Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Далбааг нь Америк цэргүүд доромжилсонд Катар эгдүүцжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодод холбоотнууд болж байгаа АНУ, Катар улсын хооронд нэгэн видео бичлэг асуудал үүсгээд байна.

Сошиал сүлжээгээр тархсан видео бичлэгт хоёр америк цэрэг Катарын далбааг заагаад инээлдэж байгаа нь харагдаж байгаа юм. Дохагийн эрх баригчид үүнд эгдүүцэж Америкийн элчин сайдыг Гадаад хэргийн яаман дээрээ дуудан видео бичлэгийн талаар тайлбар хийхийг шаарджээ.

АНУ-ын элчин сайд Дана Шелл Смит Катарын талаас уучлал гуйж, асуудлыг нятлан шалгана гэдгээ твиттер хуудсандаа илэрхийлсэн байна.

Тэр бичихдээ “АНУ-ын зэвсэгт хүчний командлал хэрэг явдлыг шалгаж сахилгын арга хэмжээ авахаар болсон” гэжээ.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Питер Кук “Видео бичлэгт гарсан зүйлд харамсаж байгаагаа илэрхийлж байна” гээд “бичлэгний агуулга нь АНУ-ын Катар улсад хандах хандлагыг үзүүлээгүй болно” гэсэн байна.

Катар улс нь Ойрх Дорнодын бүс нутаг дахь АНУ-ын гол холбоотон юм. Энд 10,000 цэргийн алба хаагч бүхий АНУ-ын Аль Удэйд нэртэй цэргийн бааз байдаг. Уг бааз нь Исламын улс бүлэглэлтэй хийж байгаа тэмцэлд гол үүрэгтэй оролцдог юм.

 

Эх сурвалж: Sputniknews