Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн бүртгэл уламжлалт аргаараа явагдаж, Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 2
iKon.MN

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайд Ж.Батсуурь өнөөдөр Рио Де Жанеро хотыг зорьж байна.

Тэрбээр Рио явахаасаа өмнө салбарынхаа тулгамдсан болон цаг үеийн асуудлуудаар  өчигдөр мэдээлэл хийсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар салбарын Сайд “Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээж авч уулзлаа. Ард иргэдийн өмнө тулгарч байгаа нэг том асуудал нь оюутны сургалтын төлбөр байдаг учраас энэ хичээлийн жилд сургалтын төлбөрийг нэмэхгүй байх талаар сургуулиудад хандлаа. Эхний ээлжинд төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирлуудад албан тоот хүргүүлж, зөвлөмж чиглэл өгсөн. Ихэнх төрийн өмчийн сургуулийн удирдлагатай биечлэн уулзаж, төлбөр нэмэхгүй байхаар тогтлоо.

Хувийн их, дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзаж, төлбөр нэмэхгүй байх тохиролцоонд хүрсэн. 

Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулах аймаг нийслэлийн засаг дарга нарт зөвлөмж, чиглэл хүргүүллээ. Үүнд цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг хэрхэн явуулах, сурах бичгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, засварын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах гэх мэт асуудлууд багтсан.

16,000 хүүхдээр цэцэрлэгийн элсэлтийг нэмэгдүүлнэ.

Иргэдийн хамгийн их бухимдалтай ханддаг асуудал бол цэцэрлэгийн бүртгэлийн асуудал байдаг. Нийслэл Улаанбаатар хотод хүн ам ихээр төвлөрсөн учраас жил бүр цэцэрлэгийн тоог нэмсээр байгаа ч хүн амын өсөлтийн хурдаа гүйцэхгүй байна. Тиймээс хотын даргатай хамтарсан “Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 11 зүйл заалттай албан даалгавар гаргаж Нийслэлийн Боловсролын Газарт хүргүүллээ.

Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийн асуудлыг Нийслэлийн боловсролын газар хариуцан зохион байгуулдаг.

Энэ жилийн бас нэг чухал үйл явдал бол Зуны Олимпийн XXXI наадам. Олимпийн наадам энэ сарын 5-нд эхлэх бөгөөд спортын салбар манай яаманд харьяалагдах болсон учраас миний бие Засгийн газрын албан томилолтоор Бразил улс руу явж байна. Сонгуулийн дараах их ажил цэгцрээгүй байгаа учраас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Олимпийн арга хэмжээнд оролцох боломжгүй болсон” гэлээ.

2015-2016 оны хичээлийн жилтэй харьцуулахад 2016-2017 оны хичээлийн жилд  16,000 хүүхдээр цэцэрлэгийн элсэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ.  Үүнээс шинээр ашиглалтад орсон цэцэрлэгт 6,000 орчим хүүхэд хамрагдах бол зарим цэцэрлэгийн дотор зохион байгуулалтыг өөрчилж дахин 6,000 хүүхдийн ор гаргахаар төлөвлөжээ. Мөн хувийн хэвшлийнхэнд шинэ цэцэрлэг байгуулах боломжийг олгох юм байна.

Энэ жил цэцэрлэгийн хүртээмж хөдөө орон нутагт 84.6 хувь, аймаг, нийслэлд 70 орчим хувьтай байхаар салбарын яам тооцжээ.

"30,000 орчим хүүхэд нийслэлд сургуульд орох төлөвтэй байна"
 

Нийслэл хотод цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулахыг НБГ-ын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.

- 2016-2017 оны хичээлийн жил цэцэрлэгийн бүртгэлийг хэзээ, хэрхэн зохион байгуулах вэ?

- Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 22-26-нд зохион байгуулах гэж байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд 105,000 орчим хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхээр байгаа. Цаана нь 40,000 гаруй хүүхэд улсын цэцэрлэгт багтахгүй. Сүүлийн хоёр жилд төрөлт өсч, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо эрс нэмэгдсээр байна.

БСШУС-ын сайд болон Нийслэлийн засаг даргын  хамтарсан албан даалгавар гарсан. Тус албан даалгавараар өгсөн чиглэлийн дагуу бүртгэлийг зохион байгуулна. Ер нь бол уламжлалт байдлаараа бүртгэлийг зохион байгуулна. 

- Уламжлалт байдлаар гэхээр иргэд дугаарлаж бүртгүүлнэ гэсэн үг үү, өнгөрсөн жил зарим цэцэрлэг сугалаагаар бүртгэлээ явуулж байсан байх аа?

- Тийм ээ. Цэцэрлэгийн бүртгэл явагдах өдрүүдэд иргэд дугаарлаад хүүхдээ бүртгүүлнэ.

Сугалааны тухайд өнгөрсөн жил долоодугаар сарын 20-оос эхлээд хөндлөнгийн этгээдэд цэцэрлэгийн гадаа хиймэл  дараалал үүсгэж, өөрсдөө бүртгэл хийн өдөр бүр дугаарлаж чадахгүй эцэг эхчүүдээс мөнгө авах тохиолдлууд гарч энэ нь нийслэлийн хэмжээнд хавтгайрах шинжтэй болсон учраас сугалааг зохион байгуулсан. 

- Хоёр настайдаа улсын цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүд гурав, дөрөв, таван настайдаа улсын цэцэрлэгт орох боломжгүй болчихдог. Энэ тухайд?

Хоёр настайдаа улсын цэцэрлэгт бүртгүүлээгүй хүүхдийг гурав, дөрвөн настайд нь бүртгэхгүй гэсэн бодлого бол байхгүй. Гэхдээ цэцэрлэгүүд төгсөөд явсан хүүхдийн тоогоор хоёр настай хүүхдүүд элсүүлж авдаг. Гурав, дөрвөн настай хүүхдүүдийг тухайн ангид орон тоо гарсан тохиолдолд л бүртгэдэг. Энэ нь цэцэрлэгийн хүрэлцээ хангамжтай шууд холбоотой асуудал.

Таван настай хүүхдүүдийн хувьд сургуульд орохоос нь өмнө хувилбарт сургалт, өөр ямар нэгэн сургалтад хамруулж сургуулийн өмнөх боловсрол олгох зорилготой ажилладаг. 

- ЕБС-ийн нэгдүгээр ангийн бүртгэл хэзээ эхлэх вэ?

- Нэгдүгээр ангид шинээр элсэн орогчдыг наймдугаар сарын 22-28-ны өдрүүдэд бүртгэнэ. Хамран сургах тойргийн дагуу улсын сургуульд элсэх хүсэлтэй бүх хүүхдийг бүртгэх ёстой. Заавал сургуульд хамрагдах ёстой учраас гурван ээлжээр хичээллэж байгаад ч болов зургаан настнуудыг бүгдийг нь сургуульд оруулдаг. 

Сурагчийн дүрэмт хувцас өөрчлөгдөхгүй. 

Энэ жил 2010 оны нэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд ЕБС-д элсэн орно. Статистик тоогоор бол энэ жил 27,700 хүүхэд шинээр сургуульд элсэн орно. Үүн дээр хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийг нэмээд 30,000 орчим хүүхэд нийслэлд сургуульд орох төлөвтэй байна. Жилийн энэ үед хөдөөнөөс хот руу шилжин ирэгсэд нэмэгдэх хандалгатай байдаг. 

- Сурагчын дүрэмт хувцасны загвар өөрчлөгдөх үү?

- Сурагчийн дүрэмт хувцас өөрчлөгдөхгүй. 

- Сурах бичигт өөрчллөлт орж байгаа юу?

- Ахлах ангийн цөөн тооны сурах бичиг шинэчлэгдэн хэвлэгдэн гарна. Бусдаар сурах бичиг өөрчлөгдөхгүй. 

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.