Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлчүүд жижиглэнгийн махны үнэд дарлуулсаар зуны дунд сартай золгох вий...

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 5 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Хүчтэй хавсарга салхилсан хаврын хүнд басхүү урт өдрүүдийг нийслэлчүүд жижиглэнгийн махны үнэнд дарлуулсаар барлаа. Зуны урь орж буй энэ өдрүүдэд махны үнэ буурахгүй байгаа нь нууц биш. Зуны улиралд улсаас жижиглэнгийн махны үнийг бууруулах, тогтвортой төвшинд барихын тулд нөөцийн махыг худалдаанд гаргадаг.

Гэвч махны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хугацаа өнгөрсөн онд дуусгавар болсон юм. Салбар яамны зүгээс зуны улиралд нийслэл болон Дархан, Эрдэнэт хотын иргэдийг хямд, чанартай махаар хангах, махны үнийг тогтворжуулахын тулд Мах хөтөлбөрийн хүрээнд энэ жил 25 тэрбум төгрөг төсөвлөж, нөөцийн махыг энэ сарын 16-наас эхлэн худалдаанд гаргасан.

Гэсэн ч жижиглэнгийн махны үнэнд иргэд дарлуулсаар байгаа юм. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаа махны үнэ болоод нөөцийн махны талаар бэлтгэлээ.

Хонины гулууз мах кг нь 6,000 төгрөгийн үнэтэй

Юун түрүүнд бид “Хүчит шонхор” худалдааны төвийг өглөөний 07:00 цагтай уралдан зорилоо. Биднийг очих үед аль хэдийнэ тус захын үйл ажиллагаа жигдэрч, мах авахаар зорин ирэх хүмүүс ч олширсон харагдав. “Хүчит шонхор” худалдааны төвийн урд хэсгийн чингэлэгт зоорийн гулууз махны худалдаачид байрлажээ.

Энд ихэвчлэн хонины гулууз мах худалдаалж байсан бөгөөд махны үнэ кг нь 4,800 төгрөгөөс эхэлж байсан. Махны үнийн талаар худалдагчид “Мах тарган туранхайгаасаа хамаарч янз бүр байгаа. Өөх сайтай, тарган, шинэ мах кг нь 6,000 төгрөгийн үнэтэй. Бид үнэ нэмж зарахгүй байгаа” гэсэн юм.

Биднийг “Хүчит шонхор” захад очсоноос хойш цаг гаруй хугацаа өнгөрөхөд тус захын хөдөлгөөн эрс нэмэгдэв. Махтай тэргэндээ дийлэгдэн арай ядан явах залуу “Хойш, зам тавь” хэмээн хүмүүст уурласан бас анхааруулсан өнгөөр хэлэх, хажуугаар өнгөрөх нэгнийг “Сайхан шинэ мах байна шүү.

Мах аваарай” хэмээн уриалгахан дуудах худалдагчид, тэнхээ мэдэн гулууз давхарлан мөрлөх ачигчид, эргэх зайгүй машинууд, хямд мах эрсэн хүмүүс энэ бол түм түжигнэж, бум бужигнасан нийслэл хотын иргэдийн мах худалдан авахаар зорих “Хүчит шонхор” захын дүр төрх. Өдөр бүр тус захын хашаанд энэ үйл явдал давтагдаж байдаг ч энэ жил иргэдийн худалдан авалт муу байгаа аж. 

Энэ талаар “Хүчит шонхор” захын махны худалдагч Н.Дэмбэрэл “Би мах худалдаж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хүмүүсийн худалдан авах чадвар ямар байсныг мэднэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад, энэ жил иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан нь ажиглагдаж байгаа.

Ард иргэдийн худалдан авалт муу байгаа нь магадгүй эдийн засгийн хямралтай холбоотой байх. 

Ард иргэдийн худалдан авалт муу байгаа нь магадгүй эдийн засгийн хямралтай холбоотой байх.

Нөгөө талаар улс ихэнх төсвөө АСЕМ-д зориулж байгаа учраас зарим төсвийн ажилчдын цалинг тавьж чадахгүй байгаа нь иргэдийн худалдан авалтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж бодож байна. Би өглөө 17 ширхэг хонины гулуузтай ирсэн. 

Одоогийн байдлаар долоог нь л зарж чадсан. Уг нь манай захаас бусад захууд хүртэл махаа бөөндөж авдаг юм. Гэтэл худалдан авалт муу байгаад байна” гэв. Чингэлэгт мах зарж буй худалдаачдыг орхиж цааш алхвал махны үнэ улам буурч 4,600 төгрөгөөр хонины махыг зарж байсан. Учир нь үнэ буурах тусам махны чанар ч муудаж, туранхай, хатсан мах байх аж.

Энд махаа машинд ачсан худалдаачид зогсож харагдсан.Энэ үеэр бид мах худалдан авч буй Н.Сарантуяа гэгч бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр, “Би үргэлж “Хүчит шонхор” захаас мах авдаг. Махны үнэ буураагүй байна. 

Ер нь ийм л байдаг. Би урьд нь хонины гулууз махыг 4,800 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Одоо ч гэсэн адилхан үнээр авч байна. Уг нь өдийд улсаас махны үнийг бууруулдаг. Махны үнэ буурвал цайны газар зэрэг үйлчилгээ эрхэлдэг хүмүүст хэрэгтэй. Магадгүй нөөцийн мах худалдаанд гарахаар махны үнэ буурах байх” гэсэн юм. 

Үхрийн шинэ махны үнэ тэнгэрч хадаж, 9,500-д хүрчээ

Манай сурвалжлах хэсэг бөөний махны үнийг сонирхсон тул адуу, үхрийн жижиглэнгийн махны үнийг ч мөн сонирхов. "Хүчит шонхор" захын махны тасгийн байранд өөрчлөлт орж хуучин дайвар бүтээгдэхүүн худалдаалдаг байранд адуу, үхрийн махны тасаг байрлах болжээ.

Тус тасаг руу ормогц энд тэндгүй “Мах аваарай. Шинэ мах шүү” хэмээн дуудах худалдагчид угтав. 

Махныхаа сайн муугаас хамаараад харилцан адилгүй үнэтэй зарагдаж байгаа боловч энэ жил махны үнэ харьцангуй буурсан. 

Харин худалдан авагчид цөөхөн харагдаж байлаа. Худалдагчдын хэлж буйгаар энэ жил иргэдийн худалдан авалт муу байгаа гэнэ. Хүмүүс их хэмжээгээр мах авахаа больж өдрийн хэрэгцээнийхээ л махыг авах болсон аж.

Тус тасгийн худалдагч Ц.Цэгмэд “Нэг үеэ бодвол жижиглэнгийн махны үнэ буурсан. Өмнө нь адууны цул мах 8,000-8,500 хүрсэн. Одоо буураад 7,000-7,500 болсон. Махны үнэ янз бүр байгаа. Махныхаа сайн муугаас хамаараад харилцан адилгүй үнэтэй зарагдаж байгаа боловч энэ жил махны үнэ харьцангуй буурсан. Бид цул махаа 7,500 төгрөгөөр зарж байна. 

Сайн тарган мах нь 8,000 хүрч байгаа. Гэхдээ иргэдийн худалдан авалт муу байна” хэмээсэн юм. Тус тасагт адууны ястай мах 5,500, адууны цул мах 6,000 төгрөгийн үнэтэй байсан бол үхрийн мах доод тал нь 8,000 төгрөгийн үнэтэй байв. Харин уг тасагт үхрийн шинэ махны үнэ тэнгэрт хаджээ.

Зуны эхэн сар гарах дөхсөн энэ үед үхрийн шинэ мах 9,500 төгрөгөөр зарагдаж байсан юм. Худалдагчид энэ талаар “Бид махны үнийг хөөрөгдүүлээгүй. Цаанаасаа бөөндөж авахдаа одоо байгаа үнэнээсээ 100-200 төгрөг татаж авч байгаа” гэв. Жижиглэнгийн мах үнэтэй болоод ч тэр үү, эдийн засгийн хямрал нүүрлэсэн болоод ч тэр үү ямартай ч тус захын адуу, үхрийн махны тасаг худалдан авагч цөөнтэй байлаа.

Зах тарах үед махны үнэ буурдаг гэв

Бид үхэр, адууны махны жижиглэнгийн худалдаанаас гарч хонь, ямааны жижиглэнгийн үнийг сонирхлоо. Энд харьцангуй худалдан авагч ихтэй байв. Гэхдээ л хоорондоо зөрөлдөж чадахгүй байх хэмжээнд хүрэхээргүй байсан. Хонь, ямааны махны тасаг адуу, үхрийн махны тасгийг бодвол том учраас саруул цэвэрхэн харагдаж байлаа. Мөн тасагтаа шилэн лангуу байрлуулсан нь эмх цэгцтэй харагдсан. 

Тус тасагт хонины ясгүй мах кг нь 7,200, ястай мах 7,000, ямааны цул мах кг нь 5,300, ямааны ястай мах 5,500 төгрөгийн үнэтэй худалдаалагдах аж. Харин хонины өвчүү кг нь 6,000, хонины сүүл 5,000 төгрөгийн үнэтэй байсан.

Махны худалдааны аль ч хэсэгт очсон “Бид үнэ нэмээгүй. Цаанаасаа ингэж ирж байгаа” гэх үг худалдагчдын амнаас гарч байв. Тодруулбал, жижиглэнгийн худалдагчид "бөөний худалдагчид махаа үнэтэй зарж байна" гэх. Харин бөөний худалдагчид "ченжүүд махаа үнэтэй өгч байна" гэсэн хариулт өгч байсныг нуух юун. 

Манай сурвалжлах хэсэгтэй жижиглэнгийн махны үнэ буурахгүй байгаад бухимдах хүмүүсч таарсан. Хоёр өдөр идэх махаа аваад явж байна гэх 30 гаруй насны эмэгтэйг Т.Отгонжаргал гэдэг. Тэрбээр, энэ тухай ярихдаа “Махны үнэ өмнөх жилүүдийг бодвол үнэтэй байна. Манай гэр бүлийнхэн гэхэд махаа бөөндөж авч чадахгүй байгаа. Сая таван кг мах авлаа. Олуулаа учраас хоёр өдөр л хоол хийнэ. Уг нь бөөндөөд авчихвал амар байдаг юм.

Нөхөр маань барилга дээр ажилладаг. Барилгын цалин буухгүй байгаа учраас махаа өдөр өдрийн хэрэглээндээ тааруулж авч байна. 

Нөөцийн мах худалдаанд гарвал жижиглэнгийн махны үнэ буурах байх.

Нөөцийн мах худалдаанд гарвал жижиглэнгийн махны үнэ буурах байх. Зун махны үнэ буурдаг.

Энэ жил буурахгүй байна” гэсэн юм. Мөн зах тарах үеэр худалдагчид махаа хямдруулж өгдөг юм гэх хүн ч таарсан. Учир нь зах тарах үед хүн бага байдаг учраас худалдагчид мах авахаар ирсэн ганц, нэг хүмүүст махаа хямдруулж өгдөг байна. “Хүчит шонхор” захаас гулууз мах худалдан авч байгаа хүмүүсийг эс тооцвол тус захад жижиглэнгийн мах их хэмжээгээр авч байгаа хүн харагдсангүй. Бүгд л хувь, хувьдаа багахан мах цагаан торонд хийж, барьсан харагдана.

Давчуухан өрөөнд дайвар бүтээгдэхүүн худалдаалж байна

Бид дайвар бүтээгдэхүүний үнийг ч сонирхохоо мартсангүй. Дайвар бүтээгдэхүүний худал­дагчид гэр ахуйн барааны доод талд оржээ. Биднийг тус тасаг руу ормогц л гэдэсний үнэр сэнхийж, энд тэндгүй худалдагчид “Элэг аваарай, хямд өгнө шүү” хэмээн хашгирах шахуу хэлж байлаа. Учир нь жижиг талбайд их хүн байгаа тул ийнхүү чанга ярихаас өөр аргагүй харагдсан. 

Хоёр хүн арай гэж зөрөх төдий давчуухан зайтай өрөөнд дайвар бүтээгдэхүүн худалдах аж. Тасаг давчуу учраас эмх цэгцгүй, бохир, харагдана. Тус тасагт хуйхалсан хонины толгой, хонины бөөр 3,000 төгрөгийн үнэтэй байсан бол хонины элэг 1,700-2,000 төгрөгөөр худалдаж байв. Харин адууны гэдэс 4,500 төгрөгийн үнэтэй байлаа. Сайн ярьвал 4,200 төгрө­гөөр адууны гэдэс худалдан авч болох аж. Хэтэрхий давчуу учраас зарим хүмүүс хаалгаар нь шагайгаад л явж харагдсан. 

Тус тасгийн худалдагчид “Дайвар бүтээгдэхүүн харьцангуй хямд учраас худалдан авагчид сайн байдаг. Хүмүүс адууны гэдэс, хонь, ямааны элэг, бөөр их авдаг. Иргэдийн худалдан авалт сайн байгаа” гэв. Ямартай ч манай сурвалжлах хэсэг махны бөөний худалдааны гол цэг болох “Хүчит шонхор” захад худалдаалагдах махны үнийг сонирхлоо. Зуны эхэн сар эхлэхэд хоёр долоо хоног үлдэж байгаа хэдий ч жижиглэнгийн махны үнэ буураагүй байна.

Нөөцийн махны үнийг зах зээлийн үнээс 30 хувиар бууруулсан

Манай сурвалжлах хэсэг бодит байдал дээр махны үнэ ямар байгаатай танилцсан тул салбар яамнаас махны үнийг бууруулахад ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг сонирхохоор Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын махны үйлдвэрлэл, хангамж хариуцсан мэргэжилтэн Ц..Цэцэгдарьтай холбогдлоо. 

-Хаврын сүүл сар дуусч байхад махны үнэ буурахгүй байна. Салбар яамнаас махны үнийг бууруулж, тогтвортой барихын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Махны үнэ тогтворжуулахын тулд өмнө нь нөөцийн маханд урамшуулал олгодог байсан. Энэ жил урамшуулал олгоогүй.

“Мах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оны долдугаар сар хүртэл Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлдэг нөөцийн махыг хадгалах, худалдах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан. Эхний удаа зургаан аж ахуй нэгжийг шалгаруулж, 12.5 хувийн хүүтэй зээл олгосон.

Ер нь энэ жил махны үнийг тогтворжуулахын тулд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нөөцийн махыг энэ сарын 16-наас эхлэн худалдаанд гаргасан. Өнгөрсөн даваа гарагт Р.Бурмаа сайд нөөцийн мах нийлүүлэх аж ахуй нэгжүүдийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Салбар яамнаас зуны улиралд махны үнийг тогтворжуулж, нийслэл болон Дархан, Эрдэнэт хотын иргэдэд хямд мах нийлүүлэхийн тулд дээрх компаниудтай гэрээ байгуулж, үнийг тогтоосон.

-Ямар компаниудтай гэрээ хийсэн бэ? 

-Сонгон шалгаруулалтад тэнцсэн “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниуд хот суурингийн хүн амыг  нөөцийн махаар хангахаар болсон. 

-“Хүчит шонхор” захад мах дээд тал нь 9,500 төгрөгийн үнэтэй байна. Нөөцийн махны үнийг хэд байхаар тогтоосон бэ?

-Нөөцийн махны үнийг тог­тоох­доо сонгон шалгаруу­лал­тад тэнцсэн компаниудын үнийн дундаж болон 2013-2015 онд хэрэгжсэн махны үнийг тогт­вор­жуулах хөтөлбөрийн хүрээнд явагдсан махны үнэ, одоо­гийн зах зээлийн үнийг харьцуул­сан.

Жишээлбэл, үхрийн ястай махны жижиглэн худалдаалах үнэ 5,750, хонины ястай мах 5,400, ямааны мах 4,400 төгрөгийн үнэтэй байхаар тогтоосон. Энэ тогтоосон үнэ одоогийн зах зээлийн дундаж үнээс 20-30 хувиар буурсан. 

-Дахин нөөцийн мах худалдах компани сонгон шалгаруулах уу. Энэ жил хэчнээн тонн нөөцийн мах нийлүүлэх вэ?

-Эхний ээлжинд Засгийн газрын 492 дүгээр тогтоолын дагуу батлагдсан “Мах” хөтөлбөрийн хүрээнд нөөцийн мах худалдаалж байсан компаниудад сонгон шалгаруулалт хийж сонгосон. Дээрх байгууллагууд нийслэлийн зургаан дүүрэгт таван мянган тонн мах нийлүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан. 


Хөгжлийн банкны 12.5 хувийн зээлд хамрагдаагүй байгаа

Энэ сарын 16-нд буюу өнгөрсөн даваа гарагт Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нөөцийн мах нийлүүлэх компанийн үйл ажиллагаатай танилцаж, нөөцийн махыг албан ёсоор худалдаанд гаргаж эхлээд буй юм. Тиймээс бид нөөцийн мах нийлүүлэх эрх бүхий  “Баатарууд Тэнгэр” компанийн менежер Б.Болдтой холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Нөөцийн мах энэ сарын 16-наас эхэлж худалдаанд гарсан. Танай компани хэчнээн тонн мах нийлүүлэх вэ?

-Нөөцийн мах хадгалж, нийлүүлэх компанийн үйл ажиллагаатай салбарын сайд Р.Бурмаа албан ёсоор танилцсан. Үүний дараа нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн. Манай компанийн хувьд энэ жил 1,400 тонн махыг нийлүүлэхээр бэлтгэсэн. Нөөцийн махаа салбар яамтай хийсэн гэрээний дагуу тогтоосон үнээр зарж байгаа захуудад жижиглэнгийн мах 7,500-аас дээш үнээр зарагдаж байгаа.

Харин нөөцийн жижиглэнгийн мах илүү хямд үнэтэй зарагдана. Жишээлбэл, хонины ястай 5,400 төгрөгийн үнэтэй. Бидний зорилго нийслэл болон Дархан, Эрдэнэт хотын иргэдийг хямд, чанартай махаар хангаж, махны үнийг тогтвортой барих юм. Тиймээс нөөцийн махыг нийлүүлж байгаа.

-Нөөцийн махыг хаана борлуулах вэ?

-Ер нь сонгон шалгаруулалтад тэнцсэн компаниуд нийслэл болон Дархан, Эрдэнэт хотыг нөөцийн махаар хангах ёстой. Манай компанийн хувьд Баянзүрх, Хан-Уул дүүрэгт нөөцийн мах хүргэнэ. Мөн Сүхбаатар дүүргийн зарим цэгүүдэд нөөцийн мах нийлүүлнэ. 

-Жижиглэнгийн мах өндөр үнэтэй байгаа. Нөөцийн мах ямар савлагаатай гарч байгаа вэ?

-Нөөцийн мах хоёр, гурав, таван кг-ын савлагаатай байгаа.

-Энэ жил “Мах” хөтөлбөрийн хүрээнд махны үнийг тогтворжуулахад 25 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Мөн нөөцийн мах нийлүүлэх компаниудыг дэмжиж 12.5 хувийн хүүтэй зээл олгож байгаа гэсэн. Зээлдээ хамрагдсан уу?

-Үгүй. Өмнө нь бид урсгал зардал болон үйл ажиллагааны зардал улсаас авдаг байсан. Одоо авахаа больсон. Мөн бид арилжааны банкнуудаас 18 хувийн өндөр хүүтэй зээл авч, үйл ажиллагаагаа явуулдаг.

Энэ жил улсаас нөөцийн мах бэлтгэх компаниудыг дэмжиж, Хөгжлийн банкны санхүүжилтээр 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Гэвч бид одоо болтол хөнгөлөлттэй зээлдээ хамрагдаж чадаагүй байна. Эх орон ч сэтгэлгээгээр л хандаж, үйл ажиллагаагаа явуулж байна. 

-Бэлтгэл ажил бүрэн хангагдсан байх. Танайх нөөцийн махаа нийлүүлж эхэлсэн үү?

-Эхэлсэн. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Бид намар махаа бэлтгэж нөөцөлдөг. Олон жил үйл ажиллагаа явуулсан учраас мах нийлүүлдэг цэгүүдтэй байдаг. Хувиарлаж авсан дүүргүүдээ нөөцийн махаар бүрэн хангана. 

...Бид зөвхөн махны бөөний гол цэг болсон “Хүчит шонхор” захаар орж, махны үнийн талаар сурвалжлахад л жижиглэнгийн махны үнэ ийм байна. “Хүчит шонхор” захаас махаа нийлүүлдэг зах болон томоохон дэлгүүрүүдэд хэд байгаа нь ойлгомжтой биз.

Зуны эхэн сар эхлэх дөхөж байхад мал аж ахуйн үйлдвэрлэлийн орон гэгддэг улсын иргэд тэнгэрт хадсан үнээр махаа худалдан авч, жижиглэнгийн махны үнэндээ дарлуулах нь.Энэ янзаар удвал жижиглэнгийн махны үнийг бууруулж чадахгүй байсаар нийслэлийн иргэд зуны дунд сар хүргэх вий.

Зураг