Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улсаас тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлнэ

БОНХАЖЯ
2016 оны 7 сарын 4
www.ikon.mn
Зураг зураг

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015 оноос 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг (орчны бүс болон экологийн коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой  амьжиргааг дэмжих бөгөөд төслийн нийт санхүүжилт 15.3 сая евро.

Үүнээс: ХБНГУ-ын Засгийн газар 11.5 сая еврог Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-аар дамжуулан олгож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар 6.65 тэрбум төгрөг буюу 3.8 сая еврог хамтран санхүүжүүлж байна.

Төсөл нь үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Монгол Улсын Хангай, Төв, Зүүн бүсүүд дэх улсын тусгай газар нутаг (ТХГН)-уудын батлагдсан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ТХГН-ийн менежментийн үр ашигт байдлыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 200,0 саяас 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий дэд төслүүдийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж  11 төслийг шалгаруулсан байна.

Эдгээр дэд төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, сонгон шалгаруулалтад тэнцсэн хамгаалалтын захиргаадын дарга нартай  харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг зохион  байгууллаа. 

 

Эдгээр дэд төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БОНХАЖЯ-ын Сайд Н.Батцэрэг хэлэхдээ: “ХБНГУ Монгол улсын ТХГН-ыг онцгойлон дэмжиж байгаад бид баяртай байна. Биологийн олон янз байдлыг хамгаалахын зэрэгцээ түүнээс харилцан хамаарч аж төрж буй хүмүүсийн амьдрал ахуйн эх үүсвэрийг сайжруулах нь чухал билээ. Зөвхөн ингэснээр л бид тогтвортой хөгжлийг бий болгож чадна.” хэмээн цохон тэмдэглэв. 

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалд ээлтэй тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг бид дэмжин, цаашид ч найдвартай түнш нь байх бөгөөд 2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудад хүрэхэд хувь нэмэр оруулна“ хэмээн ХБНГУ-ын Элчин сайд Герхард Тийдеманн онцлов. Элчин сайд цааш нь хэлэхдээ, ХБНГУ-ын Засгийн газраас дэлхий даяар ойн болон экологийн тэнцвэртэй байдлыг хадгалан хамгаалахад зориулж жилд 500 сая еврог зарцуулдаг гэв. 

Дэд төслийн сонгон шалгаруулалтад Дорнод Монголын УТХГ, Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ, Онон Балжийн БЦГ, Орхоны Хөндийн БЦГ, Отгонтэнгэрийн УТХГ, Тарвагатайн нурууны БЦГ, Улаан тайгын УТХГ, Хангайн нурууны БЦГ, Хан Хэнтийн УТХГ, Хустайн нурууны БЦГ, Горхи Тэрэлжийн БЦГ гэсэн 11 хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн төслүүд багтсан байна. Эдгээр дэд төслүүдэд 3 жилийн хугацаанд нийт 9.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. 

Дэд төслүүд хэрэгжсэнээр ТХГН-ийн хамгаалалтын дэд бүтцийг сайжруулахад томоохон хөрөнгө оруулалт болж эдгээр газруудын менежментийн үр ашигтай байдал дээшлүүлэх, ой, бэлчээрийн хамгаалалт сайжирч , байгалийн замаар нөхөн сэргээгдэх боломжийг бий болгох, биологийн олон янз байдлын хамгаалалт сайжруулах, ТХГН-ийн орчны бүсийн иргэдийн тогтвортой амтжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

Дэд төслийн саналыг сонгон шалгаруулахад ирүүлсэн санал, баримт бичгийн агуулга, чанар чухал үзүүлэлт нь байв. Санхүүжилт хүссэн төслүүдэд өрсөлдөөний зарчмын дагуу шалгаруулалт явуулсанаар 11 төсөл сонгогдсон. Дараагийн ээлжинд төсөлд хамрагдсан газарт суурь судалгаа хийж, эдгээрт үндэслэн нутгийн иргэдийн оролцоотойгоор нэн тэргүүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг ханган, хэрэгжүүлнэ.


ХБНГУ нь Герман-Монголын хоёр талт Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд 1992 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улсад дэмжлэг үзүүлж ирсэн. Монголын Улсын Засгийн газартай Биологийн олон янз байдал, Эрчим хүчний үрашиг болон Ашигт малтмалын тогтвортой менежмент гэсэн тэргүүлэх чиглэлүүдээр тохиролцон хамтран ажиллаж байна.   

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.