Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Одхүү: Уг нь Оросын тал бидэнд саад тавимааргүй л байгаа юм даа

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 18
iKon.MN
 

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүүтэй ярилцлаа. 

-Энэ сарын 20-диор Эгийн голын УЦС-ын асуудлаар ОХУ-ын талтай уулзалт хийх гэж байгаа юм байна. Уг УЦС-ын талаар ОХУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл гарсаар байгаа. Энэ удаагийн уулзалт Оросын талын сөрөг хандлагад хариулт, тайлбар болж чадах болов уу? 

-Энэ төслийн талаарх мэдээлэл, ойлголт маш буруу байдаг. Санаатай санаандгүй алин болох нь мэдэхгүй Оросын тал үүн дээр маш буруу ойлголттой байдаг. Энэ уулзалтыг мэдээлэл өгөх зорилготойгоор Монголын тал санаачлан зохион байгуулж байгаа.  

Оросын тал Эгийн голын УЦС-ын төсөл дээр мэдээлэл багатай, буруу ойлголттой нь харагдаад байгаа. Бид үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд УЦС-уудын талаар тэр дундаа Эгийн голын УЦС-ын талаар мэдээлэл өгөх зорилготой байгаа. 

Мэдээлэлд ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, түүн дотроо Сэлэнгэ мөрөнд нөлөөлөх усны нөлөөлөл, түүх соёлын дурсгалын хамгаалал, загас үржүүлэх болон хамгааллын асуудал багтаж байгаа. 

Эгийн голын УЦС-ыг барихад бид Оросын талаас асуух хуулийн заалт огт байхгүй

Бид Монгол Улсын хуулийн дагуу бүх зүйлээ хийсэн. “Энко” гэдэг компаниар байгаль орчны үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээнд Оросын тал сэтгэл дундуур, гомдоллоод байгаа учраас Европын нэр хүнд бүхий “Трактебел” гэдэг компаниар усны нөлөөллийн тооцооллыг хийлгээд, газар хөдлөлийн судалгааг мөн л Европын “Геотерм” гэж компаниар хийлгэсэн. 

-Энэ төслийг хэрэгжүүлэхэд 300 гаруй сая ам.доллар шаардлагатай гэж байсан ч зардал нь хэд дахин өссөөр байгаа. Энэ юутай холбоотой вэ?

-Байнга яригдаад байдаг 327.8 сая ам.доллар бол 25 жилийн өмнөх үнэлгээ. Тухайн үед ямар ч дэд бүтэцгүйгээр тооцоолол хийсэн байсан. УЦС-ын хүчин чадлыг ердөө 225 МВт-аар тооцоолж байсан. Тэр хэмжээгээрээ усны болоод далангийн хэмжээ ч бага байсан. 

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, Эгийн голын УЦС-ыг барихад бид Оросын талаас асуух хуулийн заалт огт байхгүй. Яагаад гэвэл тэр хилийн ус биш. Монгол Улс ОХУ-ын хооронд байгуулсан Хилийн усны хэлэлцээр гэж байдаг. Түүнд хил дамнан урсдаг ус гээд тов тодорхой заачихсан байгаа. Хил дагуу урсдаг голд Сэлэнгэ мөрөн ордог болохоос биш Эгийн гол ордоггүй. 

Бид Сэлэнгэ мөрөн дээр барих гэж байгаа Шүрэнгийн УЦС-ын талаар л ОХУ-тай ярилцана. Ярилцах ч үүрэгтэй. Гэтэл ОХУ-ын зарим цахим хуудаст нийтлэгдсэн мэдээллийн манайхан орчуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхдээ үүнийг ялгалгүй холион бантанг нь хутгаад байна. 

-Эгийн гол дээр УЦС байгуулснаар Сэлэнгэ мөрөнд сөргөөр нөлөөлнө. Энэ нөлөөлөл нь цаашлаад Байгаль нуурт нөлөөлнө гэсэн байдлаар Оросын тал асуудалд хандаад байх шиг. 

-Тийм утгаар ярих юм бол Сэлбэ гол ч гэсэн Сэлэнгэ мөрөнд нөлөөлнө. Лагерьт урсаж байдаг жижиг горхи Дунд голд, Дунд гол нь Сэлбэд, Сэлбэ нь Туул голд, Туул нь Орхон голд, Орхон нь Сэлэнгэ мөрөнд нөлөөлөөд, Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт нөлөөлнө. Дэлхий дээр нөлөөлөлгүй юм гэж байхгүй. 

Эгийн голын УЦС ашиглалтад орвол хоёр жилийн хугацаанд Байгаль нуурт 0.023 хувийн л нөлөөлөл үзүүлнэ гэсэн тооцоо судалгаа гарсан. Нөлөөлөхгүй гэж хэлэхгүй. Нөлөөлөл нь маш өчүүхэн юм. 

Байгаль нуурт цутгаж байгаа Сэлэнгэ мөрний 40 хувь нь Монгол нутгаас эх авдаг, 60 хувь нь Оросын нутгаар урсдаг. Ингээд бодохоор Байгаль нуурт Сэлэнгэ мөрөн ямар хувьтай нөлөөлөх үү гэдэг нь ойлгомжтой.   

-Эгийн голын УЦС ашиглалтад орвол манай улсад ямар ашигтай юм бэ? 

-Сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн олон улс цөлжиж байна. Түүний дотор Монгол Улс эхний тавд явж байгаа. Сүүлийн 10 гаруйхан жилийн дотор манай улсын 800 гаруй булаг шанд ширгэлээ. Янз бүрийн учир шалтгаанаар ширгэж байгаа л даа. 

Энэ янзаараа байвал тун удахгүй Монгол Улсын цэвэр усны нөөцийн хямралд орно гэсэн судалгаа бий. Тиймээс цэвэр усны нөөцтэй байна гэдэг Монгол Улсын эрх ашгийн асуудал болчихоод байна. 

Дэлхийн томоохон хотууд бүгд цэвэр усны нөөцтэй. ОХУ-д гэхэд л Москваг тойрсон 100 гаруй усан сан байна. Харин Монгол л ганц ч усан сангүй улс болчихоод байгаа. Энэ бол эхний шалтгаан. 

Хоёрдугаарт, бид эрчим хүчний аюулгүй байдлаа хангах ёстой. Бид өнөөдөр хараат байдалд байна. Тэгэхээр бид усан сан үүсгэж байгаа бол турбин тавиад цахилгаан гаргах ёстой. УЦС нь цахилгаан үйлдвэрлэхээс гадна усан сангаа сэлгэж байдаг. 

Энэ гол хоёр жилийн дараагаас буцаад Байгаль нуур руу хэвийн урсана. Харин ч Байгаль нуурт ашигтай. Яагаад гэвэл гантай үед голын урсац багасчихдаг. Гэтэл хоёр жилийн нөөцтэй усан сан гантай жил ч усыг нь жигд урсгаж өгнө. Тиймээс Байгаль нуурын усыг дээр нь байгаа усан сангууд, УЦС-ууд хамгаалдаг. Энэ бол дэлхийн сонгодог жишээ шүү дээ.

Үерийн ус урсаад алга болдог бол УЦС-ын усан сангууд тэр их усыг хадгалж аваад тунгааж, цэвэршүүлээд, усны нөөц бий болгодог.

Уг нь ийм нөхцөл байдлыг хараад, сайн хөршийн хувиар ч тэр Оросын тал бидэнд саад хийхгүй баймаар юм даа. 

Гэтэл үүнийг мэдэхийн дээдээр мэдэх мөртлөө Байгаль нуурыг сөнөөх гэж байна гэж бичиж байна. Харин одоо Улаан-Үдийг живүүлэх гэж байна гэцгээж байна. Эгийн голын УЦС чинь Улаан-Үдээс 500 гаруй км шүү дээ. Хуурай газраар 500 гаруй км урсдаг цунами гэж байхгүй. Хэрвээ тэгдэг юм бол Монгол эхлээд живсний дараа л Улаан-Үд живэх байх. 

Дээр нь УЦС-ын далан эвдрэхээр газар хөдлөлт болох юм бол ганц Эгийн голын УЦС байтугай Оросын бүх далангууд зад явна. Тийм нөхцөлийг харж байгаа нь дэлхий сөнөнө гэдэгтэй л адилхан юм даа. 

Ийм нөхцөл байдлын 

-Эгийн голын УЦС-ын төсөл 24-25 жил яригдлаа. Яагаад ажил хэрэг болохгүй байна вэ. Энэ төслийг хариуцаж байгаа хүний хувиар?

-Би юу хэлхэв. Одоо хэн эсэргүүцэж байгаа билээ. Тэр хүмүүс л эсэргүүцдэг. 

-Тэгвэл мөнгө санхүүтэй холбоотой асуудал байнга яригддаг. Чингис бондоос санхүүжилт авсан, БНХАУ-аас авсан зээлийг энэ төсөлд зарцуулах болсон гээд. 

-Манай дээр 37 сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ гэсэн зөвшөөрөл гарсан юм. Гэхдээ бид энэ жилийнхээ санхүүжилтийг одоо болтол аваагүй, өнгөрсөн жилийнхээ үлдэгдлээр санхүүжээд явж байна. 

1991-1995 онд эхний ТЭЗҮ-ийн тооцоолол гарсан юм. Үүний 3.8 сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээл, 1.4 сая нь буцалтгүй тусламж гээд нийт 5.2 сая ам.доллараар хийж байсан. Энэ бол 20 жилийн өмнөх. Үүнд зөвхөн ТЭЗҮ, байгаль орны үнэлгээ хоёр багтаж байсан. 

Эгийн голын УЦС ашиглалтад орвол хоёр жилийн хугацаанд Байгаль нуурт 0.023 хувийн л нөлөөлөл үзүүлнэ

Яг тэр ТЭЗҮ-ийг манай энэ төслийнхөн цалин хөлсөө аваад, бүх юмаа хийгээд дээр нь загасны хоёр жилийн судалгаа, археологийн олдворыг авран хамгаалал хийгээд, бүх зураг судалгааг хийгээд 5.4 сая ам.долларт багтаасан. Өнөөдрийн ханшаар шүү дээ. Хэн нь хэмнэлттэй яаж ажилсан нь харагдаж байна уу. 

20 жилийн өмнөх 5.2 сая ам.доллар зүгээр л гадагшаа гараад явчихсан. Харин энэ удаагийн 40 хувь нь гадагшаа гарлаа гэхэд бусад нь дотооддоо үлдэж байна. Дээр нь өмнө нь хийгдэж байгаагүй загасны судалгаа, археологийн авран хамгаалал хийгдсэн. Энэ авран хамгааллаар Ноён уулынхтай тэнцэхээр 300-400 олдвор олдсон. Энэ бол юутай ч харьцуулшгүй зүйл. 

-Зарим хэвлэлд Шүрэнгийн болоод Эгийн голын УЦС-ын төслүүдийн санхүүжилтэд Дэлхийн банк оролцож байгаа гэж бичсэн байсан. 

-Дэлхийн банк Эгийн голын УЦС-ын төсөлтэй ямар ч холбоогүй. Санаатай санаандгүйгээр ингэж бичээд байгааг ойлгохгүй байна. 
Шүрэнгийн УЦС-ыг эхлүүлэх нь битгий хэл ТЭЗҮ-ийг нь ч хийгээгүй байгаа. Дэлхийн банкнаас санхүүжүүлэх юм гэсэн. Гэтэл үүнийг Эгийн голын УЦС-тай хольж хутгаад байна. Энэ хоёр УЦС чинь хоорондоо 200 гаруй км зайтай. 

Энэ хоёр төсөл бол эрх зүй, санхүүжилт нь өөр, Оросуудтай ярих асуудал нь ч хоёр өөр төслүүд. 

-Эгийн голын УЦС-ын төслийн ажил одоо ямар шатандаа явж байна вэ? 

-Манай тал БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл авах шийдвэрээ гаргаад бэлэн болчихсон байгаа. Оросууд Хятадын талд бага зэрэг буруу ойлголт өгөөд байгаа. Тиймээс Оросын талд зөв ойлголт өгөх үүднээс хэдхэн хоногийн дараа уулзалт хийх гэж байна. 
Бид үүнийг аль аль талд нь зөв тайлбар хийгээд явчихна гэж бодож байгаа. 

Яг одоогоод манай талаас хийх ажил 97-98 хувьтай байгаа. Бид барих шилжүүлэх гэрээгээ монгол, англиар хэл дээр бэлдчихсэн байж байна. Одоо Хятадын тал зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэрсийн жагсаалтаа өгөөд сонгон шалгаруулалтыг нь Монголын тал хийж мөнгөө аваад эхлэх юм бол 100 хувь эхэлчихлээ гэсэн үг. 

Дэд бүтцийн ажлыг Хятадын компанитай концессын гэрээгээр хийчихсэн. Эхний өрмөө тавиад цутгалтаа хийчихсэн байгаа.