Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

П.Баттөр: “Монгол коммент” хөтөлбөр рейтинг өндөртэй нь иргэд бухимдалтай байгааг л харуулж байна

Х.Монголхатан
2016 оны 5 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

“Медиа холдинг” ХХК, “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга П.Баттөртэй ярилцлаа.

-Таны төлөө уриатай “ТВ-9” телевизийн үзэгчдийн дундах нэр хүнд байнга өндөр байдаг. Энэ нь юутай холбоотой гэж та дүгнэх бол?

-Мэдээж манай өөрийн контент, нийтлэлийн бодлого, чадварлаг хамт олонтой маань шууд холбоотой. “ТВ-9” телевиз байгуулагдаад 15 жил болж байна. Телевиз маань анх Монголын уламжлалт шүтлэг болох буддын шашныг түгээн дэлгэрүүлэх, монголчуудын хамгийн их сонирхдог, өв уламжилж ирсэн морь, бөх, сур гээд эрийн гурван наадмыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх чиглэл ажилладаг. 

Тэр ч утгаараа Монгол бөхийн өргөөнд болж буй бөхийн барилдаануудыг том, жижиг гэж ялгалгүй шууд дамжуулдаг ганц телевиз гэж хэлж болно. Хурдан морьдын уралдааны хувьд ч газар дээрээс нь шууд дамжуулан хүргэхийг зорьдог.

Жил бүр улсын баяр наадмаас эхлээд аймаг, сум, бүсийн хурдан морины уралдаануудыг шууд дамжуулж Монгол орныхоо өнцөг булан бүрт суугаа үзэгчдэдээ хүргэхээр цаг наргүй ажилладаг хамт олон.

-Телевизийн нэвтрүүлгүүдийг үзэгчдийн хандалтаар нь үнэлдэг. Энэ шүүлтүүр хэр бодитой байдаг юм бэ?

-Телевизийн өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөл бүхий 16 телевиз байдаг. Энэ нь тухайн айл ямар нэг нэмэлт төхөөрөмжгүйгээр манай телевизийг шууд хүлээн авах боломжтой гэсэн үг.

Телевизийн үзэгчид ямар контентыг илүү үзэж, сонирхож байгааг урд нь таамаглах л төдий байсан бол хэдэн жилийн өмнөөс олон улсын судалгааны компаний салбар ажиллаж, дэлхийн улс орнуудад хэрэглэж буй төхөөрөмжийг ашиглан өдөр бүр судалгаа хийдэг болсон. Энэ судалгаанаас харахад “ТВ-9” телевизийн нэр хүнд болон үзэгчдийн хувь тогтмол эхний гуравт нэрлэгдэж явна.

Тэр дундаа нийгэм эдийн засгийн хөтөлбөр ангилалд багтдаг “Монгол коммент” нэвтрүүлэг маань хамгийн их үзэгчтэй.

Сүүлийн 4-5 жилийн хугацаанд энэ нэвтрүүлэгтэй дүйхүйц хэмжээний нийгэм эдийн засгийн нэвтрүүлэг гарч ирээгүй байна. Дээр нь яг өөрсдийн гэсэн дотоодын контентоор рейтингээ ийм удаан барьж байгаа телевиз цөөхөн л дөө.

-Цахим ертөнцийн мэдээлэл гэлтгүй хөдөө орон нутгаас захидал их ирж харагддаг. Ер нь “Монгол коммент” нэвтрүүлэг юугаараа онцлог вэ?

-Хүн болгонд үзэл бодлоо илэрхийлэх хүсэл байдаг. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрх шүү дээ. Түүнийгээ илэрхийлэх боломжууд ч сүүлийн үед нээлттэй, шуурхай болсон.

Тэр бүхнийг эмхэтгэж, нийгэмд ямар асуудал байгаа, юу хүсч байгаагийн дуу хоолой болж байгаа нь л манай нэвтрүүлгийн онцлог юм.

“Монгол коммент” хөтөлбөр маань ардчиллын үнэт зүйлийг хамгаалж байгаа нэг хэлбэр шүү дээ.

Манай “Монгол коммент” хөтөлбөрийг сөрөг энергитэй, хов жив хөөцөлдсөн гэж элдвээр хэлдэг л дээ. Гэхдээ нэг юмыг ойлгох хэрэгтэй. “Монгол коммент” хөтөлбөр өндөр рейтингтэй байна гэдэг нь иргэд бухимдалтай байгааг л харуулж байгаа юм.

Түүнийх нь дуу хоолой болж чадаж байгаа учраас талархаж хүлээж авдаг гэж боддог. Үнэндээ бол “Монгол коммент” хөтөлбөр маань ардчиллын үнэт зүйлийг хамгаалж байгаа нэг хэлбэр шүү дээ.

-Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан, тэр дундаа телевизүүд хэт олон байна гэсэн шүүмжлэл бий. Олон байх нь чанарт нөлөөлөх үү?

-Хэвлэл мэдээллийн медиа зах зээл Монголд өвөрмөцөөр хөгжиж байгаа. Бусад улс орны хөгжлөөс өөр дүр төрх харагддаг. Тухайлбал, зарим телевиз бизнесийн агуулгаараа хөгжих гэж үзэж байна. Зарим нь улс төрийн зорилготой ажиллаж, ашиглагдаж байна.

Манай салбарт өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагтайгаа нийлээд 200 орчим телевиз үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол манай зах зээлд ахадсан тоо. Гадны судалгааны байгууллага манай салбарын зах зээлийг судлаад жилдээ 20 орчим сая ам.долларын эргэлттэйг тогтоосон байдаг. Зарим нь 12 сая доллар ч гэдэг. Ийм зах зээл дээр ийм олон телевиз ажиллаж байгаа нь зах зээл талаасаа хэвийн үзэгдэл биш.

Хэвлэл мэдээллийн байгууллага үнэндээ улс төрийн чиг баримжаагүй байсан түүх байхгүй л дээ. Гэхдээ телевиз, медиа зах зээлийг ийм үр ашиггүй болтол нь тоглоно гэдэг арай л хэтэрхий байгаа юм даа. Энэ бол эрүүл бус үйл явц. Гэхдээ энэ бүхэн удахгүй цэгцэрч, цаг хугацааны явц, зах зээлийн жамаар шийдэгдэх байх.

-Телевизүүдийн хөтөлбөр олон янзаар төрөлжсөн байдаг. “ТВ-9” телевиз аль чиглэлийг түлхүү барьдаг вэ?

-“ТВ-9” телевиз нийгэм эдийн засгийн хөтөлбөрөөр дагнасан телевиз. Гэхдээ бид төрөлжсөн гээд бусад салбар чиглэлийг орхигдуулдаггүй. Сайн кино, хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлэг гээд олон чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. 

Тухайлбал, энэ жил бид Америкийн NBCU телевизийн “Хэн нь үлдэх вэ” гэж орчуулж байгаа, олон улсын нэршил нь “Who’s Still Standing?” шоу нэвтрүүлгийн форматыг албан ёсны эрхтэйгээр авахаар гэрээ  байгуулчихсан ажилдаа ороод байна. 

Энэ шоу нь 2015 оны Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлгээр шалгарсан өөрөөр хэлбэл “Авьяаслаг монголчууд” шоуг давах түвшний шилдэг нэвтрүүлэг гэж ойлгож болно. Ирэх намраас үзэгчдэдээ олон улсын түвшний энэ шоу нэвтрүүлгийг хүргэж эхэлнэ.

-Телевизийнхээ нийтлэлийн бодлогын талаар танилцуулаач?

-Ер нь хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэлийн бодлого тодорхой, эзэн нь ил тод, тодорхой үзэл санаа, байр сууриа тууштай барьдаг байж л бизнесийн хувьд амжилттай байдаг.

Бид зарладаггүй л болохоос ямар ч улстөрч, компани, хувь хүнтэй хаалтын гэрээ хийдэггүй шүү дээ. Зарим телевиз бол хаалтын гэрээ хийхгүй гэж зарладаг. Намайг энэ телевизийг удирдаж байгаа сүүлийн 4-5 жилийн хугацаанд нэг ч хаалтын гэрээ хийгээгүй.

Бодит байдал, үнэн худлыг мэдээлэх үүргээ гүйцэтгэж байгаа. 

Телевиз бол мэдээллийн үнэн бодит, шуурхай байдлыг хангаж ажиллах ёстой. 

Телевиз бол мэдээллийн үнэн бодит, шуурхай байдлыг хангаж ажиллах ёстой. Нөгөө талаар бизнесийн байгууллага.

Тэгэхээр энэ хоёрын балансыг хангаж ажиллана гэдэг чухал. Манайд олон жилийн харилцаатай хамтран ажилладаг компаниуд бий. Тэдэнтэй холбоотой сөрөг мэдээлэл гарахад бид дардаггүй, харин энэ асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлнэ үү гэдэг. Аль болох олон талын эх сурвалж ашиглаж, мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаж ажиллахыг зорьдог доо.

Нийтлэл, нэвтрүүлгийн үндсэн бодлого бол иргэдийн дуу хоолой нь байя, болохгүй байгаа зүйлсийг зоригтой шүүмжилдэг байя гэдэг нэг чиглэл, уламжлалд суурилсан үндэсний үзэл санаа, идеологи түгээн дэлгэрүүлэх гэсэн бас нэг чиглэл бий. “Монгол коммент” бол эхний чиглэлийн тод жишээ. Харин бид бурхны шашныг сурталчлах замаар удаах чиглэлээ хэрэгжүүлэхийг хичээдэг.

-Солонгос кино монголчуудын тархийг угааж байна. Телевизүүд солонгос киноноос татгалзах хэрэгтэй гээд байгаа. Танайх энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна?

-Тийм ээ, бид үүнийг зөвшөөрч Солонгосын олон ангит киноноос татгалзаж үзсэн. 2015 оны туршид Тайвань, Хятад, Оросын кинонуудыг гаргаж байсан. Гэтэл үзэгчдийн хувь асар хурдтай унадаг.

Ер нь л манай медиа салбар гадны контентонд дарлуулж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Энэ бол бидний л байж байгаа царай. Бусад салбартай л адил энэ тал дээр төрийн оновчтой зохицуулалт байх ёстой гэж боддог. Гэхдээ манай одоогийн зохицуулалтууд бас арай л биш яваад байна.

Ер нь тэгээд алаан хядаан, хар тамхи, өөр болох бүтэхгүй зүйлтэй юмаар тархиа угаалгаж байснаас солонгос киногоор угаалгаж байсан нь арай дээр юм уу л гэж боддог болж дээ.

-Соёлын тухай хуульд телевизүүд монгол кино, нэвтрүүлгийг 60-70 хувьтай гаргана гэж заасан байгаа. Ийм боломж бий юу?

-Эргээд л өнөөгийн байдал, асуудлын гарцыг зөв харахтай л холбоотой асуудал л даа. Социализмын үед хийсэн Монгол кино хэд байдаг нарийн тоог мэдэхгүй юм. Багцаагаар бодоход 500-аас илүү гарахгүй байх. Энэ нь мянган цагийн эфир шүү дээ.

50 телевиз орой бүр Монгол кино гаргалаа гэж бодоход 1-2 сарын нөөц. Тэгээд ч социализмын үеийн кинонууд үзэл суртлын хувьд хоцрогдсон, одоогийн залуус үзэх үү гэдгийг бодох ёстой. Нөгөө талаас техник технологийн шинэчлэлтэй холбоотойгоор телевизүүд HD хувилбарт шилжсэн учраас дуу дүрсний хувьд гологдоно.

Яг үнэхээр зах зээлийн харилцаа нь эрүүл, шударга өрсөлддөг орчин нь байвал телевизүүд контент үйлдвэрлэлээ дэмжээд 100 хувь монгол контент гаргасан ч болохгүй юм байхгүй л дээ. Харин одоогийн нөхцөлд энэ арай хэрэгжих боломжгүй зохицуулалт байгаа юм.
Монгол кино, контентийг дэмжих орчин бүрдүүлэх ёстой.

Телевиз продакшнуудад Монгол контент хийх эх үүсвэр тал дээр төрөөс анхаарах хэрэгтэй. Заавал мөнгө өгнө гэсэн үг биш. Татварын хөнгөлөлт гээд олон арга байна. Одоо телевизүүд НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон НДШ гээд бүх татвар хураамж төлж байна. Энэ нөхцөлд бид одоо байгаагаасаа илүү гарч шинэ контент хийж чадахгүй.

Ялангуяа Монголын үндэсний агуулга бүхий кино гэдэг түүх соёлоо харуулна гэсэн үг. Үүний тулд орчин нөхцөл, хувцас хэрэгслийг бүрдүүлнэ гэдэг асар их зардал. Тэгэхээр ядаж бүх телевизүүдийг, чадахгүй бол өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөлтэй 16 телевизийг НӨАТ-ын татвараас чөлөөлчихвөл тэр мөнгөөрөө шинэ контент үйлдвэрлэж, шинэ кино хийж чадна. Ингэж мөнгөний боломж гаргавал телевизүүд бүгд хөдөлмөрлөж, хийж бүтээж, нөөц үүсгэж байж хуулийн зохицуулалтыг хангаж чадна. 

-Нэвтрүүлгийн чанар, сэтгүүлчдийн чадвар, боловсролд хэрхэн анхаардаг вэ?

-Сэтгүүлчдийн мэдлэг боловсрол гэдэг нэвтрүүлгийн чанартай холбоотой асуудал. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид гэдэг үзэгчдээсээ илүү мэдээлэлтэй, аливаа асуудалд задлан шинжилгээ хийх сэтгэлтэй, илүү хурдтай ажиллаж байж чанартай амттай нэвтрүүлэг хүргэнэ.

Үзэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй бол энэ салбар урагшлахгүй. Тиймээс сэтгүүлч хүн гэдэг асуудлыг олон талаас нь, өөр өнцгөөс харах чадвартай, сэтгэлтэй байх ёстой юм. Ерөөсөө хүний ажилдаа хандах хандлага сэтгэлээр илэрхийлэгддэг. Харин телевизийн бизнес нь тэр авьяас, сэтгэл зүтгэл дээр л хөгждөг юм.

 

Зураг