддаг.

Тунгаан бодвол инженерүүд ур чадвар, чармайлт гарган аль болох л хурд, хүч нэмж спорт жолоодлогыг нэвтрүүлэх тусам хурд хязгаарлагч олширч хурд хэтрүүлсний торгууль нэмэгдсээр байна.

 

Автомашин хөгжихийн хэрээр жолоочийг төрөл бүрийн камер, урд, хажуу аюулгүйн дэр “хүрээлэх” юм. Гэхдээ л цоо шинэ Mercedes-д суугаад үе үе 201-ийн цэлгэр орчинг үгүйлэх юм даа.

Машинууд улам хөгжингүй болохын зэрэгцээ тухайн үед “моодонд” орж байсан ослын аюулгүйн тоноглолыг өөрийн эрхгүй өгүүлнэ.

Инженерүүд ч тэр байгаль орчин бохирдуулахгүйн үүднээс сайн ч ажиллаж их ч үр дүнд хүрч байна.

Гэхдээ л техник хөгжиж, хэмжээний хувьд ч тэр томрох нь шатахуун зарцуулалт ихэснэ гэсэн үг.

Тиймээс бид бүхний хувьд шатахуун зарцуулалтыг хэмнэж байгальд аль болох хор хөнөөлгүй шийдэлд хүрэх нь чухал болж байгаа юм.

Инженерүүд ч тэр байгаль орчин бохирдуулахгүйн үүднээс сайн ч ажиллаж их ч үр дүнд хүрч байна. Шатахуунаа ч  хэмнэдэг болсон. Гэхдээ л бодит амьдрал дээрх шатахуун зарцуулалт техникийн үзүүлэлт дээрхээс зөрсөөр л байна.

Mercedes-Benz W204

 

2007 оноос хойш седан, универсал, хэчбек (2008 оноос CLC) болон купе (2011 оноос) гэсэн кузовтойгоор үйлдвэрлэж байгаа. 2012 оны зун гэхэд нийт 750.000 седан гаргасан.

ХӨДӨЛГҮҮР: бензин, 1,8–6,2 л (154–517 м.х.); дизель, 2,1–3,0 л (120–265 м.х.).

ХУРДНЫ ХАЙРЦАГ: механик  6-шатлалт, автомат 7-шатлалтай. 

ТУРШИЛТАД ОРСОН: дизель, 2,1 л, 204 м.х., 7-шатлалт автомат,    

ҮНЭ: Германд 39.478 евро.

 

7 шатлалт автомат хурдны хайрцаг нь “C-Klasse”-ийн хувьд энгийн зүйл болж. Одоо ч механик хурдны хайрцаг олно гэдэг юу л бол.
 

 

Хурд баригчийн рычаг доошилсон ч тухгүй хэвээр байв.

 

Өмнөх загваруудад ийм өнгөт, тэр тусмаа оросоор ямар ч аялгагүй ярьдаг дэлгэц зүүдэнд нь ч харагдаж байгаагүй.
 

 

Хаалган дээрх товчлууруудын хийцээрээ төгс биш юм аа гэхэд жолоочид тааруулсан байж болох эвтэйхэн газар байрлуулжээ

 

30-аад жилийн өмнө 190 унаж байсан жолооч нар энэхүү шинэ Benz-д суугаад салон хэр их өөрчлөгдсныг үнэлж л таараа.
 

 

Цагаан дэвсгэртэй хянах самбар нь загварлаг харагдаад зогсохгүй мэдээлэл авахад ч хамаагүй ойлгомжтой юм.

 

Олон үйлдэлтэй Joystick удирдлага гарч ирснээр мөнөөх тоолж баршгүй товчлуурыг рычагийн хамт орложээ.

Намайг буруугаар битгий ойлгоорой, би хөгжил дэвшлийн эсрэг үзэлтэн биш шүү. Гоёмсог зүүтэй пянз тоглуулагчийн шаржигнах авианд давтагдашгүй увдис байдаг ч дуу хөгжмийн нарийн хэсгүүд нь тэр бүр чихэнд хүрдэггүйтэй санал нийлэх байх. Үүний адил бид үргэлж хаа нэгтээ яарсан нийгэмд амьдрахдаа аль болох шинэ автомашин унах гэж тэмүүлдэг нь хэвийн үзэгдэл болжээ.

Гэхдээ хөгжлийн шат болгонд төлөөс байдагтай адил нийт жин нэмэгдэж, тэнхлэг хатуу болж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болон эцсийн эцэст энэ бүхнээс болж түрийвч ч нимгэрдэг юм. Тийм биш гэж үү? 

Уг нь  хэн ч биднийг ингэ гэж шаардаагүй л дээ...

 
 

Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв

Зураг