Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

"АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах явцад маш том туршлага хуримтлууллаа"

ikon.mn
2016 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үр дүнгийн талаар Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийж байна.

Тэрбээр "18 сарын хугацаанд бэлтгэл ажлыг нь хангасан АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын ард гарлаа. АСЕМ-ын зочид төлөөлөгчид тус уулзалтыг амжилттай зохион байгуулсан.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах, ажлын явцад маш том туршлага хуримтлууллаа.

АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад гар бие оролцсон төрийн албаныхан, сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан, бүтээгдэхүүнээрээ туслалцаа үзүүлсэн үйлдвэр, компаниудад, үүрэн холбооны операторууд, хувийн хэвшлийнхэн юу байгаагаараа бидэнд тусламж үзүүлсэн.

Уулзалтыг зохион байгуулахад 21 тэрбум тэрбум төгрөг зарцуулсан. Хамаагүй их хөрөнгө зарцуулсан гэх ташаа мэдээлэл өчигдөр гарч байсан.  21 тэрбум тэрбум төгрөг бид АСЕМ-ыг зохион байгуулж чадлаа. Тус хөрөнгөөр бид цагдаагийн машин авсан, цагдаа, тусгай жолооч, орчуулагч, тогооч нарыг сургалтад хамруулсан. Зарим төлөөлөгчдийн зардал, буудлын төлбөрийг ч төлөх шаардлагатай болдог. Энэ бүгдэд зарцуулсан" гэлээ. 

Дээрх мэдээллийг хийснийхээ дараа сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Туркийн нөхцөл байдал ямар байгаа вэ, тэнд байгаа Монголчуудийн талаар мэдээлэл өгөөч?

- Туркийн нөхцөл байдал бүрэн намжаагүй байх шиг байна. Өнөө өглөө Монголын цагаар 04:00 цагт мэдээлэл авсан. Туркэд байдаг манай иргэдийн дийлэнх нь оюутнууд бөгөөд Истанбулд оршин суудаг. Анкарад 230 орчим иргэн бий.

Истанбул, Анкара хотуудад аль алинд нь бараг л тулалдааны нөхцөл байдал үүссэн. Нөхцөл байдал бүрэн намжаагүй байгаа ч цэргийн эргэлт амжилтгүй боллоо гэсэн мэдээлэл ирж байна.

Гэсэн хэдий ч одоо бол Туркийн агаарын хил хаалттай хэвээр байна. Бидний зүгээс Анкарад суугаа Элчин сайдын яам болон Истанбулд суугаа Ерөнхий консулын газраараа дамжуулан иргэддээ анхааруулгыг хүргэсээр байгаа.

- Монголд АСЕМ-ын төв байгуулах санал гарч байсан. Энэ талаар ямар нэгэн шийдэлд хүрсэн үү?

- АСЕМ-ын нэг онцлог байгаа. АСЕМ-ын хүрээнд ганцхан тогтмол ажиллагаатай төв байдаг нь Сингапурт байрладаг. АСЕМ өнгөрсөн 20 жилийн ажлаа дүгнэхэд Азийн зарим  орнуудын зүгээс нарийн бичгийн дарга нарын газаргүй, албан ёсны биш байгааг шүүмжилж байсан. Үүний эсрэг байр суурь болохоор чөлөөтэй ярилцах индэр байхын тулд АСЕМ-д нарийн бичгийн дарга нарын газар хэрэггүй гэдэг. АСЕМ-ын амин сүнс нь чөлөөтэй ярилцах индэр, форум юм гэсэн байр суурь байдаг. 

Бидний зүгээс олон шинэ санаачилгуудыг гаргасны нэг нь Монголд АСЕМ-ын төв байгуулах байсан. АСЕМ-ын төв нарийн бичгийн дарга нарын газар шиг албан ёсны биш байдлаар үйл ажиллагаа явуулж байх санал гаргасан юм. Гэтэл эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн. Зарим улсууд хардаж Монгол амбиц гаргаж, АСЕМ-ыг Монголд авах гэж байсан гэсэн маргаан АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр гараад, энэ асуудал түр хойшлоод байгаа.

Гадаад Хэргийн Сайдын мэдээллийг шууд дамжуулж байгааг хүлээн авна уу.