Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хаан: Амьдрал, үхэл, эргэн ирэлт” ном орчуулагдан гарлаа

МОНСУДАР
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Английн түүхч, аялагч Жон Мэний бичсэн “Чингис хаан: Амьдрал, үхэл, эргэн ирэлт” ном албан ёсны эрхтэйгээр орчуулагдан гарлаа.

Уг ном анх 2004 онд хэвлэгдэн гарсан бол 2011 онд дахин шинэчлэгдэн хэвлэгдэж олон улсад бэстселлер болж байсан юм. Номын шинэчилсэн хэвлэлийн тухайд зохиогч “Намайг анх 2002 онд судалгааны ажлаар Монголд очсоноос хойш өнөөг хүртэлх хугацаанд үй олон өөрчлөлт гарсан учир би номоо ийнхүү дахин хянах шаардлагатай боллоо.

Тэр цагаас хойш би олон хүнээс зөвлөгөө сонсож, санаа бодол минь ч тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Энэ хугацаанд Чингис хааныг оршуулсан гэж ярьдаг Бурхан Халдун уулын оройд ч авирлаа. Надад бичихэд хичнээн сонирхолтой байсан шиг танд уншихад тийм сонирхолтой байна гэж найдъя” хэмээжээ.

Номын хэсгээс: “...Монгол орныг би цаана нь юу ч байдаггүй ертөнцийн хамгийн зах хязгаарт оршдог мэтээр төсөөлдөг байлаа. Би аялалдаа бэлтгэж, Монгол хэл судалж, Чингис хааны тухай ном зохиолуудыг эрж хайх болсон юм. Залуу нас минь өнгөрч, дунд насанд хүрсэн би гэдэг хүн Чингис хаан өөрийнхөө болон манай ертөнцөд ямар нөлөө үзүүлсэн юм бол гэдэг асуултын хариуг эрэлхийлэн аян замд мордох боллоо. Ядуу зүдүү, гутамшигт дорд байдал (бидний бодож буйгаар), мөнх тэнгэрийн соёрхол (түүний өөрийнх нь хэлж байсанчлан) Чингис хааныг байлдан дагууллын замд түлхэж, хамгийн өргөн уудам нутаг бүхий эзэнт гүрнийг байгуулан нэгэн төрлийн мөнхийн хутгийг олж, үр удмынхаа генд төдийгүй, мөн нүүдэлчин дайчдынхаа эрч хүчтэй дайралтаар өөрчлөн хувиргасан тэрхүү ертөнцдөө мөнхлөгджээ.

Нөхцөл байдал ийм болохоор би эрэл хайгуулаа хоёр чиглэлээр хийх ёстой болсон билээ. Өөрт олдсон ном зохиолуудаас тусламж авахын зэрэгцээ Төв Азийн өргөн уудам нутагт Чингис хаан идэр залуу насаа өнгөрүүлсэн уул нурууд хөвч тайгаас эхлээд улайссан төмөр мэт байлдан дагуулалт хийж явсан газруудаар нь, онгод хүчний эх булаг хэмээдэг байсан онгон дагшин уулс, тэдгээрийн хөндийгөөр хүртэл хэрэн хэсэх хэрэгтэй болсон юм...

...Тиймээс ч миний бие 2002 онд юун түрүүнд энэ нутгийг үзэхээр аян замд гарсан билээ. Монголчууд Оросын, бүр нарийвчлан хэлбэл Украины “УАЗ” машиныг хамгаас эрхэмлэн, бусад машинаас илүүтэйд үзнэ. Энэ бол морьгүй хүний морь ажээ. Урд, хойд аль ч дугуйгаараа маажиж зүтгэнэ. Залуур нь хөнгөрүүлэгчгүй учир “УАЗ” машиныг жолоодно гэдэг шар үхэр унахтай л адил аж. Гэвч Хишиг нэртэй жолооч маань энэ машиныг бурхан адил жолоодох агаад нэвтрэх аргагүй намаг шаврыг зоригтойёо туулж, гол мөрөн гатлан эгц цавчим шахам эрэг өөд нь зүтгүүлж, тэгш газарт галзуу мэт давхина. Тэр бол хүзүү, гартаа даамай түлэгдсэн сорвитой хөгжилтэй залуу байлаа.

Бид Монгол улсын нийслэл Улаанбаатараас хөдлөн хагас өдрийн турш Хэрлэн голын дагуу өмнө зүг давхиж, довцог толгодыг тойрон цаашилсаар Хэнтийн нуруунд дөхөж очсон билээ. Зургаадугаар сарын сүүлч, жилийн хамгийн сайхан үеийн нэг байсан болохоор адуу мал таргалан, тарвага зурам ч ид өөхөлж байлаа.

Чингис хааныг онголсон газрын тухайд илэрхий ганц зүйл байдаг нь тодорхой зүйл маш бага явдал юм.

Машинаа зогсоон буумагц л хөл дор царцаа дэвхрэг тасралтгүй царгиж, ялаа шумуул нь барьчих шахна. Бид ч цаг үргэлж хөдөлж байхыг хичээж байв. Их сургуулийн Англи хэлний факультетийг төгссөн намхавтар нуруутай, аядуу дуутай монгол морь шиг гүжир Гоёо гэдэг бүсгүй хилийн чанадад суралцахыг ихэд хүсдэгээ ярих бөгөөд музейн захирал, үнэтэй нүдний шил зүүсэн дунд эргэм насны Баатар маань чихэнд чимэгтэй нарийхан хоолойгоор цаг үргэлж ардын дуу аялж явна. Монголчуудын цусан төрөл буриад ястан энэ хүн Умард Монголыг хөндлөн гулд туулсан агаад төрөлх ард түмнийхээ дуунд үнэхээр дуртай ажээ.

...Чингис хааныг онголсон газрын тухайд илэрхий ганц зүйл байдаг нь тодорхой зүйл маш бага явдал юм. Эзэн хаадаа хэрхэн яаж оршуулдаг байсан талаар Юань гүрний түүх буюу “Юань-ши”-д дүрслэн өгүүлсэн байдаг. Шарилыг онголох газарт цуваа ирэх хооронд “ухсан нүхнээс гарсан шороог ижил зайд яг адилхан хэмжээтэйгээр хэсэглэн овоолно. Авсыг нүхэнд хиймэгц шороог овоолсон тэрхүү дэс дарааллаараа буцааж булж тэгшилнэ. Шороо илүү гарвал нэлээд зайтай өөр газар аваачиж асгана. Энэ ёслолыг 1240 онд Хархоринд харсан анхны европ хүн болох Иоанн де Плано Карпини ламтан бичихдээ: “Тэд нүхийг шороогоор булж, дараа нь энэ газрыг олох бололцоогүй болгохын тулд дээрээс нь өвс ургамал бүхий хөрсөөр өнгөлж урьдын байдалд оруулна” гэжээ. Чингис хааны шарилын тухайд ч мөн ингэсэн юм болов уу? Үг үй бол яасан байж таарах вэ? Тэр газар нь тэгээд хаана байж болох вэ? Эдгээр асуулт олон зууны турш олны анхаарлыг татаж ирсэн ч, нарийн тодорхой хариулт одоо хэр байхгүй.

Энэ асуудлыг хоёр хуваан авч үзэж болно:

a) Энэ газар яг хаана байгааг тодорхой дурдсан эх сурвалж байхгүй. Хятадын гол эх сурвалж Юаньши (Юань улсын судар) тэр хэлээд буй газар нь “Ши Лянь Гү”-д 起輦谷 байгаа гэж дурдсан байдгийн гү гэдэг нь “хөндий, нуга”гэсэн утгатай үг учир нэлээд боломжтой санагдана. Бурхан Халдун уул хаана байгааг бид мэднэ гэж үзвэл энэ ууланд ойрхон хятадаар ийм нэртэй эсвэл Монголоор Ши Лянь гэдэгтэй төстэй нэртэй хөндий байдаг юм биш биз? Харамсалтай нь, үгүй. Хамгийн магадлалтай тайлбар ёсоор бол Ши Лянь гү гэдэг нь “эзэн хааны тэргийг өгөсгөх хөндий” гэсэн утгатай нь, энэ хөндийгөөр [эзэн хааны шарилыг тээх] тэргийг дээш өгсөгөдөг байсан бололтой юм.

б) Бурхан Халдун, Хан Хэнтий нуруунд байдгийг ямар ч эх сурвалж баталдаггүй. Орчин үеийн гэж болмоор цор ганц тэмдэглэл нь ер гайхмаар хайнга. 1232 болон 1235-1236 онд Сүн улсын эзэн хаан Чингис хааны угсааг залгамжлагчдад элч илгээжээ. Пэн Дай, Хюй Тин нэртэй хоёр элч нь их байлдан дагуулагчийг онголсон газрыг харснаа бичсэн байдаг. “Монголчууд шарил дээр шороо овоолж асгадаггүй, адуугаар гишгүүлэн талхалж ойр хавийнх нь газар шиг болгоно. Гагцхүү Тэмүжин-Чингис хааныг онголсон газарт л 30 ли хэмжээтэй (15 км гэсэн үг, тэгэхдээ тойргийн урт нь юм уу, голч нь юм уу гэдэг нь тодорхойгүй) тойрог үүсгэн шон (эсвэл сум) хатгаж, морьт цэргүүдээр харуул хамгаалалт тавьжээ” гэж Пэн Дай бичжээ. Өөр нэг орчуулгаар (Пеллиогийн) бол, “Тэмүжиний шарил дээр газар олон тооны сум зоож 30 ли гаран өргөнтэй хайс 垣 [эсвэл намхан хана] үүсгэсэн байсан. Морьтой хүмүүс үүнийг хамгаалахаар эргүүлд гардаг байв” гэжээ.

Үүн дээр Пэн Дайн хамтрагч нь нэмж: “Тэмүжиний шарил Лу-Коу голын 濾, 溝 нөгөө талд уул нуруу, ус голоор хүрээлүүлэн оршиж буйг нь би харлаа. Хууч ярианд өгүүлдгээр, Тэмүжин энэ газар оронд төрж өссөн учир энд түүнийг оршуулсан гэнэ. Үнэн эсэхийг би үл мэднэ” гэж бичсэн байдаг.

 Чингис хааны онгоныг эрж хайна гэдэг зүгээр нэг сонирхогчийн хийгээд байх амар ажил биш.

Нөхцөл байдал ийм болохоор Чингис хааны онгоныг эрж хайна гэдэг зүгээр нэг сонирхогчийн хийгээд байх амар ажил биш болой. Монголчууд өөрсдөө улс орноо шинжлэн судлах ажилд сонирхогчийн журмаар ханддаггүй боловч археологийн эрэл хайгуул хийх өндөр технологитой болох хөрөнгө мөнгө тэдэнд дутагдалтай байдаг. 1990 онд коммунист дэглэм унасны дараа л ийм технологи олж авах болсон байна. Бий болсон боломжийг хамгийн түрүүнд япончууд ашиглан “Гурван гол” төсөл хэрэгжүүлж, эртний Монголын нийслэл Аврагыг судлахад радар ашиглажээ...

Чингис хаан номын тухай:

"Сэтгэл хөдөлгөм дүрслэл бүхий, сонирхол татахуйц ... Чингис хааны амьдрал, үхэл, үлдээсэн өвийг гайхалтай хүүрнэсэн ... өнөө үеийн анхаарал татсан судалгаа". Guardian

"Маш сайн аялалын тэмдэглэл. Чингис хааны амьдралыг өгүүлэхээс илүүтэй, түүнийг хайсан эрэл хайгуул... Мэн судалгаа шинжилгээний онцгой авьяастайгаас гадна, ухаалаг, уран яруу өгүүлэмжтэй. Сэдвийг маш сайн тайлбарлсан төдийгүй уншихад яруу тансаг болжээ". Фелифе Фернандез-Арместо, Independent

"Гайхалтай ... Мэний харах өнцөг түүнтэй цуг аялсан морьтон залуусынх шиг гярхай, урам зоригтой ... энэ номонд зөвхөн ер бусын түүхэн хүн хийгээд түүнд хүчин зүтгэх ард иргэдийн тухай биш, харин түүхийн өөрийнх нь цуурайг тод томруун өгүүлнэ". Waterstone’s Books Quarterly

“Биширмээр ... энэ сэдвээр яг ингэж анхаарал татахуйцаар бичих учиртай ... Мэний үзсэнчлэн Чингис хааныг дэлхийн хамгийн гайхалтай удирдагч болгосон зүйл буюу түүний бусдыг татах хүч, өршөөлгүй зан, цэргийн мэргэн ухаан, өөртөө итгэх итгэлийг нь нэг дор тод томруун дүрсэлсэн ... Түүх унших хэзээ ч ийм сонирхолтой байсангүй". Yorkshire Evening Post

"Мэний зохиол бичих гарамгай авьяас өнөөдөр Монгол, Хятадад шүтээн болон хүндлэгдсэн бодит хүний дүрд шинэ амьдрал бэлэглэж байна". Historical Novels Review

"Мэн бол маш сайн хөтөч ... Монголын талаар сайтар судалсан тэрээр Чингис хааны амьдралын нууцыг хайн энэ улсаар хөндлөн гулд аялжээ. Аяллын туршлага нь ч энэ номонд бүрэн шингэсэн байна ... тэр мэдлэгт тулгуурлаж бичдэг". Literary Review