Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Жан-Клод Юнкер: Монголд болсон АСЕМ хамгийн ҮР ДҮНТЭЙ нь байлаа (ВИДЕОТОЙ)

ikon.mn
2016 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбоо

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд 12:40 цагаас мэдээлэл хийж байна.

Уг хэвлэлийн бага хуралд Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар оролцож байгаа юм.

Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хоёр өдөр үргэлжилсэн хуралдаан хаалттай болж өндөрлөлөө. Хуралдаанд оролцож буй удирдагчид маань санал бодлоо чөлөөтэй хэлж байлаа. Хоёр тивийн удирдагчид нэгдэж чадлаа.

АСЕМ-ын уулзалтын үеэр Монгол Улс зохион байгуулагчийн хувьд соёл уламжлалаа танилцуулж наадам зохион байгууллаа. 

Дараагийн удаа АСЕМ-ын уулзалт бараг 100 жилийн дараа Монгол Улсад зохион байгуулагдаж магадгүй. 

Сэтгүүлч нар маань маш сайн ажиллалаа. Дэлхийн 1.5 тэрбум хүн та бүхний бэлтгэсэн мэдээллийг үзсэн байгаа. Та бүхэн Монгол оронтой танилцаж амжсан байх гэж найдаж байна. Та бүхнийг эргэж ирэх байх гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Дараа нь Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск "Юуны өмнө ноён Ц.Элбэгдоржид талархлаа илэрхийлж байна. Энэ удаагийн уулзалт хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдээлээ. 

Энэ үеэр дэлхийн хэд хэдэн газар террорист халдлага гарлаа. Бид дэлхий нийтийн хэмжээнд эв нэгдлээ илэрхийлж, энэ индэр дээрээс дуу хоолойгоо хамтдаа хүргэсэн. Турк бол манай Европын холбооны түнш. 

Цаашид Европ болон Ази тивийн бүх орнуудтай харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх нь чухал юм. Өнгөрсөн өдрүүдэд болсон террорист халдлага манай хоёр тивд аюултай. Тийм учраас бид дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг ярилцсан.

Мөн дүрвэгсдийн асуудал аюулгүй байдлын талаар ярилцсан. Ер нь ард иргэдийн аюулгүй байдалд чухал шийд гарах ёстой. Эцэст нь хэлэхэд зохион байгуулалт өндөр түвшинд байлаа. Баярлалаа" гэв.

 
Эх сурвалж: Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбоо

Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер "Монгол Улсад ирснээс хойш маш зочломтгой хандаж байна. Энэ удаагийн уулзалт хамгийн онцлогтой байлаа. Хурлын үеэр хоорондоо уялдаа холбоотой харилцаатай байх ёстой. 

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт бол уян хатан байдлаар хамтран ажиллах талбар байдагт баярлаж байна. Дараагийн уулзалт хоёр жилийн дараа Брюсельд болно. 

Хурлыг сайхан удирдлаа. Улс орноо ч сайхан удирдаж байна" хэмээн ярилаа.

Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу "Бүх зүйлд маш их баярлалаа. Энэ гайхалтай боломжийг бидэнд олгосонд баярлалаа. Амьдралд нэг тохиох гайхалтай туршлага байлаа. Энэ гайхалтай орны байгалийг үзсэндээ, зочломтгой занд тань баярлалаа.

Энэ хоёр өдрийн хурлын үеэр албан болон албан бус олон уулзалтууд хийлээ. Өнгөрсөн 20 жилийн ажлаа дүгнэж, олон чухал асуудлыг хэлэлцлээ. Хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах тал дээр бид санал нэгдлээ. Бид нийтлэг ашиг сонирхолтой холбоотой асуудлуудын талаар ярилцлаа.

Хурлын хажуугаар маш олон хоёр талт уулзалтууд боллоо. Эцэст нь хурлыг зохион байгуулсан Монгол Улсад баярлалаа. Үнэхээр мэргэжлийн түвшинд зохион байгууллаа" гэв.

 
Эх сурвалж: Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбоо

Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо "Монгол орны ард түмэн, Ерөнхийлөгчид баярлалаа. Миний хувьд энэ уулзалтад оролцох нэр төрийн хэрэг байлаа. Бид олон чухал сэдвээр ярилаа. Жишээ нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтууд байгаль орчны асуудлууд гэх мэт" гэв.

Ингээд хэвлэлийн бага хуралд оролцогчид сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Асуулт 1: Хятадын Өмнөд тэнгистэй холбоотой асуудлаар юу ярьсан бэ?

Доналд Туск: Хятадад болсон дээд түвшний уулзалтаар ярилцсан. Европын холбоо бүх үйл явцыг хууль тогтоомжийн дагуу Гааг хотын шийдвэрээр явах болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ бол санал нэгдэхэд амаргүй асуудал. Мэдээж бүх асуудал дээр санал нэгтэй байгаагүй ч бүгд саналаа илэрхийлсэн.

Асуулт 2: Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хэр зохион байгуулав?

Жан-Клод Юнкер: Монгол болсон АСЕМ-ын уулзалт өмнөх бүх уулзалтаас хамгийн үр дүнтэй нь байлаа. Монголын ард түмэн аугаа гэдгийг бүгд харлаа.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Ажлын хэсэгт ажилласан бүх хүнд талархал илэрхийлье. Та нар үнэхээр сайн ажиллаа. Европын холбоонд талархаж байна. АСЕМ амжилттай болж өндөрлөлөө. Сурсан зүйл маань бидэнтэй хамт үлдэнэ. Энэ бол хөрөнгө оруулалт юм. Бид 2050 онд Олимп зохион байгуулахаар мөрөөдөж байгаа" гэв.

Гар утсаар үзэж байгаа бол ЭНД дарна уу. 

Хэвлэлийн бага хурлыг ШУУД ДАМЖУУЛЖ байгааг хүлээн авна уу.  Эх сурвалж: bloombergtv.mn, MNB.mn