Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Бодит үнэ үгүйлэгдэж байна

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 8 сарын 4
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Өрхийн төсөвт хүнсний ногооны зардал харьцангуй бага дүн эзэлдэг. Үүнийг махтай харьцуулах боломжгүй. Энэ хэрээр дарамт бага бөгөөд үнийн өсөлтийг эзэгтэй нар төдийлөн тооцож гаргаад байдаггүй.

Гэтэл төмс, хүнсний ногооны үнэ энэ оны долоодугаар сарын үзүүлэлтээр огцом нэмэгдэв. Айл бүрийн хоолны орц дотор төмс, лууван илүүтэй багтдаг. Уг нь шинэ ургацын ногоотой уралдаж жил “дарсан” ногооны үнэ нь хямдарч ирсэн. Тэгвэл өнөө жил өсөлтөөр угтлаа.

“Барс” захын хүнсний ногооны лангууны зарим худалдагч нараас үнийн өсөлтийг лавлахад, агуулахын нөөц багассан, өндөр үнээр худалдан авч байгаа гэв. Мөн валютын ханш өссөн гэсэн тайлбар хэлж байлаа.

Шинэ ургацын хүнсний ногоо зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн ч дээрх үнийн өсөлтөд одоогоор өөрчлөлт гараагүй байна. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилээс илүү их хэмжээний ургац авахаар байгаа.

Шинэ ургацын хүнсний ногоо зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн ч дээрх үнийн өсөлтөд одоогоор өөрчлөлт гараагүй байна. 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, төмс, хүнсний ногооны үнэ тасралтгүй нэмэгдсэн.

Долоодугаар сарын сүүлийн долоо хоногт төмс, хүнсний ногооны үнэ 17.2-55.8 хувиар өссөн аж. Тухайлбал, луувангийн үнэ 37 хувиар нэмэгдэж, нэг кг нь 3,000 төгрөгтэй тэнцлээ.

“Барс” болон “Баянзүрх” захад нэг кг лууванг 3,000 төгрөгөөр зарж байв. Харин их хэмжээгээр авсан тохиолдолд кг тутам 500 төгрөг хямдруулна гэж С.Оюунчимэг хэллээ. Тэрбээр “Барс” захад гурав дахь жилдээ төмс, хүнсний ногоо зарж байна гэсэн юм.

Манай улс энэ хавар 14.2 мянган га-д төмс, 7.8 мянган га-д хүнсний ногоо тариалсан. Тариалалтын хэмжээг өнгөрсөн оныхтой харьцуулахад төмс, хүнсний ногооны тариалалт 1-1.5 мянган га-гаар илүү. Тэгэхээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн дохио. Нийлүүлэлт нэмэгдэхээр үнэ буурдаг зүй тогтолтой.

Гэвч төмс, хүнсний ногооны зах зээл импорт болон ченжийн халаасанд бүхэлдээ багтсан нь дээрх өсөлтөд нөлөөлжээ.

Эрт ургацын төмс, хүнсний ногооны хураалт газар тариалангийн бүс нутгуудад эхэлсэн бөгөөд борлуулалт ид явагдаж байна. Их ургац ирэх сарын эхээр зах зээлд нийлүүлэгдэхээр байгаа хэмээн С.Оюунчимэг онцлоод, тэр үед одоо тогтсон үнэ буурна гэж тайлбарлалаа. “Барс” захын ойролцоо Төв болон Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ногоочид шинэ ургацаа авчирч, нийслэлчүүдэд зарж байв.

Төв аймгийн Жаргалант сумаас ирсэн У.Оргил “Шинэ ургацын ногооны үнэ өнгөрсөн жилийн түвшнээс бараг өөрчлөгдөөгүй. Энэ жилд ургац сайн байгаа болохоор үнийн хувьд илүү хямдрахаар байна. Цаашдаа нийлүүлэлт улам нэмэгдэнэ. Тэгэхээр зах зээлийн үнэ буурах магадлалтай” гэлээ. 

Тэрбээр “Бидний хувьд зах зээлийн үнээс 2-3 дахин бага үнээр шинэ ургацын ногоогоо зарж байна. Тэгэхээр шинэ ургацын ногооны үнэ одоогийн түвшнээс буурахгүй байх. Бидний хувьд тээвэрлэлт, хаврын тариалалтын зардал, бага зэргийн ашиг шингээдэг. Эргээд хаврын тариалалт хийх зардлаа гаргаж авахыг боддог. Гол нь ченж нар хямд үнээр бөөндөж аваад захуудын ханшийг өндөр тогтоогоод байна” хэмээн өгүүлсэн юм.

Хүнсний ногооны бизнес эрхлэгчид ашиг олохоо урьтал болгож байгааг гурван ногоочин тутмын хоёр нь хэлж байсан юм. Тэд өөрсдийгөө үйлдвэрлэгч хэмээн тодотгоод ногоочид, эцсийн хэрэглэгчид хохирч байгааг хэлж байлаа. 

Ногоочид хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадахгүй, иргэд дотоодын шинэ ургацын ногоогоо бодит үнээр хэрэглэж чадахгүй, лангууны наймаачдын хэлсээр үнээр авч хохирч байгаад олон хүн шүүмжлэлтэй хандаж байв. Үйлдвэрлэгчид “ченжгүй ногоо”-ны худалдаа намарт л байх боломжтой. Бидний хувьд агуулах болон борлуулалтын сүлжээгүй учраас ченж нарт хандахад хүрдэг гэсэн юм.

Хүнсний ногооны үнэ сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн шалтгааныг худалдаа эрхлэгчид харилцан адилгүй тайлбарлаж байсныг дээр дурдсан. Тариалалт болон тээвэрлэлтийн зардлын багагүй хувийг эзэлдэг шатахууны үнэ литр тутам 100-150 төгрөгөөр буурсан нь шинэ ургацын ногооны үнэ тогтвортой байхад нөлөөлсөн аж. 

Нийслэлийн хүнсний зах, дэлгүүрт нэг кг нь 3,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа лууванг ногоочдын гар дээрээс хоёр дахин хямдаар худалдан авах боломжтой.

Нэг кг лууван 1,500 төгрөгийн үнэтэй байна. Харин их хэмжээгээр авсан тохиолдолд 100-200 төгрөг татна хэмээн ногоочид хэлж байв.

Манай улсын хувьд дотоодын хэрэгцээт хүнсний ногооныхоо 60 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж, үлдсэн хувийг импортын хүнсний ногоогоор хангаж байна.

Манай улсын хувьд дотоодын хэрэгцээт хүнсний ногооныхоо 60 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж, үлдсэн хувийг импортын хүнсний ногоогоор хангаж байна гэсэн албан мэдээлэл бий.

Хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл өссөн ч импортоос хамааралтай хэвээр. Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас төмс, хүнсний ногооны өсөлтийн талаар тодруулахад, зах зээлийнхээ дагуу үнэ ханш тогтож байгаа, бидний хувьд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй хэмээн хариулт өгсөн юм.

Байцаа, сонгино, лууван, сармис, манжингийн импортын 97-98 хувийг өмнөд хөршөөс импортолж байна. Хүнсний ногооны хэрэглээ ганц улсаас ийнхүү хараат байдалтай байгааг дээрх тоон үзүүлэлт илтгэнэ. Импортын хүнсний ногоо зах зээлд жин дарсаар. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортыг бууруулах талаар дорвитой алхам үгүйлэгдсэн хэвээр байгааг үйлдвэрлэгчид өчих.

Манай улсын нийт тариалалт хийсэн талбайн хэмжээ тэлсэн ч үүний тав хүрэхгүй хувьд хүнсний ногоо тариалж байгаа нь чамлалттай санагдана. Хүнсний ногооны нийт үйлдвэрлэлийг авч үзвэл, байцаа, лууван, манжингийн үйлдвэрлэл нэлээд хувийг эзэлж байна. Хүнсний ногооны нийт үйлдвэрлэлд эзлэх байцааны хувийн жин 2014 оноос тасралтгүй буурсаар байгаа бол луувангийн тариалалт харьцангуй өссөн аж. Харин манжин болон төмснийх тогтвортой байна.

Хүнсний ногооны нийт хэрэглээ байнгын өсөлттэй гарах болсныг дурдсан. Импортын статистик мэдээллээр, хүнсний ногооны нийт хэрэглээ сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй өссөн байна. Нийт хэрэглээний 40 орчим хувийг импортын хүнсний ногоогоор хангаж байгаа нь зах зээлийн бодит үнэд хүртэл нөлөөлж байгааг ногоочид хэлж байсан юм.

Манай улсын хэрэгцээт байцааны 52.9 хувь нь импортоос хамааралтай байна. Импортын байцааны 99.8 хувь БНХАУ-д, үлдсэн хувь нь ОХУ, БНСУ-д ногддог аж.

Сонгино, сармисны импортын 97-98 хувийг БНХАУ-аас, үлдсэн багахан хэсгийг Казахстан, ОХУ, Нидерланд, БНСУ-аас импортолж байгааг ХААИС-ийн “Монгол Улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж” судалгаанд тэмдэглэжээ.

Нэг хүнд ногдох жилийн хүнсний ногооны хэмжээ 2009 оноос жил бүр өссөөр 2013 онд 36.4 кг-д хүрсэн. Манай улс хүнсний ногооныхоо багагүй хувийг импортоор оруулж ирдэг ч нэг хүний жилийн хүнсний ногооны хэрэглээ НҮБ-аас тогтоосон стандарт болох 75 кг-д хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, физиологийн нормын 48 хувийг л хангаж байгаа аж.

Улсын хэмжээнд 75 мянган өрх төмс, хүнсний ногоо тариалж байгаа гэсэн тоо бий. Энэ тоо сүүлийн жилүүдэд агшсан хэмээн ногоочид хэлж байсан юм.

Бордооны үнэ өндөр учир тариаланчид тэр болгон бордоо аваад байдаггүй. Энэ нь ногооны үнийн өртөгт ч нөлөөлдөг талтай. Дэлхийд бордооны үйлдвэргүй 50 орны нэг нь манайх. Газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бордоогоо гаднаас авч хэрэглэсээр ирсэн юм.

Хүнсний ногоо хадгалах агуулахын хангамж тааруу хэвээр байна. Улсын хэмжээнд нийт 180 мянган тонн багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгаа бөгөөд энэ нь төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд дутагдалтай хэвээр. Агуулах, зоорь дутагдалтай байгаагаас тариаланчид хураасан ногоогоо намар хямд үнээр зах зээлд нийлүүлдэг. Энэ нь тариаланчдын ашгийг бууруулж, хүнсний ногоо тариалах сонирхлыг багасгадаг гэдгийг өөрсдөө хэлж байсан юм.

Төмс, хүнсний ногооны ченж нар хэзээ ч алдагдалд ордоггүй гэдэг. Ченж нар бөөний үнээр худалдан авсан бүтээгдэхүүнээ лангууны худалдагч нарт дамжуулан худалдаж ирсэн. Хамгийн багадаа 1.5-2 дахин “нугалдаг” аж. Гол үнийн “тоглолт”-ыг ченж нараас гадна лангууны худалдагч нар удирддаг хэмээн ногоочид хэлж байсан юм.

Зураг